Хүүхдийн төлөө сан байгуулах хуулийн төслийг өргөн барив
2021.03.19

Хүүхдийн төлөө сан байгуулах хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2021.03.19) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өргөн барилаа.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл: 

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс Хүүхдийн төлөө санг сэргээх асуудлаар хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт танилцуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайд нарт үүрэг болгон ажилласан бөгөөд “Сан байгуулахыг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолоор “Хүүхдийн төлөө Фонд” Засгийн газрын тусгай сан байгуулахыг дэмжсэн.

Ийнхүү Монгол Улсын төр засаг, ард иргэдээс хүүхдийн сайн сайхны төлөө санаачлага гаргаж, асуудлыг шийдвэрлэж ирсэн түүхтэй бөгөөд энэхүү үйл хэргийг уламжлал болгон хэрэгжүүлж, хүүхдийн төлөв хөрөнгө оруулалтыг дэмжих хэрэгцээ шаардлага үүссэн гэж төсөл санаачлагч үзсэн байна.

    Хүүхэд өсвөр үеийнхний хөгжил, оролцоог дэмжих Хүүхдийн төлөө сан байгуулах, улмаар сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан, тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг урамшуулахад зарцуулдаг байх эрх зүйн орчныг бий болгох зорилгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна.

Автотээврийн улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар борлуулж, орлогыг хүүхдийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтад зарцуулах талаар Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн сайдын хэрэгжүүлсэн. Энэ төрлийн дуудлага худалдааны босго үнийн дүнгээр тооцоход жилд 387 сая төгрөгөөс 6.0 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр бүрдэх тооцоо гарсан байна.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Хүүхдийн төлөө сангийн хүүхдийн төлөө бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгыг тодорхойлж, сангийн хөрөнгийн эх үүсвэрийг автотээврийн сонирхол татахуйц улсын дугаарын үнэ хаялцуулах дуудлага худалдаанаас олсон орлого, гадаад улс, олон улсын байгууллага, аж ахуйн нэгжээс хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор олгосон хандив, тусламж, хувь хүн, хуулийн этгээдээс өргөсөн хандив, буцалтгүй тусламж болон хүүхдийн сайн сайхны төлеө зохион байгуулсан соёл, урлагийн тоглолт, спортын арга хэмжээний орлого, хандиваас бүрдүүлэхээр тодорхойлсон.

Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн зарцуулалтыг хүүхдэд зориулсан бодит бүтээн байгуулалт, тив, дэлхийн соёл урлаг, спортын уралдаан тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах гэсэн хоёр чиглэлийг тодорхойлж, Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батлах заалтыг тусгасан.

Төсөл батлагдсанаар “НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим” -ийн хэрэгжилтийг хангах, хүүхдийн хөгжих эрхийн төлөө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нийгмийн хариуцлагын хүрээнд өгсөн хандив, тусламжийн хөрөнгө нэгдсэн зохицуулалтаар хүүхдийн хөгжлийг дэмжсэн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд олон нийтэд нээлттэй, хяналттай зарцуулагдах эрх зүйн орчин бүрдэх ач холбогдолтой юм.