Ч.Улаан:Өнөөгийн засгийн газар хүүхдээр бол “Тархины даралттай”
2011.11.21

Ч.Улаан:Өнөөгийн засгийн газар хүүхдээр бол “Тархины даралттай”

УИХ-ын гишүүн Ч.Улааныг Редакцийн зочноор урилаа. Зочны ярилцлагад МОНЦАМЭ агентлагийндаргаТ.Баасансүрэн, «МОНЦАМЭ мэдээ» сонины орлогч эрхлэгч Ш.Батболд, сэтгүүлч Г.Энхмандуул, Ш.Эрдэнэчимэг нар оролцов.

-МОНЦАМЭ сонин редакцийн зочноороо урьсан явдалд баярлалаа. МОНЦАМЭ гэдэг хүүхэд байхын л хамгийн шуурхай, хамгийн үнэн зөв мэдээлэл өгдөг гэсэн ойлголттой байсан. Тэр үед үнэний шалгуур болж байсан "Үнэн" сонин хүртэл МОНЦАМЭ-ээс шууд иш татдаг байлаа шүү дээ. Тиймээс ч МОНЦАМЭ-ийн Редакцийн зочны ярилцлагад орж байгаагаа нэр төрийн хэрэг гэж үзэж байна.

-Та бол нэртэй эдийн засагч, эрдэмтний нэг. Тийм учраас хамгийн хэний асуулт мэргэжлийн эдийн засагчаас шинэ үг сонсмоор байна. Монголын эдийн засаг хөгжиж байна уу?

-Мэдээж хөгжиж, чадваржиж, өргөжин тэлж байна. Гэхдээ бүх асУУДал хоёр талтай. Үүнээс илүү хурдан хөгжих бололцоо байсан уу, тэрийг нь бид ашиглаж чадаж байна уу, гэвэл нэг асуудал гарна. Өнөөдрийн энэ хөгжил үр дүнтэй хөгжил мөн үү гэвэл бас нэг асуудал гарна. Ард түмний дунд гарч байгаа шүүмжлэл, ярианаас үзэхэд өнөөдрийн хөгжлийн үр дүнг төдийлөн сайн мэдэрч Чадахгүй байна гэдэг. Тийм учраас эдийн засаг хөгжихгүй байна гэж ярих хүн олон таарна. Яагаад вэ? Эдийн засаг өргөжөөд байдаг, хөрөнгө мөнгөний гачаалаас гараад төр засгийн байгууллагууд нь бийлэгжүү загнаад байдаг. Гэтэл ард иргэдийн амьдрал яагаад дээшлэхгүй байна.

Өнөөдрийн эдийн засгийн хөгжилд "хөөс" байгаад байна.

Буурай хөгжилтэй, жижигхэн эдийн засагтай улс орон хөгжлийн эхний шатандаа "хөөсрөх" хандлагатай тулгардаг л даа. Жишээ нь. жижигхэн шилэн аяганд шар айраг хийхэд тал нь хөөсрөөд дүүрч байхтай адил. Тэгэхээр аль болох хөөсийг түргэн арилгаж, цаана байгаа үр дүнг нь ард иргэддээ бодитойгоор хүртээх л бодлого явуулах шаардлагатай болдог. Эдийн засаг дахь "хөөс" зөвхөн ард иргэдийн амьдралд ч мэдрэгддэг юм биш. Хэрвээ "хөөс"-нд их шохоорхож хууртвал бүх эдийн засгийн үзүүлэлт буруу гарч олон сөрөг үр дагавар дагуулна. Эдийн засаг хална. Тиймээс өнөөгийн эдийн засагт маш ул суурьтай задлан шинжилгээ хийж, мэргэжлийн өндөр түвшинд бодлогоо тодорхойлох ёстой гэж боддог. Тэгэхгүй зөвхөн харагдаж байгаа хөөсөнд хууртаад, хэрэглээнд хөтлөгдөөд зөнгөөрөө хөвөөд байвал удахгүй хүнд байдалд орно. Эдийн засаг зардлаа даахаа болино, үр ашиггүй үрэлгэн болно. Ард түмний амьдрал дээшлэх бус харин үнэ ханшийн өсөлтөд идэгдэнэ. Ийм сөрөг үр дагавар хүндрэл бэрхшээл гарч болох нөхцөл байдал үүссэн байгааг анхаарахгүй байж болохгүй.

-Сүүлийн үед манайд Монгол Улсын хөгжлийг "үсрэнгүй хөгжил" гэж нэрлэдэг боллоо. Энэ их айхавтар нэр томьёо байх. Хэдхэн хоногийн өмнө БНХАУ-аар явлаа. Эдийн засгийн өсөлтийг их ярих юм. Танайх ямархуу байдалтай хөгжиж байна вэ? гэж асуухад "Хөгжиж байгаа орон" л гэж ярих юм. Тэгсэн мөртөө тэр ард иргэдийн цалин, хангамж, хүнд наалдаж байгаа зүйл нь хамаагүй илүү. Гэхдээ үсрэнгүй хөгжил ярихгүй юм. Даруу л байдаг байх. Манайх бол «бар» болно гэж баахан давхисан. Одоо үсрэнгүй хөгжил гээд байх юм. Үсрэнгүй хөгжил гэдгийг бид олж харж чадахгүй байна уу?

- Манай монголчуудын нэг онцлог бол аливаа юманд их өөдрөг ханддаг, "ашдын билгээс амны билэг" гэж ярьдаг. Нөгөө талаасаа бол ер нь их сүржин улс юм шиг. Юм л бол анх удаа, юм л бол үсрэнгүй, эсвэл бүр цоо шинэ шатанд гарлаа гэх мэтээр. Их уянгын халилтай ярих дуртай байдаг шиг байгаа юм.

Яг эдийн засгийн утгаар нь аваад үзвэл "үсрэнгүй хөгжил" гэдэг бол их өргөн хүрээтэй ойлголт гэж үзэж байна.

