Ерөнхий сайд цаг үеийн асуудлаар товч мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариуллаа.
2013.06.09

Баяр наадамд 50 тэрбум төгрөг зарцуулах тухай мэдээлэл ор үндэсгүй гэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.06.07/ үдээс хойшхи хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд цаг үеийн асуудлаар товч мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариуллаа. Ерөнхий сайд сүүлийн үед мэдээллийн хэрэгслээр гарч буй улсын баяр наадамд 50 тэрбум төгрөг зарцуулах гэж байгаа тухай мэдээлэл ор үндэсгүй гэж тодотгов.

Энэ жилийн баяр наадмын төсөв 1.6-1.7 тэрбумаас хэтрэхгүй гэж тэрбээр хэлсэн юм. Нийслэлийн төсвөөс баяр наадамд зориулан 380 сая төгрөгийг зарцуулах бол тасалбар, бусад зөвшөөрлийн орлогоос 400 саяыг олно хэмээн тооцоолсон байна. Үлдэх 700-800 сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргах ажээ.

Энэ жилийн баяр наадмын төсөв 1.6-1.7 тэрбумаас хэтрэхгүй.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Хүй долоон худгийг ойрын 4-5 жилд өөрчлөх төлөвлөгөөг гаргаад энэ ажилд 50 тэрбум орчим төгрөг зарцуулах тооцоо гаргасныг энэ жилийн наадмын төсөв мэтээр ойлгосон байна гэж Ерөнхий сайд залруулсан юм.

Энэ жилийн хувьд Хүй долоон худгийн автозамын түгжрэлийг багасгах зорилгоор нийтдээ 8 км зам барих юм байна. Түүнчлэн тэнд Сүхбаатарын талбайгаас хоёр дахин том талбайг цардан бэлтгэж, тэрхүү газарт хоолны үйлчилгээ, арилжаа наймаа явагдах ажээ.

Мөн хурдан морины уралдаан сонирхогчдод зориулан 4000 машины зогсоол байгуулах юм байна. Үзэгчдийн суудал, бие засах газар байгуулан, хогийн сав тавих, явган хүний зам барих зэрэгт нийтдээ 14.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх ажээ.

Өөрийн багцад батлагдсан 50 тэрбум төгрөгийг юунд зарцуулах вэ?

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн багцад батлагдсан 50 тэрбум төгрөгийг чухам ямар хөрөнгө оруулалтад зарцуулж буй талаар мөн мэдээлсэн.

Энэ мөнгөний 25 тэрбум төгрөгийг 11 аймгийн төвд оношилгооны төв байгуулахад, 2.4 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотод хүүхдийн зүрхний хагалгаа, эмчилгээний төв байгуулахад, 9 тэрбум төгрөгийг Ховд, Увс, Баян-Өлгий аймагт битүү зах байгуулахад, 5 тэрбум төгрөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд явган хүний, дугуйн, цанын зам, хөлбөмбөг, сагсны талбайг байгуулахад, 3 тэрбумыг бассейнтай спорт цогцолборын байрыг засварлахад зарцуулж байгаа гэлээ.

Замын цагдаа нар наймдугаар сараас торгуулийн тасалбар хэвлэдэг машинтай болно.

Замын цагдаа нар жолооч нарт ногдуулсан торгуулийг бэлэн мөнгөөр авдаг бөгөөд торгууль төлсөн тасалбарыг бичин хэвлэн гаргадаг жижиг машиныг нийслэлд ажиллаж буй 350 цагдаад олгоход 2 тэрбумыг зарцуулах гэнэ. Ингээд замын цагдаа нар наймдугаар сараас торгуулийн тасалбар хэвлэдэг машинтай болох юм байна.

Иргэдийн мэдээлэл, тодорхойлолтыг хурууны хээг нь үндэслэн хэвлэн гаргадаг киоскийг энэ жил нийслэлд 19 ширхгийг байрлуулахад 2 тэрбум, шуудангийн үйлчилгээг сайжруулахад 1.9 тэрбумыг зарцуулах болно гэж Ерөнхий сайд мэдээлэв.

Хүүхдээ асарч буй эхчүүдэд мөнгө олгох төсөл боловсруулж байна

Засгийн газраас эх, нялхсыг дэмжих чиглэлээр тодорхой ажлууд хийхээр төлөвлөж байна гэж тэрбээр хэлсэн. Жирэмсэн эхэд төрөхөөс өмнөх 5 сар, төрсний дараа 5 сард сар бүр 40 мянган төгрөг өгдөг бол түүн дээр нэмээд жирэмсний таван сартайгаас эхлэн эхчүүдийг амин дэмээр хангах, төрсний дараа хүүхдээ 2 нас хүртэл асрах хугацаанд нь эхчүүдэд тодорхой хэмжээний мөнгө олгох төсөл боловсруулж байгаа гэлээ.

Зам засварын хувьд энэ жил 33 уулзвар, 2 хурдны замыг барих төсөл хэрэгжүүлнэ.

Зам засварын хувьд энэ жил 33 уулзвар, 2 хурдны замыг барих төсөл хэрэгжүүлэх бөгөөд өнөөдрийн байдлаар “Өргөө” кинотеатр, Саппорогийн уулзвар, 100 айлын уулзварын засварын ажил эхэлсэн тухай тэрбээр мэдээлсэн.

УИХ-ын гишүүн Н.Энхболд, Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол нар УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэргийг 500 тэрбум шахам төгрөгийн асуудалд холбогдуулан хорьсон асуудлыг хөндөн зарим зүйлийг тодруулсан.

Энэ хэмжээний мөнгө хэд хэдэн банкны активтай тэнцэнэ гээд тэр хүний дансан дахь төгрөгийг ам.доллар хэмээн андууран хэлмэгдүүлсэн асуудал гарсан юм биш биз хэмээн тодруулж байлаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг хөдөө томилолтоор ажиллаад хэдхэн цагийн өмнө нийслэлд ирсэн хэмээгээд энэ асуудлын талаар тодорхой мэдээлэл аваагүй байна гэлээ.

Өнгөрсөн жилийн наадмын нээлт иргэдэд таалагдаагүйгээс төсвийг нэмсэн

Зарим гишүүд баяр наадмаар зарцуулах төсвийн талаар тодруулж байв. Өнгөрсөн жил 44 сая төгрөгөөр хийсэн баяр наадмын нээлтийн ажиллагааг энэ жил хэдээр хийх гэж байгаа, 28 сая төгрөгөөр зохион байгуулсан хүндэтгэлийн тоглолтын зардал хэд болж өссөн, 5 сая төгрөгөөр хийж байсан Улаанбаатарын үдэш цэнгүүний зардал хэд болов хэмээн лавлаж байлаа.

Хүндэтгэлийн тоглолтын зардал 35 сая болж өссөн бол Улаанбаатарын үдэш цэнгүүний зардал 5 сая хэвээрээ.

Шадар сайд Д.Тэрбишдагва хариулснаар, хүндэтгэлийн тоглолтын зардал 35 сая болж өссөн бол 5 сая төгрөгөөр хийж байсан Улаанбаатарын үдэш цэнгүүний зардал хэвээрээ байгаа аж.

Өнгөрсөн жил 44 сая төгрөгөөр хийсэн баяр наадмын нээлтийн ажиллагаа ард иргэдэд төдийлөн таалагдаагүй учир энэ жил чанартай арга хэмжээг зохион байгуулах үүднээс салбар комиссын саналыг үндэслэн 150 сая төгрөгөөр тогтоосон гэж тэрбээр тайлбарласан.

Наадмын талбайн эргэн тойронд машин тавих зай талбай бага учир энэ жил “Дүнжингарав” худалдааны төвийн зогсоолд иргэдийн машиныг тавиулаад тэднээс наадмын талбай хүртэл автобусаар зогсолтгүй үнэ төлбөргүй үйлчлэх болсон талаар ч Шадар сайд дуулгалаа.