О.Баасанхүү: Д.Зориг гэдэг даргатай ганцхан Дээд шүүх байвал амар
УИХ-ын гишүүн О.Баасанхүүг “VIP” ярилцлагадаа урьж, түүнтэй цаг үеийн асуудлаа ярилцлаа.
-УИХ-ын хаврын ээлжит чуулган 14 хоног завсарлаад өнөөдрөөс /өчигдөр/ хэвийн үргэлжлэх байсан. Гэтэл төрийн ажил цалгардаж, гишүүд цугласангүй. Та үүн дээр ямар бодолтой байна вэ?
-Төрийн тасралтгүй байх зарчим алдагдаж байна. УИХ хууль баталдаг байгууллага. Тийм учраас бүх зүйлийг хуулийн хүрээнд явуулах ёстой. Харин би өрөөндөө сууж байгаа нь хуулиа л хүндэлж байгаа хэрэг. Түүнээс биш завтайдаа суугаад байгаа зүйл биш.
-Та чуулган завсарлах хугацаанд хилийн бүсийн аймгуудаар ажиллаж, тэнд амьдарч байгаа иргэдийн санал, бодлыг сонссон гэсэн. Хамгийн их тулгамдаж байгаа зүйл юу байна вэ?
-Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Булган, Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ аймаг болон нийслэлд ажиллалаа. Хилийн бүсээр хоёр ч удаа очлоо. Гол нь хилийн орчмын айл өрхүүдийн амьжиргааны түвшин ямар байгаатай танилцаж, энэ асуудлыг нааштайгаар шийдэх, төрийн бодлого болох талаар ард иргэдтэйгээ санал солилцсон. Ингэсний үр дүнд үндсэндээ гурван шийдэлд хүрлээ.
Нэгдүгээрт, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлье гэж байгаа бол босго нэмэх ёстой юм байна. Өөрөөр хэлбэл НӨАТ-ыг нэмэх хэрэгтэй. Хоёрдугаарт, алслагдсан аймагт, ялангуяа хилийн бүсийн орчимд байгаа иргэдэд нөхөн төлөөс, тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх нь чухал байна. Гуравдугаарт, зам, холбоо, дэд бүтцийг хилийн бүс рүү сайн тавих хэрэгтэй гэдэг дүгнэлтэд хүрээд, иргэдийн саналыг авлаа.
-Хилийн бүсэд байгаа иргэдийн хувьд тухай улс руу зорчих асуудал нэлээд хүндрэлтэй байх нь бий гэдэг. Манай иргэдийн хувьд энэ нөхцөл, бололцоо хэр хангалттай байдаг болов уу?
-МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва Монгол, Орос, Хятадын Засгийн газар хоорондын гэрээг ахладаг. Тэгэхээр намынхаа дэд даргаар дамжуулаад юм уу, эсвэл УИХ-ын гишүүнийхээ хүрээнд Засгийн газар хороондын гэрээнд саналаа өгөх ёстой байдаг.
МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва Монгол, Орос, Хятадын Засгийн газар хоорондын гэрээг ахладаг.
Саяхан Баян-Өлгий аймагт нэлээд ноцтой асуудал гарсан. Тухайн иргэн цагаан хуудастай байтал Оросын иргэнээр дуудаад аваад явчихсан. Нэг ёсондоо хоёр улсын бүсийг давуулж, өөр газар аваачаад ял өгөх гэж байгаа зүйл бий. Тэгэхээр Монгол Улс хил даваад явсан малаа авах гэж гэрээ хэлэлцээр хийдэг. Энэ бол сайн хэрэг.
Одоо харин хүнийхээ араас явах цаг болсон. Гэхдээ хилийн бүсэд амьдардаг иргэдэд олгодог цагаан хуудас нь хоёр улсын хооронд харилцан адилгүй байгаа нь харамсалтай. Оросын тал Монголын хилээр цагаан хуудсаараа чөлөөтэй нэвтэрч, бүх зүйлээ хийдэг юм байна.
