Авто тээврийн газрынханд салбарын сайд үүрэг өгөв
2012.04.04

Авто тээврийн газрынханд салбарын сайд үүрэг өгөв

ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж Авто тээврийн газрын үйл ажиллагаатай өчигдөр танилцлаа. Сайд тээврийн хэрэгслийн бүртгэл, оношлогоо, улсын дугаар олгох үйлчилгээний ажилтнуудтай уулзсан юм. Энэ газарт иргэдээс өргөдөл, гомдол их ирдэг бөгөөд шийдвэрлэх олон асуудал байгааг тэд хэлсэн. Үүний хариуд сайд "Хот хоорондын тээврийн зохион байгуулалт, аюулгүй байдлыг хангаагүйгээс зам, тээврийн осол гарч, зорчигч эрүүл мэндээрээ хохирч байгаад дүгнэлт хиймээр байна. Тус салбарын хууль, эрх зүйг амьдралд бодитой хэрэгжүүлэх цаг болжээ" хэмээн онцлов.

Мөн тэрбээр тус газрын удирдлага, ажилтнууд автомашины дугаар худалддаг тухай асуудлыг арилгах, давхардуулан олгосон зөрчлөө бүрэн цэгцлэх хэрэгтэй байгааг сануулсан.

Түүнчлэн газрын даргад дээрх ажлыг яаралтай шийдвэрлэн, 14 хоногийн дотор хийсэн ажлаа эргэн танилцуулахыг даалгалаа.

Авто тээврийн газрын дарга Л Дэлгэрнарангаас дээрх үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлэх талаар асуухад " Тээврийн хэрэгслийн бүртгэл хийдэг тусгай программ хийсэн. Одоогоор туршилтын шатанд байгаа. Үүнийг нэвтрүүлснээр дугаар олгох асуудал олон нийтэд нээлттэй болно. Түүнчлэн улсын хэмжээнд 370-аад машины дугаар давхардсаныг залруулж эхэлсэн" гэв.