Уул уурхайн сайд Д.Ганхуяг асуулгын хариуг танилцууллаа.
2013.06.29

Өрсөлдөөн бий болсноор шатахууны жижиглэнгийн үнэ тогтвортой байна гэлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013-06-28/ үдээс хойшхи хуралдаанаар эхлээд УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатараас Уул уурхайн сайдад тавьсан “Газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийг тогтворжуулах ажлын хүрээнд Монголбанк, Уул уурхайн яамтай хамтран 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр баталсан Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн явц байдлын талаарх асуулга”-ын хариуг сонслоо.

Д.Ганхуяг сайдын танилцуулгад дурдагдсанаар, “Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдал нь эдийн засагт сөргөөр нөлөөлж, инфляцийг хөөрөгдөх нэгэн суурь хүчин зүйл болсоор ирсэн.

Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварыг өөрчлөх замаар дотоодын борлуулалтын үнийг тогтворжуулж ирсэн хэдий ч эдгээр татварын хөнгөлөлтийг бүрэн үзүүлсний дараагаар өөр зохицуулалт хийх хэрэгсэлгүй болж, улмаар гадаад үнийн огцом өсөлт дотоодын хэрэглээнд шууд нөлөөлөх нөхцөл бүрдсэн.

Энэ нь богино хугацаанд татварын зохицуулалтаас гадна санхүүгийн илүү оновчтой арга хэрэгслээр дамжуулан үнийн огцом өсөлтийн нөлөөллийг эдийн засагт аажим шингээх, инфляцийн дарамтыг бууруулах шаардлагыг болгож байсан.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан Уул уурхайн яам Монголбанктай хамтран санхүүжилтийн өртөг, ханшийн эрсдлийг гадаад зах зээлийн нөхцөлтэй уялдуулан зохицуулж, газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах /SIFS/ дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Уул уурхайн яам уг хөтөлбөрт оролцох хүсэлтэй компаниудын ирүүлсэн саналыг судлан үзээд, импортын хэмжээ, хот болон хөдөөгийн ШТС-ын тоо, бөөний болон жижиглэнгийн худалдааны хувь хэмжээг харьцуулсны үндсэн дээр санхүүжилтийн хэмжээг тодорхойлж, саналаа Монголбанкинд хүргүүлсэн.

2012 оны байдлаар нийт 12 хэрэгжүүлэгч компанид 3.8 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай 105.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна. Түүнчлэн дэд хөтөлбөрт заасны дагуу Монголбанк нь хөтөлбөрт оролцогч банкуудаар дамжуулан 11 компанитай нийт 94.0 тэрбум төгрөгтэй тэнцэх ам.долларыг 26 сарын дараа худалдах форвард хэлцлийг хамгийн бага зардлаар гүйцэтгэсэн.

Дэд хөтөлбөр хэрэгжсэнээс хойш хоёр сарын хугацаанд улсын хэмжээнд шатахууны нийт нөөц 2 дахин, тэр дундаа АИ-92 шатахууны нөөц 3.1 дахин нэмэгдсэн.

Дэд хөтөлбөр хэрэгжсэнээс хойш хоёр сарын хугацаанд улсын хэмжээнд шатахууны нийт нөөц 2 дахин, тэр дундаа АИ-92 шатахууны нөөц 3.1 дахин нэмэгдсэн.

Манай улс шатахууныг 100 хувь импортоор авдаг. 91 хувийг нь зөвхөн ОХУ-аас авдаг, нийт импортын 22 хувийг эзэлдэг, төлбөрт нь улсын валютын орлогын 15 хувийг зарцуулдаг зэргээс харахад шатахуунаас ихээхэн хамааралтай болох нь харагдаж байна.

Хөтөлбөр хэрэгжүүлснээр зээлийн хүүгийн зардал, валютын ханшийн өсөлтөөс компаниудад үзүүлж байгаа санхүүгийн дарамтыг бууруулж, гадаад үнийн өсөлтөөс бусад тохиолдолд дотоодын жижиглэнгийн үнэ өсөхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар:

Уул уурхайн сайдад асуулга тавьсан Б.Гарамгайбаатар гишүүн үг хэллээ. Тэрээр, Засгийн газраас Монголбанктай хэрэгжүүлж байгаа хөтөлбөр үр дүнгээ өгч байгаа гэдгийг ойлгож байгаа цаашид ч үр дүнгээ өгөх байх.

Мөн Уул уурхайн яам олон ажлууд хийж хэрэгжүүлж байгааг дэмжиж байна. Гэхдээ шийдлээ хүлээсэн олон асуудлууд энэ яаманд байгаа. Хамгийн гол нь үр дүн чухал. Асуулгын хариу хугацаа алдаж хийгдсэн. Үүнд цаашид яам анхаарлаа хандуулахыг хүсье гэлээ. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.