Эдийн засгийн хөгжлийн үр дүн нь ард иргэдийнхээ амьдралд тусч мэдрэгдсэн; нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд нь хоорондоо балансжиж жигдэрсэн; тогтвортой урт хугацаанд өндөр хурдацтайгаар хөгжиж байвал үсрэнгүй хөгжил гэх болов уу. Гадаад зах зээлээс ихээхэн хараат мөртөө дэлхийн зах зээлийн үнийн өсөлтийн хэсэгхэн хугацааны таатай өөрчлөлт үүлэн чөлөөний нар тусангуут л бид үсрэх гээд байх шиг байгаа юм. Ер нь урт хугацаанд тогтвортой хөгжих үндсийг бий болгосон эдийн засагт цоо шинэ давуу талыг эргэлтэд оруулсан цагт бид үсрэнгүй хөгжлийг ярих боломжтой байх. Манайхан өөрсдөө бол нэг их сайрхаж байна ч гэж санаа зовдоггүй, даруу биш байна ч гэж ичдэггүй ярьж л байдаг нь сэтгэхүйд байгаа бас нэг "хөөс" юм. Ер нь сүржин уриа лоозон, мэдэмхийрсэн том дүгнэлтээс бодитой ажлын үр дүн гардаггүй шүү дээ.

-Эдийн засаг ирэх жил 25 хувьд хүрнэ гээд байдаг. Гэтэл ажилгүйдэл, ядуурал буурахгүй байна. Жирийн иргэдэд хүрэхгүй байна. Баялгийн 50 гаруй хувь нь хүн амын хоёрхон хувьд байдаг гэсэн мэдээлэл харлаа.

-Харин ч бага байна. Бүр 80 гаруй хувь нь гэсэн яриа ч байдаг. Тэгэхээр их л бодох ёстой болж байна. Хүүхдүүд маань "сайн уу, муу юу аль нь вэ хө" гээд л дуулаад байгаа биз дээ. Бүх юман дээр ийм асуулт тавьж ямар хариулт өгөгдөхийг бодмоор байна. "Эдийн засаг 25 хувь өснө" гэдэг сайн уу, муу юу? Сайн нь юу байна, муу нь юу байна, муугаас нь яаж зайлах вэ? Зүгээр л 25 хувь өснө гээд л хөөрөөд цээжээ дэлдээд байх нь зөв үү гэх мэт. Ингэвэл "Шинэ баян цээж өвчтэй" гэдэг доогтой шүүмжлэлд өртөхгүй байж болмоор байгаа юм.

Үнэн хэрэгтээ энэ өндөр өсөлтийг ухаалаг жолоодож зохицуулахгүй бол аюул дагуулна.

Бүр аюул шүү. Маш энгийнээр төсөөлбөл эдийн засаг хэт халж хэрэгцээгээ дотоодоосоо хангаж чадахаа больж асар их хэмжээгээр импорт нэмэгдэнэ. Үүнээс болж гадны хараат болно. Дотоодод үнийн хөөрөгдөл үүснэ. Хяналтгүй, жолоодлогогүй үнийн өсөлт бол "Гиперинфляци"-ийн аюулд хүргэдэг юм. 2008 онд барилгын материалын хэрэгцээ өсөхөд л барилгын үнэ, ам.метр орон сууцны талбайн үнэлгээ нь 2000 ам.доллар даваад явчихсан, одоо ч буухгүй л байна шүү дээ. Ийм үнийн өсөлттэй тэмцэж байгаа газар алга байна шүү дээ. Монголбанк л хатуу бодлого явууллаа, бодлогын хүүгээ нэмлээ гэж шүүмжлэгдэж байна.

-Арилжааны банкнууд Монгол-банкны хатуу бодлогод их дургүй байгаа. Гэхдээ энэ бодлого зөв биз дээ?

Монголбанкнаас явуулж байгаа бодлогыг ойлгож, дэмжиж байгаа хүн бараг байхгүй байна. Хэрвээ ийм хатуу бодлогыг Монголбанк явуулаагүй бол өнөөдөр байдал шал өөр, байдалтай инфляцийн аюул, сүйрлийг бид нэлээн өндөр түвшинд мэдэрсэн байх байсан, Харин төв банк чаргууцалдсаар байгаагийн хүчинд инфляцийн хүч нилээд саараад байна. Хэрвээ мөнгөний бодлогоо сул тавилаа л бол "жолоог нь хүзүүнд нь уяад чүү гээд гуядлаа" гэдэгтэй л адил болно шүү. Хаашаа явах, юунд хүрэхийг төсөөлөх аргагүй. Тиймээс маш ухаалаг эдийн засгийн уялдуулсан бодлого явуулах ёстой юм. Өнөөдөр Монголд эдийн засгийн нэгдсэн бодлого байхгүй байна. Нэгдсэн бодлого явуулдаг төрийн захиргааны төв байгууллага ч алга. Сангийн яам бол шал өөр, орлогоо бүрдүүлж, өдөр тутмын хэрэгцээг залгуулах нэн тэргүүний үүрэгтэй болохоос биш урт хугацааны хөгжлийн прогноз хийх, эдийн засгийн нэгдсэн уялдаа зохицуулалтыг хангах хариуцлагыг хүлээдэггүй юм л даа.

-Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо бий шүү дээ?

-Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо нь дээр дурьдсан үйл ажиллагааг эрхлэх стратегийн удирдлагын байгууллага юм. Гэтэл энэ хороог ч жижигдүүлчихсэн учир эрх мэдэл нь ч хүрэхгүй, яамд нь ч захирагдахгүй, өөрийнх нь чадавх улс орны эдийн засгийг жолоодоод явах хэмжээнд хүрээгүй хоёрын хооронд, гурвын дунд юм болчихсон. Үүнээс болоод өнөөдөр Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо юу хийж байна вэ, хэрэгтэй юмуу, үгүй юмуу гэдэг асуудал яригдах болсон.

Өмнөд хөршөөс та сая жишээ авсан.