Тухайлбал, арилжаа наймаа хийх, бараа авах, мөн хилийн бүс даваад загас жараахай, ан гөрөө хийх явдал байдаг юм байна. Нэг ёсондоо Оросын тал бүрэн эрхтэй. Гэтэл Монголын тал очихоор цэрэг шиг, аймгийн Засаг даргаасаа авахуулаад эгнээд зогсдог. Дээр нь ямар нэгэн арилжаа наймаа хийх боломжгүй. Мөн аюулгүй байдал нь хангалттай биш зэрэг олон асуудал байна.
-Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой юм бол?
-Миний хувьд Гадаад харилцааны яамыг өргөн бодлого хэрэгжүүлэхийг, мөн Консулын албыг стандартын дагуу ажиллуулахыг шаардаж байна. Солонгос, Хятад, Америк гээд дэлхий даяр монголчууд ажиллаж, амьдарч байгаа. Бид хүнийхээ араас явах цаг болсон. Консулын газарт төсөв бага байдаг гэдгээр сайн, муу зүйл байж болох юм. Гэхдээ сэтгэл дутаад байгаа. Тэр утгаараа Консулын газрыг чанаржуулах ёстой.
-Та НӨАТ-ын босгыг өндөр болгох хэрэгтэй гэлээ. Харин энэ талаарх хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхгүй байгаа зүйл бий шүү дээ?
-Би маш их гайхсан. З.Энхболдын телевизэд өгсөн ярилцлагыг хоёр чихээрээ сонссоноор бол “С.Бямбацогт гишүүн НӨАТ-ын босгыг 200 сая болгох хуулийн төсөл оруулж ирсэн. Надад эрх байдгийн хувьд би энэ хуулийн төслийг хэлэлцүүлэхгүй” гэсэн. Үүнийг сонсоод гайхсан. УИХ-ын гишүүн ямар ч асуудлаар хууль санаачлах эрхтэй.
Батлагдах эсэх нь хамтын шийдвэр байдаг. Өөрөөр хэлбэл НӨАТ-ын босго 50 уу, эсвэл 100 сая байх уу гэдгийг ярилцаад шийдэх ёстой. Гэтэл энэ боломжийг УИХ-ын дарга хязгаарлаж байгаа юм билээ. Тэгэхээр нэгдүгээрт, УИХ-ын дарга гэдэг хүн УИХ-ын гишүүний дарга биш.
Хоёрдугаарт, УИХ дээр хувийн бодлоор асуудалд хандах ёсгүй. Хэрвээ би ямар нэгэн байдлаар асуулт асуусан бол тэр нь ард түмнийг төлөөлж хэлж байгаа хэрэг. Харин үүргээ үл хамаараад тэр асуултад заавал хариулах ёстой. Гэх мэтчилэн хувийн шинжтэй үйл ажиллагаа явуулаад байвал энэ хүн цаашид ямар байх вэ гэдгийг бодох ёстой.
-Тэгэхээр УИХ-ын хаврын ээлжит чуулган удахгүй завсарлана. Таны хувь энэ хугацаанд ямар хуулийн төсөл өргөн барих вэ?
-Хууль өргөн барихаар байнгын хороон дээр дэмждэггүй зовлонтой. Дэмжээд гараад ирвэл ажлын хэсэг гэж нэр зүүгээд залгичихдаг. Ажлын хэсэг нь хуралдахгүй, шийдэхгүй байсаар алга болгодог. Тэгсэн хэрнээ бусад зүйл дээр автоматаар явдаг. Миний хувьд хуулийг гурван хэлбэрээр батлаад байна гэж хардаж байгаа.
Эрүүгийн хуулийн ял шийтгэлийн хэмжээг багасгаж, ялыг тэгшитгэх хэрэгтэй.
Гадны захиалгаар, бизнесийн буюу эрх ашгийн бүлэглэлийн сонирхлолоор. Нөгөө нь будсыг дууриадаг. Өөрөөр хэлбэл, тэр оронд тийм хууль байдаг, тэгвэл ингэнэ шүү гэдгээр амьдралд өнөөдөр хэрэгцээтэй, монгол ахуй, сууринд тулгуурласан хууль санаачлахгүй байна. Монгол Улс Эрүүгийн хуультай.
