УИХ-ын Гишүүн О.Содбилэг Орхон аймагт ажиллав
УИХ-ын гишүүн О.Содбилэг саяхан Орхон аймагт гурав хоног ажиллаад буцсан юм. Энэ үеэр бид түүнтэй уулзаж ярилцлаа.
-УИХ-ын гишүүн бол төр, ард түмэн хоёрыг холбогч нэг ёсны гүүр гэж ойлгож байна. Та сонгогдсоноосоо хойш яагаад Орхон аймагт ирэлгүй ингэж удав. Ямар нэг шалтгаан байв уу?
Миний бие УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ Орхон аймгийн сонгуулийн хорооны даргаас гардан авсан тэр цагаасаа хойш нэлээн хэдэн удаа Эрдэнэтэд ирсэн. Энэ хугацаандаа өргөн хүрээнд ажиллаагүй байсан учраас зарим нэг хүний хувьд огт ирээгүй гэж ойлгосон болов уу.
-Сонгогчидтойгоо уулзахад тийм хэцүү байсан юм уу?
-УИХ-ын сонгууль өнгөрөөд гишүүд тангаргаа өргөтөл багагүй цаг хугацаа өнгөрсөн. Тангаргаа өргөсний дараа та бүхэн сайн мэдэх байх МАН-ын бүлэг байгуулагдах боломжийг эрх баригчид шууд хаасан.
Энэ нь биднийг явцуу хүрээнд оруулж, зүгээр л нэг сул гишүүн болгосон. Уг нь МАН сонгогчдын 30 гаруй хувийн саналыг авсан. Гэтэл эрх баригчид намын бүлгийг байгуулахгүй гацааснаас болоод бидний орон нутаг ажиллах, тэр бүү хэл УИХ-ын хуралдаанд санал өгөх, таслах эрх мэдэлгүй ч болгосон.
УИХ-ын гишүүн О.Содбилэг
Би хуралдаанд сууж байх үедээ бичлэг хийдэг. Ганцхан жишээ татъя. Чуулганы хуралдаан эхлэхэд танхимд МАН, “МАХН-ИЗНН”-ын “Шударга ёс” эвслээс сонгогдсон УИХ-ын гишүүд л дийлэнхийг бүрдүүлдэг.
Энэ байдал нэлээн удаан хугацаанд үргэлжилсэн нь сонгогчидтойгоо уулзахад тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Үүний дараа арваннэгдүгээр сард орон нутгийн сонгууль явагдсан. Орон нутаг дахь байдал өөрчлөгдсөн.
Өөрөөр хэлбэл, Орхон аймагт АН ялалт байгуулж нутгийн удирдлагаа эмхлэн байгуулах ажил өрнөсөн. Түүний хажуугаар энд ирээд ажиллах боломж, нөхцлийн хувьд тааруу байсан.
Гэхдээ би дээрх хугацаанд Орхон аймгийн иргэдийн амьдрал, аж байдлын талаар мэдээллийг байнга авч байлаа. Нэг өдөр ч гэсэн орхончуудынхаа талаар гарч буй мэдээ, мэдээллээс хоцроогүй байсан гэдгийг хэлэх нь зөв байх.
-Сүүлийн үед тантай холбоотой мэдээлэл их гарч байна. Прокурор дээр шалгагдаж байгаа, иргэн н.Аятунгаагийн нөхөртэй холбоотой байсан. Тэр хүн Монголд ирэхдээ О.Содбилэгтэй л уулздаг гэсэн мэдээлэл хөвөрч байна. Энэ талаар таны үгийг сонсох гэсэн юм. Нууж хаалгүй тайлбарлах боломж байна уу?
-Эхлээд прокурортой холбоотой мэдээллийг хүргэе. Шалгагдсан нь үнэн. Үүнийг нуух шаардлага байхгүй. Намайг УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардаж авсан тэр үед АН-ын нэр дэвшигчдийн зүгээс “О.Содбилэг нь мөнгө тараах зэрэг хууль бус аргаар төрийн эрх мэдлийг булаасан” гэсэн утга агуулгатай өргөдлийг прокурорт өгсөн юм билээ.