Өмнөд хөршийн хөгжлийг өнөөдөр Хөгжлийн хороо нь жолооддог. Японы хөгжлийг Эдийн засаг, хөгжлийн агентлаг зохицуулдаг. Тэд чинь хөгжлийн өндөр түвшинд хүрсэн, төрийн ажиллагаа нь жигдэрсэн улсууд учраас яам байна уу, агентлаг байна уу гэдэг нь нөлөөлдөггүй. Тогтсон горимоороо дүрэм журмаараа ажил үйлс нь явдаг. Японы Засгийн газрын гаргаж байгаа бүх шийдвэр дээрх агентлагаар шүүгдэж, нэгдсэн бодлогоор зангидагдаж байж сая хүчин төгөлдөр болдог. Японы жишгийг манайхан дуурайгаад л ийм бүтэц хийсэн юм шиг байгаа юм. Гэтэл манайд шал өөр нөхцөл байдалтай, ойлголттой. Яам гэвэл дээшээ л явна. Агентлаг гэвэл нэлээн доохон байна гэж ойлгодог. Наад захын яамны мэргэжилтэн агентлаг дээр дуудаж байна гэвэл очихгүй дээ. Тийм учраас манайд их өвөрмөц нөхцөл байна. Гадны нэг судлаач "Монголын эдийн засаг номын биш эдийн засаг" гэж бичсэн байсан. Улс орнуудад үйлчилдэг нийтлэг хандлага зүй тогтлууд Монголд үйлчлэхгүй байдаг. Тиймээс Монголын эдийн засгийг жич судалж өөрт нь таарсан загвар гаргаж байж жолоодох ёстой болж байгаа юм. Гэтэл манайхан хуулаад л тавиад байдаг учраас бодитой ажил болохгүй байна шүү дээ.

-Бидний ярилцлага ирэх оны төсөв хэлэлцэж байгаа, төсвийн тодотгол хийсэн энэ үед болж байна. Мэргэжлийн сайд байсан хүний хувьд асуухадтөсвийн тодотголыг он дуусах үед хийдэг ёстой юм уу? Ирэх оны төсвийг ярьж байгаа энэ баталж тавьж байгаа тоог харахад их л хачин харагдаад байна. Ээлжит сонгууль дөхөж байгаа учир гэжтайлбарлах байх л даа. Нөгөө тогтвортой бодлого, урт хугацааны бодлогоо барьж явах ёстой юм биш үү?

-Хэрвээ урт хугацааны бодлогодоо захирагддаг байсан бол байдал огт өөр байна л даа. Харамсалтай нь тийм биш байна Тодотголын хувьд ярихад амьдрал баян учраас бүхнийг урьдчилж харж төлөвлөж, тооцох боломжгүй болохоор зайлшгүй нөхцөл үүсвэл тодотгол хийх нь зөв. Яагаад гэвэл төсөв өөрөө бодитой, бүтээлч баримт бичиг байх ёстой. Харин хэзээ тодотгох вэ гэдгээс их зүйл хамаарна. Дөнгөж он гараад тодотговол бид бодлогоо богинохон харж байгаагийн шинж. Оны Дундуур, ажил хэрэг ид өрнөсөн, эрч хүчээ авчихсан үед нь тодотгож байгаа бол "ажил хэрэгч" тодотгол болно. Оны эцсээр тодотгож байгааг би таашаадаггүй, учир нь ажил хэрэгч гэхээсээ илүү хууль зөрчсөн, хэтрүүлсэн буруу үйл ажиллагаагаа зөвтгөсөн, өнгөлөн далдалсан байдалд хөтлөгдчих гээд байдаг.

Тэр тусмаа энэ оны төсвийн тодотголыг би бүр анхнаасаа дэмжээгүй.

Яагаад гэвэл сонгууль ойртсон, хүмүүс сонгуулиар амьсгалаад эхэлсэн энэ үед тодотгол хийх нь төсвийг сайжруулж чадахгүй байх гэсэн болгоомжлол байснаас тэр. Төсвийг сайжруулж чадаагүй. Миний хувьдаа мөрддөг нэг зарчим байдаг. Хэрвээ сайжруулж чадахгүй бол хуучныг өөрчлөөд хэрэггүй гэж. Төсөвт тодотгол хийснээр эдийн засгийн үзүүлэлт муудсан, зардал нэмэгдсэн. Оны эцэст эдийн засгийн үр ашиг ихээхэн буурсан дүн гарах байх. Дуусаагүй хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Зардал их хурдтай өснө. Эргээд энэ нь ирэх оны төсөв дээр ачаа болно. Энэ оны төсөв ирэх оны төсвийн суурь болдог учраас сууриа зөв тавьж авахгүй бол ирэх оны төсөв өөрөө асуудалтай болно. Одоо яая гэх вэ дээ, нэгэнт баталчихсан төсвийг. Ер нь нөхцөл байдал нөлөөлсөн гэж зөвтгөх нь хаашаа юм, хариуцлагагүйгээс болсон гэж чангалах нь хаашаа ч юм ийм л юм боллоо. Өнөөгийн Засгийн газрыг хүүхдээр бол "тархины даралттай" төрсөн гэж боддог юм. Төрсөн цагаасаа л эхлээд яаж сонгуулийн энэ их амлалтыг биелүүлэх вэ гэдэг маш том асуудалтай тулгарсан. Эрүүл саруулаар бодож тооцох бололцоо ч олдсонгүй. Ам алдвал барьж болдоггүй гээд зүтгээд л байдаг, зүтгээд л байдаг. Цаашлах тутам ачаа нь улам хүндрээд, дааж давахын аргагүй болж байна. Ард иргэдийн хувьд бол үзэгдэж харагдахуйц нааштай ахиц өөрчлөлт гарахгүй байна. Нэг кинон дээр "шан чинь шарх болох вий дээ" гэж байдаг даа. Нээрээ энэ их огцом өсөөд байгаа цалин тэтгэвэр,шагнал урамшил чинь эргээд дарамт болох юм биш үү.Дотоодын үйлдвэрлэлээр баталгаажаагүй таваарын хомсдолтой үед хэрэглээ өсөх нь үнийн хөөрөгдлийг л дагуулдаг. Бараа нь байхгүй.Хүний гар дээр мөнгө байна.Үйлдвэрлэгчид,борлуулагчид дампуурахгүйн тулд.зах зээлийн тэнцвэрийг хадгалахын тулд үнээ л нэмнэ өөр арга байхгүй.Амьдрал дээр үнийн өсөлтийг дааж давахаа болилоо,төрөөс зохицуулж өгөөч гэсэн хүн олон тааралдах болж байна.Бас л бөөн асуудал үүсжээ.

-Хамтарсан Засгийн газар байгуулагдахдаа гэрээ хэлэлцээр байгуулсан. Үүний хэрэгжилт муу байна. Баттулга сайд 30-40 хувьтай байна гэсэн байсан 4 жил болж байхад амлалт ш 30-40-хөн хувьтай байх юм бол ямар хэрэг байх юм бэ? Амлалтаабиелүүлэх гээд зүтгээд, мөртөө биелүүлж чадаагүй байх юм?

