УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2013.07.01

Жижиглэнгийн шатахууны татвар тодорхой түвшинд багассан

УИХ-ын чуулганы Баасан гаригийн /2013-06-28/ үдээс хойшхи хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатараас Уул уурхайн сайдад тавьсан “Газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийг тогтворжуулах ажлын хүрээнд Монголбанк, Уул уурхайн яамтай хамтран 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр баталсан Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн явц байдлын талаарх асуулга”-ын хариуг сонслоо. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсан.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуултдаа, шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд 12 компанид жилийн 3,8 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай 105 тэрбум төгрөг олгосон байна. Энэ зээлд Петровис, НИК компаниуд яагаад хамрагдаагүй вэ. Өнөөдөр монголын шатахуун борлуулдаг зах зээлийн 50 илүү хувийг энэ компаниуд эзэлдэг.

Бөөний үнэ дээр татвартай болчхоор бөөнөөсөө олдог ашгаа жижиглэнгийн үнэ рүү шингээн жижиглэнгийн үнэ дээр буюу жирийн хэрэглэгч дээр дарамт ирэх үү.

Монгол Улсын 330 суманд шатахуун түгээх станцтай. Зарим компаниудад хөнгөлөлттэй, бага хүүтэй зээл, хямд валютын эх үүсвэр олгодог. Заримд нь олгодоггүй байдал нь өрсөлдөөнд тэгш бус байдал үүсгэж байгаа юм биш үү.  Мөн газрын тосны бүтээгдэхүүн дээр татвар тогтоохдоо бөөний үнэн дээр татвар тогтоосон.

Энэ нь зөвхөн уул уурхай, газрын тосны салбартай холбоотой гэж байна. Бөөний үнэн дээр татвартай болчхоор бөөнөөсөө олдог ашгаа жижиглэнгийнхээ үнэ рүү шингээснээр жижиглэнгийн үнэ дээр буюу жирийн хэрэглэгч дээр дарамт ирэх юм биш үү.

Иймд энэн дээр үр дүн хир гарч байна, зөв зохистой бодлого болж чадсан гэж үзэж байна уу. Түүнчлэн өнгөрсөн оны зургадугаар сартай харьцуулахад өнөөдөр нефть бүтээгдэхүүний үнэ буурсан уу өссөн үү, эсвэл ижил түвшинд байна уу. Тодорхой тоогоор хариулж өгнө үү гэсэн юм.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Өрсөлдөөн бий болсноор шатахууны жижиглэнгийн үнэ тогтворжино.

Д.Ганхуяг сайд хариултдаа, энэ материал гурван сард бэлтгэгдсэн. Асуулга сонсох хугацаа нь хойшилсоор одоо сонсгож байгаа. НИК, Петровис компаний тухайд жижиглэнгийн худалдаанд ямар хэмжээний хувь хэмжээ эзэлж байна тэр хэмжээгээрээ зээлээ аваад хамтарч ажиллаад явж байгаа.

Материалыг бэлдэж байх үед энэ хоёр компани гэрээнд гарын үсэг зураагүй байсан. Жижиглэнгээр борлуулж байгаа шатахуунд зориулж татвар тодорхой түвшинд багасч нөгөө талаас Монголбанкнаас хөнгөлөлттэй зээл өгч байгаа учраас жижиглэн дээр өрсөлдөөн их бий болж байна.

Өрсөлдөөн бий болсноор шатахууны жижиглэнгийн үнэ тогтвортой байна гэж хэлэх байна. Өнгөрсөн зургаан сард Орос нефтээс нийлүүлж байгаа бензиний үнэ газрын түүхий тосноос газрын тосны бүтээгдэхүүнийх нь үнийг тооцсоноор гурван төрөл дээр 150-260 ам.доллараар бууруулж чадсан.

Гэхдээ энэ нь дэлхийн зах зээлээс хамааралгүй манайд нийлүүлж байсан шатахуун нь өндөр байна гэдэг асуудлыг тавьснаар тэгшитгэлээр боддог аргачлалд санал нэгдэж шийдвэрлэгдсэн гэв. Өнөөдрийн байдлаар бензин колонкууд дээр АИ-92 бензин 1650 төгрөгөөр борлогдож байна гэлээ.