Хүүхдийн төлөө сан байгуулна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.01\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
НББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл:
Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс Хүүхдийн төлөө санг сэргээх асуудлаар хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт танилцуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайд нарт үүрэг болгон ажилласан бөгөөд “Сан байгуулахыг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолоор “Хүүхдийн төлөө Фонд” Засгийн газрын тусгай сан байгуулахыг дэмжсэн.
Ийнхүү Монгол Улсын төр засаг, ард иргэдээс хүүхдийн сайн сайхны төлөө санаачлага гаргаж, асуудлыг шийдвэрлэж ирсэн түүхтэй бөгөөд энэхүү үйл хэргийг уламжлал болгон хэрэгжүүлж, хүүхдийн төлөв хөрөнгө оруулалтыг дэмжих хэрэгцээ шаардлага үүссэн гэж төсөл санаачлагч үзсэн байна.
ХҮҮХЭД ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ХӨГЖИЛ, ОРОЛЦООГ ДЭМЖИХ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САН БАЙГУУЛАХ, УЛМААР САНГИЙН ХӨРӨНГИЙГ ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ДЭМЖИХ, ТИВ ДЭЛХИЙН СОЁЛ, УРЛАГ, СПОРТЫН УРАЛДААН, ТЭМЦЭЭНД АМЖИЛТ ГАРГАСАН ХҮҮХДИЙГ УРАМШУУЛАХАД ЗАРЦУУЛДАГ БАЙХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛСАН БАЙНА.
Автотээврийн улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар борлуулж, орлогыг хүүхдийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтад зарцуулах талаар Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн сайдын хэрэгжүүлсэн. Энэ төрлийн дуудлага худалдааны босго үнийн дүнгээр тооцоход жилд 387 сая төгрөгөөс 6.0 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр бүрдэх тооцоо гарсан байна.