Г.Баярсайхан: Дотооддоо шатахуун үйлдвэрлэх боломж нээгдлээ
УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.
-Занар боловсруулах үйлдвэрт шаардлагатай тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирэхэд гаалийн болон НӨАТ авахгүй байх хуулийг чуулган баталлаа. Энэ үнэхээр хэрэгтэй хууль мөн үү?
-Монгол Улс шатахууны хувьд Оросоос бүрэн хараат хэвээрээ л байна. Тиймээс үе үеийн Засгийн газар, парламентын гишүүдийн нэг мөрөөдөл нь дотооддоо нефть нэрж, гадныхнаас хараат байх байдлаас гарах шүү дээ.
Харин энэ мөрөөдөл биелэх боломжийг одоогийн парламент, Засгийн газар бүрдүүлж өглөө гэж бодож байна. Юу гэхээр шатдаг занараас шатахуун гаргаж авах боломж нөхцөлийг нь энэ хуулийг гаргаснаараа бүрдүүллээ.
АНУ шатдаг занарын хувьсгалын үр дүнд шатахууны хувьд хараат бус улс болж чадсан.
Шатдаг занарыг боловсруулах үйлдвэр байгуулах тохиолдолд түүнд хэрэглэх техник тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ-ын татвараас чөлөөлөх асуудлыг УИХ шийдлээ шүү дээ. Ингэснээрээ бид улс орондоо хэрэгтэй маш чухал шийдвэр гаргасан гэж бодож байна.
Ойрын дөрөв, таван жилийн дараа гаднаас өндөр үнэтэй шатахуун царайчлалгүй, өөрсдөө нефтиэ нэрээд явах боломжтой болох байх. Сүүлийн үед дэлхий дахин орчин үеийн техник технологиор занарыг ашиглаж нефть гаргаж авдаг болсон. Энэ жишиг рүү манай улс орох гэж байгаа юм.
Нэгэнт нөөц арвинтай нь тогтоогдсон учраас занарыг ашиглаж, шатахууныхаа хомсдлоос гарах нь зөв л дөө. Үүний төлөө л занарын үйлдвэрт шаардлагатай тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-ын татвараас чөлөөлөхөөр боллоо. Энэ нь 2018 он хүртэл үргэлжилнэ.
-Занар ашиглахын эсрэг дуугарах гишүүд нэлээд байсан...
-Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж улстөржсөн байдлаар асуудалд хандаж байгаа нь тэр. Үнэхээр улс орондоо хэрэгтэй хууль шийдвэр гаргая гэж бодсон бол энэ занарыг эсэргүүцэхгүй байсан л даа.
Гэхдээ занарын үйлдвэр барих асуудал дээр болгоомжлох зүйлүүд байлгүй яахав. Байгаль орчинд нөлөөтэй юу, гүний усны асуудал нь яах бол гэдэг энд зүй ёсоор яригдана. Нөгөө талаар тухайн орон нутгийн иргэдийн санал ямар байхыг бас харгалзан үзэх хэрэгтэй байх.
-Занараас нефть гаргаж авах нь бусад аргаасаа хялбар гэсэн байх аа?
-Нүүрс ухдаг шиг том карьер ашиглана гэсэн ойлголт байхгүй юм билээ. Газрыг өрөмдөөд газар доогуур тодорхой хэмжээгээр боловсруулаад шингэн түлш юм уу хий болгон боловсруулах боломжтой гэсэн. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг ч энэ занар шийдэж болох юм билээ.
Шатдаг занарын үйлдвэрээс гарсан хийгээр утааны асуудлыг шийдэх боломжтой гэсэн. Өнөөдөр АНУ шатдаг занарын хувьсгалын үр дүнд шатахууны хувьд хараат бус улс болж чадсан байдаг.
Мөн шатдаг занараас гаргаж авсан хийгээр дэлхийн улс орнуудын хэрэгцээг хангаж асар их ашиг олж байна шүү дээ. Тэгэхээр манайд ийм боломж байна гэсэн үг.
-Төв аймгийн Бүрэн суманд занарын үйлдвэр байгуулах гэж байгаа гэсэн үү?
-Төв аймгийн Бүрэн, Эрдэнэсант суманд нөөц бий гэж үзсэн учраас туршилтын маягаар үйлдвэр барих асуудал яригдаж байгаа юм билээ.
-Занарын үйлдвэр ашиглалтад орчихвол дотоодын шатахууны хэрэгцээгээ бүрэн хангах уу?
-Туршилтын үйлдвэр нь өдөрт 100 тонн шатахуун гаргах хүчин чадалтай гэсэн тооцоо бий юм билээ. Ер нь бол манай занар маш сайн чанартай гэсэн. Нүүрс, устөрөгчийн агуулга сайн, тиймээс маш сайн чанарын нефть үйлдвэрлэх боломжтой гэдгийг Америк компани лабораторийн түвшинд тогтоочихсон юм билээ.
Үе үеийн Засгийн газар, парламентын гишүүдийн нэг мөрөөдөл нь дотооддоо нефть нэрж, гадныхнаас хараат бус байх.
Манай эрдэмтдийн судалгаагаар Монгол бол 780 тэрбум тонн занарын нөөцтэй гэсэн байдаг. Америк компанийн гаргасан тооцоогоор нэг км квадрат газраас занар авч боловсрууллаа гэхэд өдөрт 6700 тонн шатахуун гаргаж болно.
Энэ нь жилдээ 2.1 сая тонн шатахуун үйлдвэрлэх боломжтой юм билээ. Тэгэхээр нэг км квадрат газраас гарах занараас Монголынхоо шатахууны хэрэгцээг бүрэн хангана гээд бод. Тэгэхээр занарыг боловсруулах ажил манайд үнэхээр чухал байна.
-Үйлдвэр барих хөрөнгө оруулалтыг хаанаас гаргах юм бэ?
-Америкийн компани хөрөнгө оруулалтаа 100 хувь гаргана гэсэн асуудал яригдаж байгаа гэсэн. Гэхдээ энэ удаад парламентын баталсан гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хууль ямар нэгэн компанийн асуудлыг шийдээгүй.
Занарын үйлдвэрийг дэмжиж, дотооддоо шатахуун боловсруулах ажлыг дэмжихийн тулд энэ чиглэлийн техник тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-ын татваргүй болгож байгаа гэсэн үг.
Энэ нь бизнесийнхэнд нэлээд том боломж болж очиж байгаа юм. Үр дүнд нь Монгол Улс ойрын хугацаанд дотооддоо шатахуунаа үйлдвэрлэдэг болох л хэрэгтэй байгаа юм.