Шилийн богд байгалийн дурсгалт газрын даргыг томилохдоо өөрийнх нь саналыг тусгаагүйд Засгийн газрыг буруутгаж байна
УИХ-ын гишүүн Ч.Улаан
2017.01.17

Шилийн богд байгалийн дурсгалт газрын даргыг томилохдоо өөрийнх нь саналыг тусгаагүйд Засгийн газрыг буруутгаж байна

Өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Уг хуулийн төслийн нь гурван зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд "Байгаль хамгаалах сан" гэснийг "Байгаль орчин, уур амьсгалын сан" гэж өөрчлөх, 2 дугаар зүйлд Байгаль хамгаалах сан нь олон улсын байгууллагаас санхүүгийн эх үүсвэр татах учраас бусад орлого гэж тодорхойлох, 3 дугаар зүйлд хууль хүчин төгөлдөр болох хугацааг зааж өгчээ. 

Уг төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрээр Сангийн сайд бол улсын төсвийг нэгдсэн бодлого, удирдлагаар хангаж ажиллах үүрэгтэй. Засгийн газрын тусгай зориулалтын сан бол улсын төсвийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэдгийг онцлоод Сангийн сайд эдгээр сангийн үйл ажиллагааг нэгтгэсэн тайланг байнгын хорооны хуралдаанаар оруулах нь зүйтэй байсан гэлээ.

УИХ-ын гишүүн Ч.Улаан Засгийн газрын яамд хоорондоо ажлын уялдаа холбоогүй байгааг шүүмжлээд зөвхөн Засгийн газар гэлтгүй УИХ-ын гишүүд ч байгаль хамгаалах асуудалд санаа зовниж, тодорхой саналуудыг дэвшүүлэн тавьдгийг хэлсэн юм. 

Ч.Улаан нь Сүхбаатар аймгаас сонгогдсон цорын ганц УИХ-ын гишүүн. Энэ агуулгаараа тус аймгийн Ганга нуур, түүний эргэн тойронд тулгамдсан асуудлаар өөрийн байр сууриа удаа дараа илэрхийлж байсан.

Гэсэн ч түүний байр суурь, саналыг Засгийн газар огт авч хэлэлцээгүй бөгөөд байгаль орчны асуудлаар тавьсан асуулгад хариу өгөөгүй, хурал зөвлөгөөн боллоо гэхэд оролцуулдаггүй болохыг өнөөдрийн байнгын хорооны хуралдааны үеэр шүүмжлэнгүй хэллээ.

Тэрээр Сүхбаатар аймгаас УИХ-д сонгогдсоны хувьд Ганга нуур, Шилийн богд байгалийн дурсгалт газрын даргыг томилох асуудлыг  аймгийн Засаг даргатай зөвшилцөж, орон нутгийн иргэдийнхээ санаа бодлыг тусгасны үндсэн дээр Засгийн газарт санал оруулсан боловч хариу өгөлгүй шийджээ.

Энэ асуудлыг УИХ-ын гишүүн, аймаг орон нутгийн удирдлагын үгийг сонссоны үндсэн дээр дундын хувилбар сонгох байсан гэж Ч.Улаан үзэж байна.