Жилийн 8 ± 1 хувийн хүүтэй, 20 хүртэлх жилийн хугацаатай зээл олгоно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Барилга, хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийлээ.
2013.06.01

Жилийн 8 ± 1 хувийн хүүтэй, 20 хүртэлх жилийн хугацаатай зээл олгоно

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Барилга, хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийлээ.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор ”Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтанд оруулах дүрэм”-ийг батлан мөрдүүлжээ.

Энэ дүрмээр барилга, байгууламжийг эхлүүлэх, үргэлжлүүлэх, байнгын ашиглалтанд оруулах үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хоёр үе шаттай зохион байгуулж байсныг өөрчлөн салбарын төрийн захиргааны төв байгууллага, салбарын орон нутгийн засаг захиргааны байгууллагууд тус тус нэг үе шаттай зохион байгуулахаар болгосон байна.

Өмнө нь ижил үүрэгтэй хоёр комисс ажиллаж, 120 орчим хүний гарын үсэг цуглуулан нийт 208 хоног шаардагддаг байсан хүнд суртлыг халж, 55-59 хоногт багтаан Нэг цонхны үйлчилгээгээр явуулах боломжийг бүрдүүлжээ.

Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг бүрдүүлэх ажлын хүрээнд хяналт удирдлагын тогтолцоо, холбогдох стандарт, дүрэм, заавруудыг шинэчлэх, сургалт, сурталчилгааны ажлыг үе шаттай зохион байгуулахаар “Цэнхэр карт” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Ингэснээр барилгын талбайд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж, чадвартай инженер техникийн ажилтнууд, мэргэжилтэй ажилчдыг ажиллуулж, учирч болох осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажээ.

“Барилгын гол нэр төрлийн материалын үнийг тогтворжуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 379 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох асуудлыг шийдвэрлэжээ.

Барилгын материалын үйлдвэрлэлийг хурдацтай хөгжүүлэх зорилгоор Барилгын материалыг эх орондоо үйлдвэрлэдэг болох зорилтыг дэвшүүлэн “Барилгын материалын үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-ийг боловсруулан Засгийн газрын 2012 оны 171 дүгээр тогтоолоор баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж, Засгийн газрын 2012 оны 193 дугаар тогтоолын дагуу барилгын материалын үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлжээ.

Байшин үйлдвэрлэх комбинат буюу БҮК-1-ийг сэргээж жилд 5000 айлын орон сууц барих хүчин чадал бүхий угсармал хавтгаалжин барилгын үйлдвэрийн төсөлд “Чингис бонд”-оос 30 хувийн санхүүжилт буюу 14 сая ам.долларын зээлийг шийдвэрлээд байна.

Дэд хөтөлбөрийн хүрээнд “Барилгын гол нэр төрлийн материалын үнийг тогтворжуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 379 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийг олгох асуудлыг шийдвэрлэсэн байна.

Барилгын гол нэр төрлийн материалын дотоодын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах ажлын хүрээнд 29 аж ахуйн нэгж, байгууллагад 57.6 тэрбум төгрөг, зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материал (цемент, арматур)-ын улирлын шалтгаантай нийлүүлэлтийн хязгаарлалтыг арилгахад зориулж 46 аж ахуйн нэгж, байгууллагад 114.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус олгоод байгаа аж.

Орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн уялдааг хангах, улмаар орон сууцны үнэ тогтвортой байх суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд нийлүүлэлтийг дэмжих зорилгоор Монголбанк 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэрээний үндсэн дээр зөвхөн орон сууцны барилгын зээлд зориулагдах эхний ээлжийн 380 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 7 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай банкуудад байршуулахаар 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 135 дугаар тогтоолыг баталсан байна.

Өмнөх Засгийн газрын үед барилга угсралтын ажлын 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй, 55 м2 хүртэл талбайтай орон сууцыг худалдан авахад жилийн 6 хувийн хүүтэйгээр 20 жилийн хугацаатай, 10 хувийн урьдчилгаа төлбөрийн нөхцөлтэй, 50 сая төгрөг хүртэлх хэмжээний зээлийг нийгмийн тодорхой хэсэгт зориулж, зөвхөн Төрийн банкаар дамжуулан олгохоор заасан нь улсын төсөвт ихээхэн дарамт учруулж байсан.

Үүнийг зогсоож, барилга угсралтын ажлын 100 хувийн гүйцэтгэлтэй, бүрэн ашиглалтанд орсон болон ашиглагдаж байгаа 80 м2 хүртэл талбайтай орон сууцыг худалдан авахад жилийн 8 ± 1 хувийн хүүтэй, 20 хүртэлх жилийн хугацаатайгаар 10-30 хувийн урьдчилгаа төлбөрийн нөхцөлтэй зээлийг тогтмол орлоготой, банкны зээлийн шалгуурыг хангасан иргэдэд олгох нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд үүнээс 300 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад олгожээ.

Орон нутаг болон нийслэлийн алслагдсан дүүргүүдэд орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үүднээс сум болон нийслэлийн алслагдсан дүүрэгт барих орон сууцны барилга угсралтын ажлыг санхүүжүүлэх тохиолдолд эх үүсвэрийн хүү нь жилийн 5.5 хувь болж буурах аж. Санхүүжилтийн эхний хэсэг болох 31.3 тэрбум төгрөгийг төсөл хэрэгжүүлэгчдэд олгожээ.

Засгийн газрын 2012-2016 оны хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод орон сууцны 17 иж бүрэн хорооллыг, аймаг бүрт 1000 айлын орон сууцны хорооллыг барьж  иргэдэд урт хугацааны зээлээр худалдахаар төлөвлөжээ.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод орон сууцны 17 иж бүрэн хорооллыг, аймаг бүрт 1000 айлын орон сууцны хорооллыг барьж байгуулан иргэдэд урт хугацааны зээлээр худалдан борлуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх замаар инженерийн дэд бүтэц бүхий амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, инженерийн шугам сүлжээнд холбох төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Инженерийн дэд бүтцийн шугам сүлжээ, эх үүсвэрийн барилга, байгууламжийг барихад шаардлагатай 416 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний тухай” Засгийн газрын 2013 оны 118 дугаар тогтоолоор шийдвэрлэж, “Дэд бүтэц” төслийн нэгж, төслийн Удирдах хороог байгуулан 2013 онд 200.0 тэрбум төгрөгийг “Чингис бонд”-оос санхүүжүүлэхээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж байгаа юм байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 онд нийтдээ 290 км орчим цэвэр, бохир ус, дулааны шугам, сүлжээг шинэчлэх, шинээр угсрах, 12 ш цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэл, 16 аймгийн 60 худагт ус зөөлрүүлэх тоног төхөөрөмж суурилуулах, 23 аймаг, суманд усны тоолуурын лабораторийн тоног төхөөрөмжийг, 28 аймаг, сумын инженерийн шугам сүлжээний мэдээллийн санг бүрдүүлэх, 3 сумын төвийг шинэчлэх, 5 аймгийн төвд баригдах 1000 айлын орон сууцны инженерийн дэд бүтцийн иж бүрэн зураг, төсвийг боловсруулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.