ЖДҮ-ийн сангаас зээл олгох журам батлах эрхийг Сайдад олгоно
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдоржид Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа болон тус сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрх нь холбогдох Засгийн газрын гишүүнд байхаар зохицуулсан хэдий ч зээлийг ямар шалгуураар олгох, зээл хүсэгч ямар баримт бичиг бүрдүүлэх, төслийг сонгон шалгаруулахад ямар журам баримтлах зэрэг асуудлыг орхигдуулсан байдаг аж.
Өргөн мэдүүлж буй уг хуулийн төслөөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн үйл ажиллагааг зохицуулах журам батлах эрхийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд олгохоор тусгасан байна.
Хууль батлагдсанаар жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээл олгох журмыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталснаар зээл хүсэгчдэд тавигдах шаардлага, шалгаруулалтын ажиллагаа, бүрдүүлэх материал зэрэг асуудал тодорхой болно гэж төсөл санаачлагч үзжээ