Уул уурхайн яамны сар бүрийн ээлжит хэвлэлийн хурал
2013.06.28

Шатдаг занарыг монгол компаниар судлуулж байна

Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 6 дугаар зүйлд “нүүрснээс хий, шингэн түлш гаргах ажлыг эрчимжүүлж, шатдаг занар, нүүрсний химийн үйлдвэрийг хөгжүүлэх судалгааг хийх” гэж заасан.

Энэ зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд “Газрын тосны тухай хууль”-ийн дагуу Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Газрын тосны газар,  АНУ-ын “Жени Ойл Шейл Монголиа” компанитай “Шатдаг занарыг газрын гүнд  in-situ аргаар боловсруулж, нийлэг хийн конденсат гаргах боломжийг тодорхойлох судалгааны ажлын гэрээ”-г 2013 онд шинэчлэн байгуулан  ажиллаж байна.

Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй  “Газрын тосны тухай хууль”-ийн 2.3-д “Газрын тосны хэрэг эрхлэх байгууллага” гэж “Монгол Улсын Засгийн газраас газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах тухай гэрээ байгуулах, түүний биелэлтэд хяналт тавих эрх олгосон байгууллагыг...” гэж заасан байдаг.

Дээрхи гэрээний зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэр дэх занарын тархацыг судлан үзэж, шатдаг занараас нийлэг хийн конденсат гарган авах боломжийг тодорхойлж, занарыг байгаль орчинд хоргүй аргаар газрын гүнд нь боловсруулж газрын тосны бүтээгдэхүүн (бензин, дизель болон онгоцны түлш, шатдаг хий зэрэг) үйлдвэрлэх технологийг нутагшуулах боломжийг судлах явдал юм.

“Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичгийн 3.3.3-т “ хайгуул ашиглалтын гэрээгээр газрын тосны уламжлалт бус эх үүсвэр /шатдаг занар, занарын хий, байгалийн битум, тослог элс г,м/ -ийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах” гэж заасан.

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2013 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж дэмжсэн.  Уг хуулийн төсөлд “уламжлалт бус газрын тос’’ гэж байгалийн битум, тослог элс, шатдаг занар, нүүрсний давхаргын метан хийг хамааруулж ойлгохоор тусгасан.  Ингэж тусгаснаар уламжлалт бус газрын тосны эх үүсвэртэй холбоотой харилцааг зохицуулахаар болж байгаа.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тостой холбогдсон үйл ажиллагааг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэн явуулна”, 4.3-т “Газрын тосны хайгуулын хөтөлбөрийг боловсруулж, гүйцэтгэлд нь хяналт тавих эрхийг зөвхөн газрын тосны хэрэг эрхлэх байгууллага эдэлнэ “ гэж  мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Эрэл, хайгуулын ажил явуулах хугацаа 5 хүртэл жил байна” гэж тус тус заасан байдаг.

Эдгээр заалтын дагуу Шадаг занарын судалгааны гэрээг байгуулж, хөтөлбөр, төсвийг батлан үйл ажиллагааг явуулж байна. Эрэл хайгуулын ажил гэдэгт Газрын тосны тухай хуулийн хүрээнд  геологи, геофизик, гидрогеологи, өрөмдлөг зэрэг судалгааны ажлууд хамааран ойлгогддог болно.

Гэвч газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга Улсын Их Хурлаар батлагдан гарах хүртэл шатдаг занарын судалгаанд өрөмдлөгийн хайгуул хийхийг хойшлуулаад байна.

Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас / хуучин нэрээр/  АНУ-ын “Жени Ойл энд Газ” компанитай “Шатдаг занараас хийн конденсат гаргах боломжийг тодорхойлох судалгааны ажлын гэрээ”-г 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр  байгуулсан.

Энэхүү гэрээний дагуу 2012 онд АНУ-ын “Жени Ойл энд Газ” компани  нь судалгааны ажлаа Төв аймгийн Эрдэнэсант, Бүрэн сумдын нутаг Дэвсэнгийн дэлийн  хөндийгөөс эхэлсэн бөгөөд  2012 онд батлагдсан Усны тухай хуулиар  усан орчинтой холбоотой шинжилгээ судалгааг гадаадын компаниар хийлгэхийг хориглосон тул Монгол Улсын төрийн өмчит үйлдвэрийн газар “Монгол ус” компанитай судалгааны гэрээ байгуулан ажилласан.

Судалгааны техникийн даалгаварын хүрээнд Геологи-гидрогеологийн маршрутаар хөндийн геологи-структурын тогтоц, газрын доорхи усны тэжээгдэл, зөөгдөл, хөлийн бүсүүдийг тодорхойлох, талбайд тархсан уст цэгийн бүртгэл, гидрогеологийн цооног өрөмдөх байрлалыг тодорхойлох, гидрогеохимийн дээжлэлт хий, цооног өрөмдөх зэрэг ажлууд хийгдэх байсан болно. Эдгээрээс 5 цооног өрөмдөж  гидрогеологийн судалгаа  хийхээр төлөвлөснөөс 3 цооног өрөмдсөн байна.   

Шатдаг занарыг газрын гүнд  in-situ аргаар боловсруулж, нийлэг хийн конденсат гаргах боломжийг тодорхойлох судалгааны ажлын гэрээ”-г хэрэгжүүлэх  судалгааны талбайд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас  Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийсэн бөгөөд “Грийн трендс” компаниар Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэж эхлээд байна хэмээн Уул уурхайн яамнаас мэдээлэв.