С.Одонтуяа: Ямар ч алдаагүй хууль батална гэж байдаггүй юм байна
УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.
-УИХ-ын чуулган түр хугацаагаар завсарлалаа. Энэ хооронд та ямар ажил амжуулах гэж байна вэ?
-Баянгол дүүргийн иргэдтэй уулзахаар төлөвлөөд байна. Тойрогт маань бүтээн байгуулалтын ямар ажил хийгдэх гэж байгаа эсэх, чуулганаар ямар хууль батлагдав, аль нь хэлэлцэгдэх гэж байгааг сонгогчдодоо танилцуулна. АН-ын бүлгээс Архины хяналтын тухай хуулийн төсөл боловсруулж байгаа. Уг хуулийн төслийн талаар иргэдээсээ санал авна. Өмнө гарсан хуулиуд хэр хэрэгжиж байна, улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудын явц ямар байгаа талаар мэдээлэл өгнө.
Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажилд оролцох байх. Архины хяналтын тухай хуулийн төслийн талаархи судалгааг Ерөнхийлөгчийн тамгын газраас хийж дууссан байна лээ. Бид судалгааны дүнгээ иргэдээр хэлэлцүүлнэ. Аливаа зүйлийг иргэдийн оролцоотой шийдэх нь зөв байдаг.
-Хаврын чуулганы хугацаанд УИХ дахь Эмэгтэйчүүдийн бүлэг ямар ажил амжуулав?
Эмэгтэй гишүүд нийгмийн чиглэлийн ажлуудад онцгойлон анхаарч ажиллаж байна. Энэ удаа үүнийгээ ажил болгон “Эх орон-36” нэртэй хүүхдүүдэд эх оронч үзэл бий болгох, төлөвшлийн хүмүүжил олгох ажил эхлүүллээ
-Эмэгтэй гишүүд нийгмийн чиглэлийн ажлуудад онцгойлон анхаарч ажиллаж байна. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө би хүний хүмүүжлийн асуудалд анхаарч ажиллах юмсан гэж боддог байлаа. Энэ удаа үүнийгээ ажил болгон “Эх орон-36” нэртэй хүүхдүүдэд эх оронч үзэл бий болгох, төлөвшлийн хүмүүжил олгох ажил эхлүүллээ. Нэг эхэлсэн ажил урагшаа яваад байдаг юм байна. Ялангуяа хүүхдийн төлөө хийх ажилд “үгүй” гэдэг байгууллага байдаггүй. Гэхдээ байгууллага хоорондын уялдаа холбоо муу байдгийг ажил хийгээд явж байхдаа ажиглалаа.
2014-2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах үеэр би хүнээ хүмүүжүүлдэг, төлөвшүүлдэг, боловсролын асуудлыг БШУ сайдыг онцгойлон анхаарахыг санал болгосон. Энэ асуудалтай сайд санал нийлж, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахын төлөө ажиллана гэдгээ хэлж байна лээ. Оюутнуудыг зуны амралтаар цэргийн түр хугацааны алба хашуулах асуудлыг хувьдаа маш их дэмжиж байгаа. Монголд зөв хүмүүжил, төлөвшилтэй, өрсөлдөх чадвартай хүн дутагдаад байна. Бид ирээдүйгээ мэргэжилтэй, чадварлаг боловсон хүчин болгохын тулд хүнээ хөгжүүлэх ёстой.
-Эмэгтэй гишүүд Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэсэн. Ямар өөрчлөлт оруулах юм бэ?
-Одоогийн мөрдөгдөж буй Гэр бүлийн тухай хуульд хүүхдийн өмчийн асуудал огт тусгагдаагүй байна. Эцэг, эх нь салахад тухайн хүүхэд ядуурлын төвшинд очдог. Ямар ч өмчийн баталгаа байдаггүй. Мөн хамтран амьдрагчийн заалт байхгүйгээс гэр бүлийн хүчирхийлэл өндөр байгаа нь судалгаагаар батлагдсан. Өөрөөр хэлбэл, төрсөн эцэг эхийнх нь зүгээс бус хамтран амьдарч байгаа этгээд хүүхдийн эрхийг зөрчиж байгаа нь илүүтэй байсан. Энэ асуудлыг онцгойлон хуулиар зохицуулж өгөх ёстой.
Хүүхэд эрх нь зөрчигдөхөд хэнд хандахаа мэддэггүй. Гэтэл бид түүнийг давж яриад байдаг. Үүнийг бид эцэс болгох хэрэгтэй.
Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг ч батлах юм. Үүнийг ирэх намрын чуулганаар хэлэлцэх байх. Бодлого ярихаасаа илүү хөрсөн дээр хэрхэн буух эсэхийг судалж үзэх ёстой. Хүүхдийн эрхийг дангаар нь авч үзээд амжилтад хүрэхгүй. Хүүхдийн эрх гэр бүлийн гишүүдээс ихээхэн хамаардаг. Тиймээс гэр бүлийн цогц бодлогын хүрээнд авч үзэх хэрэгтэй байна. Хүүхэд эрх нь зөрчигдөхөд хэнд хандахаа мэддэггүй. Гэтэл бид түүнийг давж яриад байдаг. Үүнийг бид эцэс болгох хэрэгтэй.
