Ц.Дашдорж: Шинэ төмөр замыг 2,5 жилд багтаан барихаар гэрээ байгуулсан
2012.05.15

Ц.Дашдорж: Шинэ төмөр замыг 2,5 жилд багтаан барихаар гэрээ байгуулсан

Даланзадгад-Сайншанд-Чойбалсангийн чиглэлд тавигдах өргөн царгийн төмөр замын үндсэн суурь ажлын талаар ЗТБХБ-ын сайд Ц.Дашдоржтой ярилцлаа.
-Монгол Улсад өргөн царгийн төмөр зам тавих тухай яриа гарсаар багагүй хугацаа өнгөрлөө. Энэ талаар Засгийн газрын хуралдаан дээр ярьсан байх. Ямар шийдэлд хүрэв?

-Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шинэ бүтээн байгуулалтын хүрээнд шийдвэрлэж байна. Улс эх орны эдийн засгийн өсөлт, гадна дотнын хөрөнгө оруулалт, уул уурхайн орлогуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд гарцаа байхгүй төмөр замын асуудлыг шийдэх учиртай. 2010 онд Засгийн газрын баталсан төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын дагуу л боловсруулж гаргалаа.

Эхний ээлжид Таван толгойгоос Гашуун сухайтын чиглэлийн төмөр замыг барих концессийн хууль орж байна.

Хэрвээ Засгийн газрын хуралдааны тэмдэглэл батлагдвал концессийн гэрээ байгуулах ёстой. Мөн Сайншандаас Таван толгойн чиглэлд хоёр концессийн гэрээ байгуулахаар орж ирж байна. Энэ концессийн гэрээний үндсэн нөхцөлүүд нь ерөнхийдөө адилхан, концессийн хугацаа дуусахад манай улс 51 хувийг үнэ төлбөргүйгээр авах учиртай. Үүнээс гадна Монголын хөрөнгө оруулагчид болон үндэсний компаниудыг оролцох асуудлыг нээлттэйгээр олгож байна. Энэ утгаараа бусад оролцогчдын тэгш эрхийн асуудлыг шийдвэрлэх юм. Ер нь улс эх орны эдийн засгийг улам илүү өндөр өсгөх, хөгжлийн бодлогыг түргэтгэх чиглэлд гол анхаарлаа хандууллаа. Гадна дотнын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэхдээ Монголын төр ард түмнийхээ эрх ашгийг нэгдүгээрт тавих үүрэгтэй.

-Мэдээж өргөн царгийн төмөр замыг дагаж том том бүтээн байгуулалт бий болох байх. Энэ талаар?

-Энэ том бүтээн байгуулалтын ажлыг хийснээр бидний тооцоолж буйгаар манай улсын ДНБ-ны 24 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт нэмэгдэх бодит бололцоо хангагдаж байна. Таван толгойгоос Сайншандын чиглэлд төмөр зам баригдахад мөн адил Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулах ажил хөндөгдөж байгаа юм. Үүнээс улбаалаад, кокс химийн үйлдвэр, зэс хайлуулах, төмөрлөгийн үйлдвэр, нүүрснээс хий гаргах үйлдвэр гэхчилэн томоохон төслүүд амь орж эхэлж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, УИХ-аас гарч байсан бүх л шийдвэрлэвэл зохистой асуудлын гол зангилаа тайлагдаж байна гэсэн үг.

-Концессийн гэрээний хугацааг хэдэн жилээр зааж оруулсан бэ?

-Концессийн гэрээ нь19-23 жилийн хугацаатай байгаа. Уг нь 2008 онд байгуулсан концессийн гэрээгээр 30 жилийн хугацаа гэж өгөгдсөн юм билээ. Харин бид талуудтай ярилцаж, эдийн засгийн нөхцөл байдал, бидний өгч байгаа давуу нөхцөлүүдийг харгалзан үзээд 19 жил хүртэл бууруулах бололцоог нь олгож байна. Мөн ТЭЗҮ нь боловсруулчихсан учраас энэ сард багтаан нээлтээ хийнэ.

-ГашуунсухайтаасХятадын төмөр зам хүртэл нарийн төмөр зам тавих уу?

-Тийм зүйл байхгүй. Ерөөсөө Монгол Улсын төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд өргөн төмөр замын асуудлыг тавьж өгсөн. Тиймээс өргөн төмөр зам тавина.

-Та  дээрх бүтээнбайгуулалтадүндэснийкомпаниудыгоролцохасуудлыгнээлттэйгээролгож байна гэж хэлсэн. Түүнд ямар ямар компаниуд байна вэ?

-Одоогийн байдлаар "Энержи-Ресурс" компанитай гэрээ хийж байгаа. Энэ компани нь Монгол Улсын Засгийн газрын 93-р тогтоолоор 19 жилийн дараа 10 хувьтай үлдэх компани юм. Ерөнхийдөө үлдсэн зайд нь үндэсний компани оролцох бүрэн бололцоог нь нээж өгч байгаа. Түрүүчээс нь саналаа өгөөд түүнийг нь судлаад явж байна.

-Тавантолгой Сайншандын хооронд "Монголын төмөр зам" компанитай хийх концессийн гэрээ төгсгөл болсон гэж үнэн үү?

-Тийм. Ерөнхийдөө Монгол Улсад мөрдөгдөж байгаа төмөр замын тээврийн тухай хуулиар суурь эзэмшигч болон тээвэрлэгч нь тусдаа байна гэж заасан. Тэр утгаар нь "Монголын төмөр зам" компанийн суурь эзэмших хэсгийг болиулж "Үндэсний төмөр замын суурь бүтэц" компани уруу "Монголын төмөр зам бол тээвэрлэгч компани байна" гэж заагаад оруулсан. Мөн Таван толгойгоос Сайншандын чиглэлд хоёр концессийн асуудал шийдэгдэж байна. Түүнд оролцох компаниуд саналаа өгч байгаа. Харин түүний дотроос туршлага хөрөнгө оруулалтын байдал, тавьж байгаа саналуудыг хүлээн авсны үндсэн дээр "Дорнын төмөр зам" компанитай гэрээ байгуулахаар болсон.

-Урьдчилсан байдлаар төмөр зам хэзээ ашиглалтад орох вэ?

-Шинээр тавих төмөр замыг урьдчилсан байдлаар хоёроос 2,5 жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар концессийн гэрээ байгуулаад явж байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.