Үүнээс нэлээд хойно Нийслэлийн прокурорын орлогч дарга н.Сагсай хэвлэл мэдээллээр “УИХ-ын гишүүн О.Содбилэгийг прокурор дээр шалгаж байгаа” гэж зарласан.
Үүнийхээ дагуу прокурор дээр шалгагдсан. Тагнуулын ерөнхий газраас энэ хэргийг анх шалгасан байдаг. Тагнуулынхан миний сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан хүмүүс, итгэмжлэгдсэн төлөөлөгч гээд олон хүнийг 6-7 удаа байцааж, шалгасан.
Тэд ч бодит үнэнийг мэдээлсэн. Тэгээд тагнуулынхан Эрдэнэтэд ирж шалгаад тодорхой баримт алга гэдгээ прокурорт танилцуулахад дахиад шалга гэсэн үүрэг өгсөн байгаа юм.
Ингэсээр багагүй хугацаа өнгөрсөн. Сая намайг наашаа гарах гэж байхад энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай дуулдсан. Гэхдээ надад албан ёсны бичиг нь ирээгүй байна. Прокуророос дахин дахин шалгахыг шаардсан зэргээс нь харах юм бол энэ нь улс төрийн хандлагыг өөртөө агуулжээ гэж бодоход хүргэсэн. Хэнд ч ойлгомжтой.
-н.Аятунгаагийн нөхөр гэх Чарьлз Ирвэн гэгчийн тухайд та юу гэхэв?
-Би н.Аятунгаа гэдэг эмэгтэй талаар сайн мэдэхгүй ээ. Харин түүний нөхөр гэгдээд байгаа Чарьлз Ирвэнтэй би эртний танил. Бүр тодруулбал, УИХ-ын гишүүн болохоос өмнө түүнтэй танилцсан. Монголд хэд хэдэн удаа ирсэн нь ч үнэн. Гэхдээ би түүнийг н.Аятунгаагийн нөхөр гэдгийг нь үнэндээ мэддэггүй байсан. Хэвлэлээс л олж уншсан. Ч.Ирвэн Монголд бизнесийн шугамаар л ирдэг.
Монгол хөрөнгө оруулалт хийе гээд , бизнесийн хамтрагчтай болох тухай л ярилцаж байснаас биш түүний хувийн амьдралыг нь би огт сонирхоогүй. Ер нь бизнесийнхэн эхлээд хамтын ажиллагааг хэрхэн явуулах, сайн хамтрагчтай болохоо л эн тэрүүнд тавьдаг.
Тэр зарчмаар би түүнийг мэднэ. Гэтэл хэвлэл мэдээллээр тэр хүн Монголд ирэхдээ их хэмжээний ам.долларын гүйлгээ хийдэг. МАН-ын Залуучуудын холбооны тэргүүн Н.Амарсайханд удаа дараа их хэмжээний ам.доллар өгдөг гэж гарсныг харсан. Энэ бол худлаа гэдгийг би хэлж чадна.
-УИХ-ын гишүүн орон нутагт бие төлөөлөгчтэй байдаг. Таны бие төлөөлөгч хэн бэ. Иргэд бие төлөөлөгчөөр тань дамжуулан санал хүсэлтээ илэрхийлэх, асуудлаа шийдвэрлүүлэх гээд байдаг?
-Тийм ээ, УИХ-ын гишүүн орон нутагт бие төлөөлөгчтэй ажилладаг. Миний бие төлөөлөгчөөр Технологийн сургуулийн багш Ш.Ганбат, аймгийн ИТХ-ын төлөөлөгч А.Түвшинжаргал нар ажиллана. Аймаг орон нутгийн удирдлага УИХ-ын гишүүний бие төлөөлөгчийн ажиллах өрөө тасалгааны асуудлыг шийдвэрлэдэг.
