Хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах журмыг сайд батална
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах шаардлагатай гэж Засгийн газар үзлээ.
Учир нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа болон тус сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг Засгийн газрын гишүүнд олгосон байдаг. Гэсэн хэдий ч зээлийг ямар шалгуураар олгох, зээл хүсэгч ямар баримт бичиг бүрдүүлэх, төслийг сонгон шалгаруулахад ямар журам баримтлах зэрэг асуудлыг орхигдуулжээ.
Тиймээс "...хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах журмыг жижиг дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэсэн зүйлийг нэмэхээр хуулийн төсөл боловсруулсан байна.
Уг хуулийн төсөл батлагдвал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд уг журмыг батална гэсэн үг. Ингэснээр ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээл хүсэгчдэд тавигдах шаардлага, шалгаруулалтын ажиллагаа, бүрдүүлэх материал, зээлийн төсөл сонгон шалгаруулах ажиллагаа үйлдвэрлэл эрхлэгчдэд нээлттэй болно гэж хууль санаачлагч үзэж байна.