- Яг л түрүүний хэлдэг анхнаасаа тархины даралттай төрснийх. Тэр эмгэг нь "сонгуулийн амлалт" шүү дээ. Анхнаасаа л маш хүнд ачаа үүрчихлээ дийлэхгүй нь гэдгээ мэдэрсэн учраас хамтарсан Засгийн газар байгуулж хариуцлагаа хуваалцахыг бодсон байхыг үгүйсгэх аргагүй. Анхнаасаа айдсын өмнө байгуулагдсан учраас учир шалтгаан үнэн мөнөө хэлж чадаагүй. Ам алдвал барьж болдоггүй болохоор хэлээд ч хүмүүс хүлээж авахгүй учраас биелүүлэх гээд зүтгэхээс өөр аргагүй. Үнэхээр чадал нь хүрэхгүй юм чинь яах юм. Тавантолгой, Оюутолгой эдийн засгийн эргэлтэд орж амжаагүй байхад хаанаас ийм их мөнгө бий болох юм. Ингээд л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээч болж байна. Уг нь хамтарсан Засгийн газар анх байгуулагдаж байх үедээ л үүнийг  чадна, үүнийг нь чадахгүй гээд үнэнээ хэлчихсэн бол байдал арай өөр байх байсан юм. Нөгөө
"буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ" гэгч болохгүй байсан. Бид эдийн засгаа хямруулчихвал, ядуурлаа нэмэгдүүлчихвэл, үнийнхээ өсөлтийг дэвэргэчихвэл ёстой шороо тээж байгаа нь тэр болно шүү.

 

Улстөрчид жүжигчид байх ёсгүй

 

-Цалин тэтгэврийн нэмэгдэлбодит нэмэгдэл болж чадах уу?Хамаг хүчээ сонгуулийн өмнө шавхах гээд байна уу даа.

-Бодит нэмэгдэл биш, тоон үзүүлэлтийг нэмэгдэл болчих гээд байгаа учраас би ирэх оны төсвийг "насгүй төсөв" гээд хэлчихсэн тал бий. Бушуухан сонгууль болоод өнгөрөөсэй. Тэгвэл арай эрүүл саруулаар сэтгэж, ядаж 4 жил ажиллахаа бодож төсвөө тодотгох байх гэж бодож байна. Тэр үеийн эдийн засаг, санхүүгийн бодлогоо үндсээр нь эргүүлэх хэрэгтэй болно доо. Өнөөгийн УИХ, Засгийн газар тийм өөрчлөлт хийх бололцоо ч байхгүй, чадах ч үгүй.

-Мэддэггүй, чаддаггүй юм бол тэр чиглэлийн мэргэжилтэй гишүүдийнхээ үгэнд ордоггүй юмуу?

-Одоо чинь мэддэггүй хүн байхгүй болсон. Монгол улсад одоо 76 Сангийн сайд байгаа юм биш үү.

-Зарим орон эдийн засгийн өсөлтийг барьж байдаг. Гэтэл манай эдийн засгийн өсөлт "хөөс" гэдэг нь тодорхой. Үнийг барьж болдоггүй юмуу, эсвэл ард түмэнд нэг их өндөр үзүүлэлтэй болж харагдах гээд байдаг юмуу?

Сүүлийн 20-иод жил өмнөд хөрш эдийн засгийн өсөлтөө бодлогоор зохицуулж ирсэн. Дээд тал нь 12 хувь хүргээд л барьчихдаг байлаа л даа. Эдийн засаг хэт халбал эргээд хямралд хүргэдэг гэдгийг сайн мэдэрсэн юм болов уу л гэж боддог юм. Манай эдийн засаг номын бишээс гадна маш жижигхэн, тиймээс маш мэдрэмтгий, тэр хэмжээгээрээ эмзэг. Оюутолгойн эхний хөрөнгө оруулалт ороод ирэхэд л эдийн засгийн өсөлт 20-30 хувь болоод явчихаж байна. Энэ үед бид уул уурхайн нөлөөллөөс нь ялгаж байгаад эдийн засгийн бодлогоо тодорхойлж уялдуулж авч үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл цочир өсгөж байгаа хүчин зүйлээ чөлөөлөөд суурь эдийн засгийнхаа чадамж дээр тооцоогоо хийж, үр өгөөжөө ярьж байх ёстой. Эдийн засгийн хэт өндөр өсөлт гэдэг бол бидний хүсэн хүлээж байгаа эцсийн үр дүн биш. Энэ бол завсрын үзэгдэл. Тэгэхээр завсрын үзэгдлийн үзүүлэлтийг яриад байгаа учраас өнөөх чинь ард түмний амьдрал дээр бууж харагдахгүй байгаа юм л даа. Иргэд өндөр өсөлтийн хувь харахаараа ил үү ихийг нэхээд байдаг. Гэтэл анхны том хөрөнгө оруулалт чинь бүтээгдэхүүн болоогүй, өгөөжөө өгөх болоогүй байгааг ард түмэнд ойлгуулж ярихгүй байна. Эдийн засгийн өсөлтийг зөв хүлээн авч удирдах ёстой. Эдийн засгийг савлагаатай байдалд оруулчихгүйн тулд бид хоёр жил ноцолдож байж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлуулсан боловч хэрэгжилтийг нь хойш тавьсаар л байгаа нь харамсалтай.

-Таныг Сангийн сайдаар, Н.Энхбаярыг Ерөнхий сайдаар ажиллаж байхад танай Засгийн газар Монголын түүхэнд нэгэн том гавьяа байгуулсан нь их өрийг тэглэсэн явдал. Хэчнээн муулаад ч үүнийг үгүйсгэх аргагүй. Гэтэл өнгөрсөн 20-иод жилд авсан өр жигтэйхэн их өсөж. Өр авах ёстой байх л даа. Гэхдээ бодолтой бодлоготой байх ёстой юм биш үү?

-Өр зээлд болгоомжтой хандах ёстой. Яах аргагүй их өрнөөс салсан явдал Монголын эдийн засгийг эрүүлжүүлсэн, үндсэндээ тусгаар тогтнолыг эдийн засгийн аргаар баталгаажуулсан чухал ололт мөн. Үүнийг хаана ч хэлнэ, хоног хугацаа өнгөрөх тусам ач холбогдол нь улам тод болно. Одоо Европ өрийн хямралд орж байгаа тухай шуугиж эхэллээ. Энэ үед бид хуучны их өртэй байсан бол байдал улам л  бүрхэг болно биз дээ. Ер нь өр зээлийн асуудалд маш ухаалаг, мэдлэгтэйгээр хандах ёстой.

