Газрын тосны тухай хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлэг дээрээ унав
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийн батлах эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй учир төслүүдийг санаачлагчид нь буцаалаа.
Хуулийн төсөл унахад УИХ-ын гишүүдийн оролцоо хангалтгүй байсан нь нөлөөллөө. Учир нь УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн гишүүдээс олонхи нь байхгүй, тэр дундаа сайдууд нь байхгүй, мөн УИХ дахь олонхийн бүлгийн сайд, УИХ-ын гишүүд байгаагүй нь санал хураалтад нөлөөллөө.
Хуулийн төсөлд зааснаар Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаар Тогтвортой байдлын гэрээ үйлчилэхээр, мөн Засгийн газар гэрээлэгч хоёр ашгаа 50, 50 хувиар хувааж авна. Харин өртгөө нөхсөний дараа Монголын Засгийн газар ашгийн 60 хувийг авахаар тусгаад байжээ.
Бусад оронд тухайлбал, Хятадад өртгөө нөхсөний дараа 60 хувийг Засгийн газар нь авдаг бол ОХУ-д 70 хувийг авдаг гэнэ. Харин Монгол дундажлан өртөгөө нөхсөний дараа ашгийнх нь 60 хувийг авахаар заагаад байжээ. Түүнчлэн эл салбарт хөрөнгө оруулах, хөрөнгө оруулагчийг хайгуулын эхний таван жил бүх төрлийн татвараас ашиглалтын эхний таван жилд Гааль болоод НӨАТ-аас тус бүр чөлөөлөхөөр заасан байсан аж. Гэвч хуулийн төслийг батлахаар санал хураалгахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн санал 50х50 болж тэнцсэнээр төсөл батлагдсангүй унасан юм.