Ц.Дашдорж: Эхний ээлжинд Ухаа худаг-Таван толгой, Сайншандын чиглэлийн төмөр замыг барина
Энэ талаар ЗТБХБ-ын-сайд Ц.Дашдоржоос тодрууллаа.
-Концессын гэрээгээр төмөр зам барих ажлыг энэ долоо хоногоос эхлэхээр шийдэж байгаа юм байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Маршрутаар нь харвал Гашуун сухайтын хилийн боомтоос Ухаа худаг, Сайншанд, Хөөт нөмрөг, Чойбалсангийн чиглэлийн төмөр замыг хөдөлгөх ёстой. Харин бид энэ удаа хоёр концессын гэрээг үзэглэнэ. Эхний ээлжинд Ухаа худаг-Таван толгой, Сайншандын чиглэлийн төмөр замыг барьж, уул уурхайн бүтээгдэхүүнийг Сайншандын аж үйлдвэрийн паркт боловсруулалт хийх бололцоог олгох юм.
-Нийт хэчнээн км төмөр замыг концессын гэрээгээр барих вэ?
-Дээрх хоёр чиглэлийн нийт 774 км төмөр замыг барихад 2.4 тэрбум ам.доллар шаардлагатай. Төмөр замаар тээвэрлэж гурав дахь зах зээлд буюу Европын холбоо, Япон, Солонгосын хүнд үйлдвэрлэл хөгжсөн газар руу яаж хүргэх вэ гэдэг асуудал байгаа. Ингэхийн тулд хоёр хөршийнхөө дотоод сүлжээг яаж ашиглах, тэдэнтэй үг хэлээ хэрхэн уялдуулах вэ гэдэг цогц асуудлын хүрээнд авч үзэж байгаа.