Хүүхдийн лавлах утсыг мэддэг хүүхэд хуруу дарам цөөн. Бид ихэнх бодлогын баримт бичгийг ярихдаа “тэгнэ, ингэнэ” гэж ярих нь бий. Гэтэл энэ нь үнэн хэрэгтээ тэдэнд ямар ч хамааралгүй байх жишээтэй. Хүүхдийн тусламжийн утасны дугаар хаа сайгүй байх ёстой. Мөн хүүхдэд зориулсан сэтгэл судлаач манайд дутагдалтай байна. Энэ салбарын мэргэжилтэнг бэлтгэх нь чухал байгаа. Бид сэтгэл судлаачдыг хүүхэд, гэр бүлд туслах төв байгуулах санал гаргасан. Төр хүнтэйгээ ажиллах ёстой.
-Хүүхэд хамгааллын чиглэлээр төсөвт хэдий хэмжээний мөнгө суусан байдаг вэ? Маш бага тоо сонсогдож байсан.
-Манай улс үнэт зүйл рүүгээ мөнгө бага төсөвлөж, уул уурхай, байшин барилгад маш их мөнгө зардаг. Хүүхдийн хүмүүжил, хүний хөгжилд бараг мөнгө зарцуулдаггүй. Боловсролын салбарт багш сурган хүмүүжүүлэгчдийн цалин хангамж, сургууль, цэцэрлэгийн засварын ажилд зарцуулж буй мөнгөө хүүхдэд өгч байна гэж ойлгоод байдаг. Гэтэл эдгээр нь материаллаг зүйлс шүү дээ. Хүүхдэд өөрт нь чиглэсэн бодлого байх ёстой.
Манайд нийгмийн ажилтан ажиллах боломж нөхцөл байдаггүй. Нэг газар хүүхдийн эрх зөрчигдлөө гэхэд нийгмийн ажилтан очиж ажиллах боломж хомс.
Төсөв мөнгөн дээр их зүйл гацаж байгаа. Хүүхдийн чиглэлээр ажиллах боловсон хүчин манайд бий. Тиймээс энэ чиглэл рүү түлхүү ажиллана.
УИХ-д эмэгтэй гишүүд цөөхөн байсантай холбоотойгоор энэ асуудал орхигдсон учир одоо нэн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Үүнийг бид ярилцах шаардлагатай байгаа. Нийгмийн сэтгэхүйг өөрчлөх цаг болсон.
-Гадаадын хөрөнгө оруулалт 70 хувиар буурснаас эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа гэж ярих болсон. Эдийн засагч хүний хувьд энэ байдлыг та хэрхэн дүгнэх бол?
-Гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь хэд хэдэн талтай. Манайх бүтээгдэхүүнээ экспортолдог урд хөршийн зах зээл нэлээд буурах хандлагатай болсон. Үүнийг дагаад уул уурхайн экспорт багассан учир хөрөнгө оруулагчид ашиггүй хэмээн үзэж Монголоос түр хугацаагаар гарч байна. Энэ мэтийн асуудал эдийн засагт нөлөөж байгаа. Бид хөрш орон ийм байна гээд зүгээр хараад сууж болохгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг хууль эрхзүйн хувьд таатай болгох нөхцөлүүдийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Тиймээс өнгөрсөн долоо хоногт газрын тосны чиглэлээр ажиллаж бүтээгдэхүүн гаргахад гадаадаас орж ирж буй тоног төхөөрөмж, технологийг гааль болон НӨАТ-өөс чөлөөлсөн.
-Мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх тухай хуулийг баталсан. Монгол Улс хар дансанд орно гэхээс айж түүхий хууль баталчихлаа гэсэн шүүмжлэл их байна лээ.
-Манай улс хар дансанд орсон бол илүү их сөрөг үр дагавартай байсан. Энэ хуулийг түүхий болсон гэж огтхон ч бодохгүй байна. Хууль батлалцах явцад хараад байхад 100 хувь сайн хууль байхгүй юм байна. Аливаа хуулийг батлаад хэрэгжүүлж эхэлснийх нь дараа цоорхойтой байгаа эсэх нь мэдэгддэг. Тиймээс хэрэгжиж байхад нь алдаатай байвал засч залруулж болно. Энэ нь огт батлахгүй байснаас хамаагүй дээр шүү дээ. Тамхины тухай хууль 100 хувь сайн хууль болоогүй л байх. Гэхдээ энэ хууль хэрэгжиж, байхад алдаа оноотой зүйл байвал засах нь илүү хялбар байна байх.