Тун удахгүй энэ асуудал шийдэгдвэл миний бие төлөөлөгчид ажилдаа шуурхай орно. Би түрүүхэн Монголбанкны ерөнхийлөгч Д.Золжаргалтай ажил төрлийн шугамаар уулзсан. Тэр үед Д.Золжаргал ерөнхийлөгч сэтгүүлчидтэй тойрч суугаад харилцан ярилцаж, Монголбанкны үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч байсан.
Би энэ талаар нь гайхаж асуутал. Нэгд ажлаа ойлгуулах хэрэгтэй байдаг, хоёрт мэдээллийг үнэн зөв бодитой өгч байгаа нь энэ гэж хариулсан. Түүнээс санаа аваад би Эрдэнэт хотдоо бие төлөөлөгчдөөрөө дамжуулан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэл гаргаж байх, хийсэн ажлаа тайлагнах нь зөв юм байна гэж ойлгосон. Энэ чиглэлээр бодсон, төлөвлөсөн зүйл бий.
-Эрдэнэтчүүд Эко хороололтой болох гээд эхний ажил хийгдээд эхэлчихсэн. Гэтэл энэ нь тодорхой хүрээнд тэр тусмаа иргэдийн дунд ихээхэн маргаантай байгаа сэдэв. Энэ талаар та мэдээлэл авч амжсан уу?
-Эко хорооллын тухай асуудлыг би судалж байна. Энэ талаар иргэдээс ирүүлсэн гомдол, санал хүсэлт ч их байгааг сая гурав хоног ажиллахдаа анзаарлаа.
Тэр бүү хэл эко хорооллын бүтээн байгуулалтыг Засгийн газрын бондын мөнгөөр санхүүжүүлэх тухай ч яригдаж байгаа бололтой. Олон улсын хөрөнгийн бирж дээрээс монголчуудын босгосон тэрхүү бондын мөнгийг орон нутаг дахь 200 айлын байшинд зарцуулна гэсэн ойлголт байхгүй л дээ.
Бондын мөнгийг бүтээн байгуулалтын ажилд л зарцуулах ёстой. Төмөр зам, нисэх буудал гэх мэт тоймтой томоохон ажилд зарцуулна. Түүнээс биш Эко хороололд өгөхгүй гэдгийг мэдсээр атал ийм яриа гаргаад байгааг ойлгохгүй байгаа шүү.
Нөгөөтэйгүүр Эко хороололд хамрагдсан иргэдийг моргейжийн зээл ч юм уу, 100 мянган айл орон сууц хөтөлбөрийн хүрээнд бага хүүтэй зээлд хамруулна гэдэг ч өрөөсгөл ойлголт. Бага хүүтэй зээлд хамрагдвал ченжүүд авах боломж илүү нээлттэй болох гээд байна.
Эко хороололд хамрагдах иргэдийг аймгийн удирдлагууд нууцлаад, энэ тухай асуудлыг дараа АИТХ-аар хэлэлцэнэ гэсэн мэдээллийг иргэддээ өгснийг би олж мэдсэн. Уг нь илүү нээлттэй байж аль болох орох ёстой иргэнээ хамруулбал зүйтэй байх. Газрын асуудал зэргийг нь би судалж байгаа.
-УИХ-ын Тамгын газраас гишүүдийн хурадааны ирцийн тухай мэдээлэл гаргадаг. Энэ нь сонин хэвлэл дээр ч нийтлэгддэг. Би сониноос олж харсан. Хуралдаан тасалдаг гишүүдийн магнайд нь таны нэр байна. Та үнэхээр тэгэж их ажлаа тасалдаг юм уу. Аль эсвэл өөр учир шалтгаан байна уу?
-УИХ-ын Тамгын газраас чуулганы ирцийн талаар мэдээлэл гаргасан юм билээ. Түүн дээр “хичээлээ” хамгийн их тасалдаг “сурагчийн” тоонд миний нэр нэлээн дээгүүр орсон байсан. АН-ын эрх баригчид бодит мэдээллийг үнэн зөв гаргадаггүй.
Би хуралдаанд сууж байх үедээ бичлэг хийдэг. Ганцхан жишээ татъя. Чуулганы хуралдаан эхлэхэд танхимд МАН, “МАХН-ИЗНН”-ын “Шударга ёс” эвслээс сонгогдсон УИХ-ын гишүүд л дийлэнхийг бүрдүүлдэг. Гэтэл эрх баригчид болохоор УИХ-ын даргатайгаа нийлээд л таван хүн сууж байдаг.
Санал хураалт болоход олонхийн бүлгийнхэн тэр аяараа шахуу саналаа өгч байгаа харагддаг. Бодит үнэн гэвэл энэ. Харин ч МАН, “Шударга ёс” эвслээс сонгогдсон гишүүд хуралд ирц сайтай, идэвхтэй оролцдог. Эндээс харахад эрх баригчид бодит мэдээллийг гуйвуулж эсрэгээр нь тарааж байна.
Эрх баригчид одоо бүр цагаандаа гарч өөрсдийнх нь эсрэг ажилладаг гэдэг утгаар 20 гаруй телевиз, олон сайтыг хаасан. Энэ нь тэдний тухай үнэн үг хэлсэн бүхнийг хааж боодог бодит дүр төрх нь харагдаж байгаа юм.
-Та Эрдэнэтэд гурав хоног ажиллалаа. Эрдэнэтчүүдийн амьдрал ямар байна. Өнөөдөр зах дээр нэг кг мах 9800 төгрөгт хүрээд байна. Төр, засгаас арга хэмжээ авч нөөцийн мах бэлддэг. Бэлтгэж байгаа аж ахуйн нэгжид хөнгөлөлт үзүүлдэг. Тэдний бэлдсэн мах 5900 төгрөгийн үнэтэй ч чанар нь муу байна. Малчид тарган үхрээ ченжид л зардаг. Харин бух, өеөдсөн тарга тэвээрэг авахаа больсон малаа мах бэлтгэдэг компанид худалддаг. Үүнийг яаж шийдвэрлэх вэ?
-Эрх баригчид эхнээсээ л ам ажил хоёр нь зөрүүтэй байдаг гэдгийг бид мэддэг боллоо. Маш олон салбарт зээлийн хөнгөлөлт үзүүлж байна. Гэхдээ энэ нь шударга явагддаггүй.
Би нэг жишээ хэлье. Шатахуун импортлогч компаниудад их хэмжээний хөнгөлөлттэй зээл өглөө. Одоо бензин, шатахууны үнэ өсөхгүй гээд л зарлаад байсан. Гэтэл үнэн хэрэг дээрээ худлаа, шоу хийж байгаа л үзэгдэл.
Бүх шатахуун импортлогчдод хөнгөлөлттэй зээл өгсөн гэдэг. Өгсөн нь үнэн. Гэхдээ энд бас нэг үнэн байна. “Петровис” компанид хөнгөлөлттэй зээл өгөөгүй. Яагаад гэвэл сөрөг хүчний талыг баримтлагч гэдэг юм уу ямар нэг шалтаг тоочдог. Гэтэл “Шунхлай” компани хөнгөлөлттэй зээл авсан. Нэг их удалгүй үнээ нэмсэн шүү дээ. Бодит байдал дээр ийм л байгаа юм.
Махны тухайд үнэхээр хүнд асуудал. Би Эрдэнэтийн махны ченжүүд гэдэг иргэдтэй өглөө эрт 06.00 цагт ажлын байран дээр нь очиж уулзан ярилцаж байсан.
Тэд зах зээлийн жамаараа хөгжих ёстой зүйл дээр төр хэтэрхий их хошуу дүрээд, гар хөл нь оролцож байгааг шүүмжилж байсан. Өвөл болоод малчид махаа зах зээлд нийлүүлэх үед нь мах бэлтгэдэг компани үнэ тогтоочихдог. Тэгэхлээр малчид бидний амыг хараад илүү үнэ хүргэх гээд суудаг.
Нэг өдөр Эрдэнэт хотод мах зарахгүй өнжвөл ямар үр дагавар гарах бол. Эндээс харахад зах зээлийн жамаараа махны үнэ аяндаа унах гэж байхад төр тэдэн төгрөг гээд үнэ тогтоодог нь махны үнийн өсөлтөд шууд нөлөөлж байна.
Үүнээс болоод махны үнэ буурах биш улам л өсөөд байна гэж ченжүүд дуу алдаж байсан. Энэ үнэн. Дээр нь Засгийн газар “Жаст агро” гэдэг компанид мах бэлтгэх эрх олгосон. Өрсөлдөөн байхгүй. Орхон аймагт гэхэд “Эрдмийт” гэдэг компани мах бэлддэг. Энэ ч бас махны үнэнд нөлөө үзүүлж байгаа. Ингэж давуу эрх олгох байдлаар махны үнийн өсөлтийг шийднэ гэж Засгийн газрын тэргүүн ярьж байна. Олсон гарц, шийдэл нь энэ юм болов уу.
-Танай намын зүгээс эрх баригчдад шүүмжлэлтэй хандаж байгаа. Хуулиа зөрчдөг, зөрчсөн шийдвэрээ маргааш нь цуцалдаг гээд л. Энэ тал дээр та юу гэх вэ?
-Эрх баригчид тэр дундаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг удаа дараа хууль зөрчиж байгаа. Аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэж хаана ч байхгүй нэр томъёо гаргаж ирээд өөрийн хүнээ томилж байна. Хууль хэрэгжүүлэх байгууллагын удирдлагад шаардлагад нийцэхгүй хүнийг томилсон гээд олон асуудал бий.
Хууль зөрчсан гэдгийг нь ганцхан О.Содбилэг хэлээд байгаа юм биш. Үндсэн хуулийн цэц хүртэл тогтоолоо. Харин Ерөнхий сайд ичсэндээ хоёр ч аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэдэг захирамжаа хүчингүй болгосон.
Тагнуулын дэд дарга О.Ариунсанг албан тушаалаас нь чөлөөлсөн. Аймгийн Засаг даргыг эзгүйд түүний орлогч гэдэг хүн л орлоно биз дээ. Ямар ч тохиолдолд. Энэ мэт олон удаагийн хууль зөрчсөн үйлдлийг хэвлэл мэдээллээр иргэд харж үзэж байгаа.
-Сүүлчийн асуулт. Ерөнхийлөгчийн сонгуулийн гал тэрэг нэгэнт хөдөлчихсөн. АН-аас одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өрсөлдөх нь тодорхой болоод байгаа. Танаас МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүний хувьд асууж байгаа юм шүү. МАН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ хэрхэн тодруулах гэж байна вэ. Хэн гэдэг хүнийг дэвшүүлнэ гэж бодож байна. МАХН-тай хамтарч оролцох уу. Хэвлэл мэдээллээр олон нэр дуулдаж байгаа?
-Намын Удирдах зөвлөлийн хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг эхний ээлжинд ард иргэдээрээ хэлэлцүүлнэ гэдэг дээр санал нэгтэй байгаа. Манай намд Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөх чадвартай олон гишүүн, лидер бий. Үүнийг өрсөлдөгчид маань ч хүлээн зөвшөөрдөг. Гагцхүү Ерөнхийлөгчийн сонгууль шударга явагдах зэрэгт асуудал байна гэж хардаг.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг эрх баригчид олонхийн хүчээр түрий барьж баталсан. Сонгуулийн сурталчилгааг 35 хоног байхаар тогтоосон нь одоогийн төрийн тэргүүнд дэндүү ашигтай. Бусад намаас нэр дэвшсэн ямар ч хүн 35 хоногийн дотор 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт хүрч ажиллаж амжих нь эргэлзээтэй. Тун удахгүй МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч тодорно.