Энэ хуулийн ял шийтгэлийн хэмжээг багасгаж, ялыг тэгшитгэх хэрэгтэй гэдэг саналаа би тавьсан. Хэрвээ ингэж чадвал маш олон хүн ялаас чөлөөлөгдөнө. Мөн 10 мянган төгрөг хулгайлсан хүн 10 жилийн ял авдаг тэр зарчим байхгүй болно. Эрүүгийн хуулийн нэг заалтыг аваад үзэхээр баривчлах, хорих, торгох гээд бүгд байдаг.
Үүнээс нь ядуу хүн хоригдоно, мөнгө өгсөн нь баривчлагдана, аз нь таарвал торгуулна гэдгээр бодлогын зүйл байхгүй байгаа. Тиймээс энэ бүгдийг цэгцлэх нь чухал байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар нэг зүйлийг шийдэх ёстой. Юм л бол хорино гэдгээ болимоор байгаа юм. Яагаад гэвэл мөрдөх, байцаах гэсэн хоёр аргаар хэрэг илрүүлдэг. Гэтэл өнөөдөр мөрдөх арга барилаа гаргаж тавьж чадахгүй байна.
-Сүүлийн үед их хэмжээний мөнгөтэй, тэр дундаа УИХ-ын гишүүдтэй холбоотой хэрэг гарлаа. Та үүнийг хэрхэн харж байна?
-Нэг зүйлийг баттай хэлэхэд аливаа гэмт хэрэг харагдах байдлаасаа хамаардаг юм биш. Түүнийг чинь мөрдөж, байцааж, шалгаж, шүүхийн шатанд мэтгэлцэн эцсийн шийдвэрээ гардаг.
Шүүхийн шатанд хэргийн шийдвэр нь гараагүй тохиолдолд эцсийн эцэст гэм буруутай гэж үзэхгүй. Гэмт хэрэг гэж зарлах ч хэрэггүй. Хүний нэр төрийн асуудал хөндөгдөнө.
-Харин ч нэрийг нь олон нийтэд зарлаж, шуугиан дэгдээгээд байгаа?
-Энэ бол буруу. Би Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн ялыг яагаад хүндрүүлсэнийг ойлгоогүй. Монгол ийм зарчмаар явж болохгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хяналтын шатны шүүхийн шийдвэр нь өөрчлөөд анхан шатны шүүхийн шийдвэрээс илүү өндөр ял өгч болдоггүй. Хэрвээ хүндрүүлэх ёстой гэж үзвэл мөрдөн байцаалтад буцаагаад дахин шалгаад хүндрүүлдэг. Хуулиараа ийм л байдаг.
АН-ынхан манай намыг дэндүү дээрэлхэж, доромжлоод байгаа.
Тэгэхээр ингэж олон шатны шүүхээр хэргийг нь дамжуулж дараа нь өөрчилж байснаас ганцхан Дээд шүүхтэй болмоор юм билээ. Д.Зориг гэдэг даргатай ганцхан Дээд шүүх байвал амар. Анхан шат, нийслэл ч хэрэггүй, Дээд шүүх л хэрэгтэй. Тэгээд Дээд шүүхэд очсон найман супермэнүүдтэйгээ Д.Зориг дарга хэргээ шийдвэрлээд явна биз.
Би Д.Батхуягийн ялыг хүндрүүлсэнийг хараад гайхсан. Юманд зарчим байх хэрэгтэй. Би өмгөөлөгч байсан. Өнөөдөр хэн ч шүүхээр явж болно. Хэн ч үнэнээ тогтоолгуулах эрхтэй. Гэхдээ үнэн гэдэг маш нарийн учраас хуулийн байгууллагад улстөрчийн оролцоог оролцуулж болохгүй. Улстөрчийн нөлөөлөлд байлгаж болохгүй юм.
-Ингэхэд Шадар сайд намынхаа сонгуулийн штабыг даргалж байсан. Гэтэл өөрөө ажлаа өгсөн гэсэн мэдээлэл байсан. Энэ ямар учиртай юм бол?
-АН-ынхан манай намыг дэндүү дээрэлхэж, доромжлоод байгаа. Яагаад ингэж доромжлох бүрэн эрхтэйг нь ойлгохгүй байна. Тэдэнд бид ямар өртэйгөө ч мэдэхгүй байна.