Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
ТБХ-ны хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүд тусгай сангууд шиг дунд шатандаа ажил унагаадаг явдал гарахаас болгоомжилж буйгаа илэрхийлээд тус сангийн үйл ажиллагааг нь иргэдэд ил тод байлгахад салбарын яам анхаарч буй эсэх, гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн хүүхдийн эмчилгээний зардлын 50 хувь, насанд хүрэгчдийн зардлын 20 хувийг буцаан олгоно гэж байгаа нь сайдын байр суурь, эсвэл ийм шийдвэр гарсан уу гэдгийг илүүтэй тодруулж байв.
Эрүүл мэндийг сайд С.Чинзориг хариултдаа, “Бусад тусгай сангууд шиг мэдээлэлд ойр албан тушаалтай хэсэгт үйлчилдэг сан болчих вий гэсэн гишүүдийн болгоомжлолтой санал нэг байна. Иймд иргэдийн оролцоо, хяналтыг хангаж ажиллахаар холбогдох журмын төслийг боловсруулна. Өнөөдөр гадаадад зайлшгүй шаардлагаар эмчилгээнд хамрагдаад ирсэн иргэдийн зардлын 5 хувийг буцаан олгож байгаа нь маш бага тул үүнийг үе шаттай нэмэгдүүлье гэж байгаа юм. Нэг хүүхдийн эмчилгээний зардлын 50 хувь, насанд хүрсэн хүний эмчилгээний зардлын 20 хувийг буцааж олгохоор Эрүүл мэндийн яамнаас холбогдох тооцоо судалгаа хийсэн. Миний байр суурь ч ийм байгаа. Энэ талаарх саналаа Засгийн газарт оруулна. Уг саналыг дэмжих эсэхийг Засгийн газар шийднэ, учир нь холбогдох журмыг Засгийн газрын тогтоолоор батлах юм” гэдгийг онцолсон.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд энэ үеэр гишүүдээс төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гаргасангүй. Иймд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжлээ.