2023.04.07

Б.Жаргалмаа: Хөдөө аж ахуйг дэмжих санг корпораци болгосноор ямар үр дүн гарах вэ. Бидэнд өөр хувилбар бий юу?

УИХ-ын чуулганы /2023.04.07/-ны өдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Засгийн газрын тусгай сан буюу Хөдөө аж ахуйг дэмжих санг корпораци болгосноор юу өөрчлөгдөх вэ?

Энэ мэдээллээс харвал “өнөөдрийн байдлаар 72 хүн ажиллаж байгаа, 43 хүнийг цомхотгох замаар тариалангийн үйлдвэрлэлийг өсөн нэмэгдэж буй хэрэгцээ болон алслагдсан бүсийн үр тарианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж нээгдэнэ” гэсэн байна. Ажилгүйчүүдийнхээ эгнээг нэмээд байх шиг байх юм.

Өнөөдрийн байдлаар тусгай сан хэчнээн хэмжээний хөрөнгөтэй вэ. Хөрөнгийн хэмжээг харвал 31,3 тэрбум төгрөг нь БНХАУ-ын Засгийн газрын зээл, 5,7 тэрбум төгрөг нь Монгол Улсыг хөгжүүлэх сангийн зээл, 0,2 тэрбум төгрөг нь Бүгд найрамдах Беларусь улсын зээлийн хөрөнгө гэх мэт. Хөдөө аж ахуйг дэмжих санд өөрийн үүсгэсэн хөрөнгө гэж байдаг уу. Монгол Улсын ерөнхийлөгч уриалга гарган хүнсний хувьсгал, хөдөө аж ахуй болон тариаланчдаа дэмжих үйл ажиллагаа явуулж байгаа.

Корпораци болсноор тариаланчдад үр дүнгээ өгсөн үйл явдал болох уу. Тариаланчдын саналыг сонсох нь ээ, тэд өөрсдөө энэхүү сангаа нээлттэй хувьцаат компани болгон үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, өөрсдийн оролцоотой болгох, хэн нэгнээс хараат бус байлгах сонирхолтой юм билээ. Тэд ажиллах боломжийг ихээр эрэлхийлдэг. Хөнгөлөлттэй зээл авах, бусад зээлд хамрагдахад бэрхшээлтэй байдаг хэмээдэг.

Тэгвэл Хөдөө аж ахуйг дэмжих санг корпораци болгосноор ямар үр дүн гарах вэ. Бидэнд өөр хувилбар бий юу?

Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хариулт өглөө.