Дэлхий дээр өргүй улс байхгүй л дээ

Аливаа зээл үр өгөөжтэй ашиглагдах, эргээд өөрөө өөрийгөө төлөх чадвартай байвал авч болно. 1992-2010 он хүртэл бид 20-40 жилд төлөх, эхний 10 жилд үндсэн төлбөр хийхгүй, хүү нь маш бага хөнгөлөлттэй зээлийг л авах бодлого барьсан. Засгийн газрын шугамаар арилжааны нөхцөлтэй зээл аваагүй. Арилжааны зээл хүү өндөр, ашигласныхаа дараа жилээс төлбөр нь эхэлдэг учир эдийн засагт дарамттай байдаг юм. 1992 оноос хойшхи хугацаанд ашигласан 4 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл байна. Өр, зээл одоо ДНБ-ний 50 орчим хувьтай байна. Энэ бол дарамт биш. Харин сүүлийн үед арилжааны зээл аваад эхэлсэн нь санаа зовоож байна. Оюутолгойгоос урьдчилгаа авсан гээд байгаа боловч энэ бол зээл шүү дээ.

-Одоо нэхээд эхэлсэн юм биш үү?

-Нэхээд эхэлсэн тухай хэвлэл мэдээллээр шуугиад л байна. Тэгэхээр арилжааны зээл эдийн засагт дарамт учруулдаг нь харагдаж байгаа биз дээ. Арилжааны зээл авч ашиглах ёсгүй, авдаг юмаа гэхэд ашигтай төсөл дээр авахаас биш Засгийн газар өөр дээрээ авч болохгүй. Өнөөдөр Европын Холбоо өрийн хямралыг хохирол багатай давахын тулд яах вэ гэж толгойгоо өвтгөж байна. Өрийн хямрал хэзээ ч бий болж болзошгүйг мартаж огт болохгүй.

-Томруулж хэлбэл энэ чинь гэмт хэрэг юм биш үү?

- Их өрөнд оруулсан хүмүүст хариуцлага тооцох ёстой гээд л 90-ээд оны эхээр баахан шуугиад байсан. Монголын төрж байгаа хүүхэд бүхэн 5-6 сая төгрөгийн өртэй төрж байна гээд л. Тэгсэн харин нь тэр их өрийг чөлөөлүүлсэн хүмүүс маань хариуцлага хүлээхээ шахсан биз дээ. Гэтэл өнөөдөр сонгуулийн амлалтаа л биелүүлж байвал, хүмүүсийн гар дээр мөнгө тавьж л байвал өр тавих ч юу ч биш гэж болохгүй л дээ.

-Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй гэдэг шиг сонгууль болтол ямар ч аргаар хамаагүй аргалах гээд байгаа юм аа даа?

-Яг тийм. Францын хааны хэлсэн "Миний дараа юу ч болсон яах вэ?" гэсэн утгатай үг байдаг шүү дээ. Үүн шиг асуудалд хандаад байна. Яагаад энэ тогтвортой байдлын хуулийг хэрэгжүүлэхгүй хойш татаад байгаа юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэрэгжүүлээд төсвийн зардлаа хязгаарлаад, төсвийн алдагдлаа багасгаад явах учиртай. Төсвийн алдагдал ирэх онд 4 хувиас хэтрэхгүй байх ёстой. Энэ онд бол 10 хувь хүрч байгаа. Миний дараагийн хүмүүс л хэрэгжүүлнэ биз гээд орхиод байвал дэндүү хувиа хичээсэн хариуцлагагүй явдал болно.

-УИХ хууль,тогтоол гаргахдаа хэрэгжүүл гэж гаргаж байгаа биз дээ. Хойш нь тавиад бай гэж гаргаагүй биз дээ? Хууль тогтоолыг үг дуугүй хэрэгжүүлэх ёстой. Хэрэгжүүлэхгүй байгаа Зас-гийн газарт хариуцлага тооцож болохгүй юмуу? УИХ-ын 57-р тогтоолын талаар хэсэг гишүүд шаардлага тавиад байсан юу болсон бэ?

-Онолын хувьд таны тавьж байгаа бүх асуудал зөв. Тийм л байх ёстой. Гэтэл өнөөдөр тийм биш, номын биш Монгол болчхоод байна. Хууль гаргадаг, хэрэгжүүлдэггүй шалтаг, шалтгаан тоочоод байдаг жишиг тогтсон байдаг. УИХ 57 дугаар тогтоолоо хэрхэн хэрэгжүүлсэн байгааг дүгнэх хэрэгтэй. Энэ нь хэрэгжсэн, энэ нь боломжгүй, энэ нь хэрэгжээгүй гэх мэт. Тэгээд хариуцлагаа яривал бүх асуудал ойлгомжтой болно. Гэтэл тэгэхгүй шийдвэр гаргаад л орхичихсон байна. Манайхан шийдвэр гаргаснаа ажил хийсэнд тооцдог, хэлэх нь хийхийн хагас гэж боддог зуршилтай болчихжээ.

-Жүжигчид энд тэнд очоод ярьж ярьж, тэрийгээ ажил хийлээ гэдэг шиг үү?

-Жүжигчин хүний хувьд бол ажил нь байх. Гэхдээ бид чинь улс төрчид чинь жүжигчид байх ёсгүй. Хуулиараа ард түмний элч, бүх нийтийн төлөө тодорхой ажиллах ёстой, хуулиа дээдлэн хэрэгжүүлэх тангарагтай хүмүүс л дээ.

-Гишүүдийн гэх нэртэй нэг тэрбум төгрөгийг зарим хүмүүс шүүмжилдэг. Таны хувьд яаж зарцуулсан бэ?

