2013.06.24

Чуулганаар хоёр чухал асуулгын хариуг сонсоно

Энэ долоо хоногт Улсын их хурлын гишүүд ажлаа орж байна.

Гэхдээ 6 сарын 27-ноос нааш байнгын хороо, намын бүлэг хуралдахгүй ажээ. Харин ирэх баасан гарагт Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатараас Уул уурхайн сайдад тавьсан “Газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийг тогтворжуулах ажлын хүрээнд Монголбанк, Уул уурхайн яамтай хамтран 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр баталсан Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн явц байдлын талаарх асуулга”-ын хариуг сонсох ажээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нараас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг сонсох юм.