Ачааны автомашинууд нийтийн эзэмшлийн зам талбайг сүйтгэж байна
2012.04.15

Ачааны автомашинууд нийтийн эзэмшлийн зам талбайг сүйтгэж байна

Сүүлийн жилүүдэд автомашины тоо хэрээс хэтэрч нийслэлийн зам ачааллаа даахгүй "амь тариа" нэхэх болсон нь хэний ч нүдэнд илт харагдана. Харамсалтай нь хагарсан зам, бутарсан хашлагаа засч сэлгээд авах нь нүдний гэм болжээ. Нийслэлийн зам засварт жилийн жилд мөнгө төсөвлөж засварласан хэмээх пайзыг зүүдэг.

Гэтэл өнөөх том оврын гэх тодотголтой машинууд зам, талбайг сүйтгэж албаныхны үйлийг үзэж үстэй толгойг нь "өрвөлзүүлдэг", Таны, чиний, миний тоос татуулан давхих дуртай замыг татвар төлөгчдийн мөнгөөр тавьдаг гэдгийг тэр болгон ухаардаггүй бололтой. Тэгэхээр хөлс хүчээ шингээн байж засварласан замыг бүрэн бүтэн, аюулгүй байлгах, хамгаалах асуудал чухлаар тавигдах ёстой.

Нэг үгээр хэлбэл, тээврийн хэрэгслийг үйлдвэрээс нь технологийн замд зориулан бүтээж, нийтийн эзэмшлийн замаар явуулдаг. Гэтэл манайд нийтийн эзэмшлийн зам талбайгаар тодорхой шаардлага хангасан хүнд даацын овор ихтэй ачааны автомашин явахгүй байна. Гадны улс орнуудад ямар хэмжээтэй автомашин ямар замаар яаж явах вэ гэдгийг нь нарийвчлан заасан байдаг.

Жишээлбэл, Венийн конвенцид нийтийн эзэмшлийн талбай дээгүүр явах тээврийн хэрэгслийн тэнхлэгг ноогдох даацын хэмжээг зааж өгчээ. Тухайлбал, зургаан тэнхлэгт ногдох хэмжээг 40 тн байхаар тогтоосон байдаг.

Манай улс энэ конвенцид нэгдсэн орсон. Тэгэхээр олон улсын хууль тогтоомжийг нэн тэргүүнд тавьж ажиллах үүрэгтэй баймаар. Монгол Улсын хууль олон улсын хуультай зөрчилдвөл олон улсын хуулийг баримтална гэсэн зарчим ч бий гэдгийг сануулахад илүүдэхгүй биз. Нийтийн эзэмшлийн зам даацын хэмжээтэй байдаг. Үүнтэй нийцүүлээд MNS:4598 стандарт батлагдсан.

Энэ нь манай нөхцөлд зургаан тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд 44 тн, хоёр тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд 18 тн, гурван тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд 24 тн гээд тогтоогоод өгчихсөн гэсэн үг. Тэгэхлээр энэ стандартад тохирсон том оврын тээврийн хэрэгслүүдийг явуулна. Эдгээр харилцааг даацынх нь хувьд дээрх MNS:4598 стандартаар, хөдөлгөөнд цагийн хязгаартайгаар оролцуулах чиглэлээр нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 153 дугаар тогтоолоор зохицуулсан байдаг.

Түүгээр ч үл барам улирлын онцлогоос хамаарч Нийслэлийн Засаг даргын 191 тоот захирамжийн дагуу хавар гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20, намар аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20-ны хооронд буюу жилд хоёр cap хөлдөлт гэсэлтийн үеэр ачааны автомашины хөдөлгөөнийг хязгаарладаг журам бий. Энэ журмын дагуу том оврын ачааны машины хязгаарлалтыг энэ сарын 20-ныг хүртэл баримтлана. Захирамжийн хугацаа дууссан ч нийтийн эзэмшлийн төв, орон нутгийн замаар MNS:4598 стандартыг зөрчсөн автомашинуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй байх аж.

Тэгэхээр нийслэл хотод том оврын автомашинаар үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгж байгууллагууд тээврийн хэрэгслээ сонгож авахдаа дээрх стандарт шаардлагыг хангасан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах хэрэгтэй юм. Харин нэгэнт ашиглаж байгаа стандартын даацаас хэтэрсэн тээврийн хэрэгслийг нийтийн эзэмшлийн зам талбайгаар явуулахгүй байх, үйлдвэрлэлийн зам талбайд нь ашиглахыг анхааруулмаар байна.

Эх сурвалж: Нийгмийн толь А.Лхагва

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.