-Гишүүдийн нэртэй нэг тэрбум төгрөгийг зов ойлгох хэрэгтэй байгаа юм. Аймаг,орон нутагт хуваарилагдаж байгаа хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал алдагдаж араасаа үргэлж хэл ам, хардлага сэрдлэг дагуулж байдаг. 2012 оны төсвөөр жишээ авахад Булган, Говь-Алтай, Сүхбаатар зэрэг 5-6 аймаг 14-18 тэрбумын хөрөнгө оруулалттай байхад нэлээд олон аймагт 70-80 тэрбумыг төлөвлөсөн байна. УИХ-ын гишүүдийн хооронд, аймгуудын хооронд ялгаа гаргахгүй байх, хөрөнгө оруулалтыг болон бодлогыг тэнцвэржүүлэхийн тулд тойргуудад 500 саяас нэг тэрбум төгрөг өгч ижил нөхцөл бүрдүүлээд төсөвт тусгагдаагүй ч зайлшгүй хэрэгцээтэй асуудлыг шийдэх зорилго тавьсан юм. Гэтэл хэрэгжих явцдаа зарим газар гажуудал гарч буцалтгүй тусламж, зээл болгоод өгчихсөн, бэлэг болгоод тараачихсан, сургалтын төлбөрт зарцуулсан байна лээ, Миний хувьд аймаг өөрийн хөрөнгөөр шийдэж чадахгүй, улсын төсөвт тусгагдаагүй объектод хөрөнгө оруулалт болгон зарцуулж байгаа.

2009 онд гишүүдийн хөрөнгө оруулалт 500 сая төгрөг байсан бөгөөд түүнээсээ;

-150 саяыг аймгийн төвд баригдах дулааны цахилгаан станц, дулааны шугам сүлжээний шинэчлэлтийн зураг төсөв боловсруулахад;

-115 саяыг «Гэр» төсөлд

-50 саяыг Талбулагийн уурхайн хотхон болон ойр орчмын малчдыг гар утастай болгох төсөлд

-50 саяыг Баруун-Урт суманд иж бүрэн худалдааны зах байгуулахад

-90 саяыг сумдын Засаг даргын Тамгын газруудад тоног төхөөрөмж, техник хэрэгслэл, Наран, Асгат суманд авто машин, Эрдэнэцагаан суманд түргэний машин авч өгөхөд

-48 саяыг Халзан, Дарьганга, Түвшинширээ сумын шинээр ашиглалтад орсон сургуулиудад ширээ сандал, тоног төхөөрөмж, компьютер авч өгөхөд зарцуулсан байна.

2010 онд гишүүдийн хөрөнгө оруулалт нэг тэрбум төгрөг болсон бөгөөд түүнээсээ;

-235 саяыг бүх сумдад жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх "Сумын эргэлтийн сан" байгуулахад,

-100 саяыг Дарьганга, Эрдэнэ-цагаан зэрэг суманд соёлын төв, спорт цогцолборын зураг төсөв хийх-, бэлтгэл хангахад,

-50 саяыг аймгийн төвд кабелийн телевиз, олон сувгийн антенн суурилуулахад,

-45 саяыг Уулбаян суманд цэцэрлэг, Наран суманд ахмадын соёл, үйлчилгээний төв барихад,

-40 саяыг аймгийн болон сумдын сургуулиудад үндэсний бөхийн дэвжээ байгуулахад,

-30 саяыг Алтан-Овоо, Ганга-нуурыг хөрсний эвдрэл, элсний нүүдлээс хамгаалахад,

-500 саяыг Мянганы замын бүтээн байгуулалтад хуваарилан зарцуулсан.

Энэ онд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаа дараах төсөл арга хэмжээнд хуваарилан зарцуулж байна. Үүнд;

-200 саяыг 13 сумын 26 багийг тохижуулах, шинээр төвтэй болоход,

-200 саяыг хөдөөгийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмж авч өгөхөд,

-150 саяыг Мөнххаан сумын сургуулийг өргөтгөхөд,

-150 саяыг Онгон суманд спорт цогцолбор байгуулахад,

-200 саяыг Дарьганга, Эрдэнэцагаан суманд соёл урлаг, спортын өргөө барихад

-50 саяыг Түмэнцогт сумын спорт заалыг засварлахад,

-50 саяыг Сүхбаатар сумын соёлын төвийн дээврийг засварлахад.

Гишүүний санаачилгаар сүүлийн 3 жилд хэрэгжсэн 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төслүүд маань 20-иод тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бүтээн байгуулалт болж хэрэгжээд байна.

 

 

 

Аль ч уурхайд миний хувь оролцоо байхгүй

 

Жил гаруйн өмнө Сүхбаатар аймгаар явж үзлээ. 20-30 км яваад нэг хүн тааралдах юм. Зам харгуй асуух санаатай очоод ярихаар ярихгүй юм. Явж байгаад нэг жижигхэн үйлдвэр гараад ирэх юм. Очоод сурвалжлах гэхээр болохгүй, битгий ярь гэсэн гээд байх юм. Сүхбаатар урд зүгийн үүд хаалга, эх орны алтан босго. Алтан босгыг даваад айлын хүмүүс ирээд суучихсан юм биш байгаа? Аймгийн хөгжил дэвшил ямар байна даа?

Ийм байдал тааралдаж болох талтай ч түгээмэл биш. Сүхбаатар аймагт гадаадын хөрөнгө оруулалттай 3 том, орон нутгийн шинж чанартай 4-5 жижиг үйлдвэр ажиллаж байгаа юм. Аль болох хяналттай байлгах, хуулийг хатуу дагаж мөрддөг байх, нутгийн иргэдтэй хэл амаа ололцож хамтарч ажиллуулах тал дээр чадлын хэрээр анхаарч байна. Ялангуяа, манай Эрдэнэцагаан суманд хэд хэдэн уул уурхайн үйлдвэр бий болсон учир бүртгэл тооцоотой хяналттай байлгах зорилгоор ард иргэдийн санаачилгаар "Газар шороо" хөдөлгөөн байгуулагдан ажиллаж байгаа.

Орон нутаг ч хяналт тавьдаг.

Хуульд ИТХ хяналтын зөвлөл байгуулан ажиллуулах заалт байдаг ч ийм зөвлөл тэр бүр байдаггүй юм шиг байна билээ. Манай сумдад ийм зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Уул уурхайн үйлдвэрүүд хөгжил дэвшилд эерэг нөлөө үзүүлж байгаа шүү. Сүүлийн 20 жилийн дотор Сүхбаатар аймаг их өөрчлөгдсөн, хөгжсөн шүү. 1990-ээд оны үед эдийн засаг, нийгмийн хөгжлөөр аймгуудын дотор сүүлийн гуравт байсан. Зах хязгаар нутаг, зам харгуй үйлдвэрлэл үйлчилгээ муу хөгжсөн, зөвхөн мал аж ахуйтай байсан. Өнөөдөр дэд бүтэц хөгжиж бүх сумд цахилгаан эрчим хүч, шилэн кабельд холбогдсон, гар утасны 3-4 операторын үйлчилгээ авч байна. Бүх сумдад төр засгийн болон төсвийн байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн түвшинд явуулах материаллаг бааз бий болж, уул уурхай, мал аж ахуй зонхилсон эдийн засагтай аймаг болсон. Нэг хүний үйлдвэрлэж байгаа аж үйлдвэрийн бүтээгдэхүүн ДНБ-ний хэмжээгээр Сүхбаатар аймаг Монгол Улсад айргийн тавд багтаж байна. Эдийн засаг, санхүүгийн талаар биеэ дааж төсвөөс татаас авдаггүй аймгуудын нэг болсон.

-Энэ үйлдвэрүүдээс орон нутаг Сүхбаатар аймагтхамгийн үр өгөөжөө өгч байгаа нь ямар үйлдвэр байна. Цайрт минерал гээд үйлдвэр бий. Өөртэй чинь холбоод бичээд байдаг шүү дээ. Эндээс ямар ашигт малтмал олборлодог юм бэ? Энд дандаагадныхан байна уу, эсвэл удирдлага нь гадных байна уу?

-Сүхбаатар аймгийн хөгжил дэвшилд Төмөртэйн "Цайрт минерал" уулын баяжуулах үйлдвэр чухал нөлөөтэй. Тэнд цайрын баяжмал үйлдвэрлэж, экспортод гаргадаг юм. Удирдлага нь ерөнхийдөө гадны мэргэжилтнүүд байдаг. Хятадын хөрөнгө оруулалттай, Экспорт импортын банкны зээлээр баригдсан хамтарсан үйлдвэр шүү дээ.

-Цайраас гадна төмрийн хүдэр гардаг уу?

-Төмрийн хүдэр одоогоор гараагүй алсдаа бол гарна. Геологийн тогтоцоор нь аваад үзэхэд ордын дээд хэсэгтээ цайрын хүдэр, доогуур нь их хэмжээний төмрийн' агуулгатай хүдэр бий. Геологийн мэргэжлийн хүмүүс энэ ордыг ашигт малтмалын музей гэдэг.

-Тэнд таны оролцоо юу байна. Таных гэлцдэг юм билээ?

-Миний оролцоо гэж юу байх вэ. Сэтгэл зүтгэл хоёр л оролцсон. Сүхбаатар аймагтаа ийм уулын баяжуулах үйлдвэртэй болохыг мөрөөдөж байсан. 1990 онд тэр ордыг Япон Улсын хөрөнгө оруулалттайгаар ашиглана гэж Засгийн газар хоорондын тохироо хийж хөрөнгө оруулалт орж эхлээд байсан ч зогсчихсон юм. Цахилгаан эрчим хүч байхгүй, зам тээвэр хөгжөөгүй, алслагдсан зах хязгаар нутаг байсан учир эдийн засгийн хувьд ашиггүй тооцоо гарсан юм билээ. Үндэсний хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа 1992 онд Сүхбаатар аймагтаа ажиллаад манай аймгийн хөгжлийг түргэтгэе гэвэл энэ ордыг аж ахуйн эргэлтэд оруулах шаардлагатай гэж дүгнэсэн. Сүхбаатар аймгийнхны ирээдүй энэ уурхайтай холбоотой юм гэдгийг анх олон түмэнд зарласан. Тэгээд л тэр төслийн нэрийн зохиогч болчихсон юм. БНХАУ-тай Засгийн газар хоорондын шугамаар 1993-1994 онд яриа хэлэлцээ хийж орд дээр хайгуул хийж, нөөцийг нь баталгаажуулах төсөл хэрэгжүүлсэн. Уулын баяжуулах үйлдвэр бол 2005 онд ашиглалтад орсон. Одоо 6 дахь жилдээ ажиллаж байна. Авсаархан, орчин үеийн техник технологитой аятайхан үйлдвэр байгаа юм даа.

-Хувьцаа энэ тэр байхгүй юу?

-Байхгүй. Би чинь цэнхэр, ягаан тасалбараа ч аваагүй хүн шүү дээ. Хувьчлалыг буруу хийж байна, үр дүн өгөхгүй гэж үзэж эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байсан хэрэг. Гэлээ гээд би л хохирсон байх л даа. Сүхбаатар аймагт ч биш Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх аль ч уурхайд миний хувьцаа, оролцоо байхгүй. Гадаадад бол буурч байхгүй нь ойлгомжтой.

-Одоо Сүхбаатар дэд бүтэц гайгүй болсон. Үүнтэй холбоотой нэг асуулт байна. Мянганы замын бүтээн байгуулалт Н.Энхбаярын Засгийн газрын үед яригдаж байх үед эхлээд"Зууны зам" гэж ярьж байхад Улаан сайд "Мянганы зам" гэж нэрлэе гэсэн юм гэнэ билээ гэсэн яриа байдаг. Тэгэхээр энэ үнэн юмуу. Мянганы зам гэсэн нэрийн зохиогч та мөн үү?

-Яг ч тийм юм болоогүй юмаа. 2000 оны 8 дугаар сард Н.Энхбаярын Засгийн газар байгуулагдахад би Санхүү, эдийн засгийн сайдаар томилогдсон юм. Тэр үед эдийн засаг хямралтай, цалин тэтгэврээ хэдэн сар тавьж чадаагүй, гадаад дотоодын өр нэхэгдсэн, санхүүгийн нөөц шавхагдсан амаргүй үе байсан. Тэр үед эдийн засгийн хүндрэлээс гарах, ард түмний бүтээн байгуулах эрмэлзлэлийг ямар нэг бодитой зүйлд чиглүүлэх шаардлага тавигдаж байв. Зам дагаж хөгжил ирдэг зүй тогтлыг дагаж энэ асуудалд анхаарал хандуулсан юм. Судалж үзэхэд баруун чиглэлд гурван зам эхлээд дутуу хаячихсан, хойноос урагшаа гэвэл Алтанбулагаас Улаанбаатар хүртэл эвдэрсэн замтай, урагшаа юу ч байхгүй байсан. Ингээд Монгол орон эхний ээлжид баруунаас зүүн тийш, хойноос урагшаа нэвт гарсан замтай болох нь зүйтэй юм гэсэн санаа төрсөн. Тэр үед замын асуудлыг их сонирхож, дэмждэг хүн бол УИХ-ын дарга асан Д.Энэбиш гуай байсан. Бид хоёр хэд хэдэн хувилбараар тооцоо хийсэн. Би баруун чиглэлийн замыг Хархорин, Архангайн төв, Солонготын даваа, Тосонцэнгэл гэж явуулах нь зүйтэй гэж үзэж байхад Д.Энэбиш гуай Архангайн даваа, Баяннуур, Даншинчилэнгээр явуулах нь зөв гэдэг байсан. Санхүү, эдийн засгийн яаман дээр тооцоо үндэслэлээ нарийвчилж, мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдөж төсөл боловсруулахдаа шийдсэн юм л даа. Шинэ мянган эхэлж байгаа учраас "Мянганы зам" гэж төслөө нэрлэхээр бол-сон. Би 11 сарын дундуур Монгол телевизийн нэвтрүүлэгт оролцож анх энэ санаагаа олон нийтэд танилцуулсан юм. Тэр үед нэвтрүүлэг хөтөлж байсан сэтгүүлч Дуламсүрэн, «та цалин тэтгэврээ тавьж чадаагүй байж яаж ийм их зам барих юм, бүтэх үү» гэж асууж байсан юм. Ингээд "Мянганы зам" төслийн хороо байгуулагдаж богино хугацаанд төслөө боловсруулахад 2001 оны 1 дүгээр сарын 9-нд Хэн-тий аймагт анхны шав тавьж ажлаа эхэлсэн юм. Тэндээсээ шууд яваад 11-нд нь Сүмбэр дээр очиж Мянганы зам энд дуусна гэж товлож багана босгож байсан юм. Баруун талд хүрэх цэг нь Баян-Өлгий аймаг, Цагааннуурын хилийн боомт гэж шав тавьсан. Тэр үеэс хойш их цаг хугацаа өнгөрлөө. Уг нь дээрх замыг анхны тооцоогоор 8 жилд барих байсан ч 12 жил болж байхад дуусаагүй л байна.

-Сүүлийн үед яагаад үүний ач холбогдол буурав аа. Энэ том бүтээн байгуулалтыг одоо нэг их ярихгүй байх шиг байна?

-Манайд аливаа асуудлыг улстөржүүлдэг муу зуршил газар ав-сан байна. Энэ ажлыг тэр үеийн МАХН-ынхан эхэлсэн учраас их чанга ярьж, эрчимтэй хөөцөлдөхгүй гэсэн хандлага байх шиг байна. Зүүн чиглэлд гэхэд замын ажил 3 удаа зогссон юм. Жишээ нь, 1992-1996 онд Япон Улсаас тусламж аваад Эрдэнэ сум хүртэлх замыг япон технологиор барьж, ажилчдыг нь сургаад бүх тоног төхөөрөмжийг нь хүлээлгэж өгсөн. Гэтэл 2000 он хүртэл энэ чиглэлд нэг ч км  зам нэмж бариагүй техник, тоног төхөөрөмжийг нь өөр зориулалтаар ашигласан. 2000 оноос Мянганы замын төсөл эхэлж 2004 он хүртэл зүүн чиглэлийн зам эрчимтэй баригдаж Хэнтий аймгийн Мөрөн сум хүрсэн. Гэвч 2005 оноос бас 2 жил зогссон. Энэ жил гурав дахиа зогсоод байна. Ирэх оны төсөвт ч тодорхой санал алга байна.

-Хамтарсан Засгийн газрыг МАН барьж байгаа. Энэ өөрийнхөө төслийг явуулах талааряагаад анхаарахгүй байна?

Анхаарал нь онц төвлөрөхгүй байна. Салбарын бодлого ингэж л тодорхойлогдож байна. Эхлүүлсэн олон сайхан ажил бий ч орхигдсон нь ч бий, үр дүнд хүрсэн нь ч бий байх. Үр дүнд хүрснийг нь өөрсдийн болгох гэж булаацалдаад л үр дүнд хүрээгүйг нь санаачилсан хүний буруу гээд л орхиж байна. Жишээ нь, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал огт явахгүй байна. Эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах төсөл харин овоо явсан. Бүх сум эрчим хүчний сүлжээнд холбогдож дуусах шатандаа орлоо. Холбоо мэдээллийн төсөл сайн явж байгаа. Энэ бүхэн чинь 2000-2004 онд боловсруулагдаж хэрэгжиж эхэлсэн төслүүд шүү дээ.

-Энэ бүхнээс харахад Монголд төрийн бодлогын залгамж чанар алдагдаад байна уу ? Нэг Засгийн газар солигдохоор өөр бодлого зарлаад явдаг. Олон том том бодлого орхигдож байна?

-Манайд ер нь Төрийн бодлогын залгамж чанар ихээхэн сул шүү дээ. УИХ-ын гишүүн Н.Ганбямба 1990 оноос хойш улсын эдийн засгийн хөгжил синусоид маягаар явлаа гэж ярьдаг. Засгийн газруудын 4 жилийн хугацаагаар аваад үзэхээр МАН (МАХН) төр барьсан үед эдийн засаг өсөөд, бусад үед ухраад буураад байгаа зураг харагддаг. Жишээ нь 1990-1992 онд эдийн засаг бүр их унаж, 1992-1996 онд 6 хувь өссөн. Гэтэл 1996-2000 онд бас л буураад өсөлт бүр "0" болсон бол 2000-2004 онд өсөөд 8 хувь хүрсэн байх жишээтэй. Энэ болгонд залгамж чанар алдагдаж бодлого, арга механизм өөрчлөгдөж байсан явдал. Бүгдээрээ шинэчлэлийн төлөө явж байна гээд дандаа шинээр эхлэх гэж оролцдог. Нөгөө талаар манайхан эвсэж хамтарч ажиллахдаа муу юм билээ. Эвсэж хамтарсан үед эдийн засаг унасан, ухарсан байдаг нь нууц биш. Энэ бүхнээс сургамж авч Монголынхоо хөгжлийн загварыг бий болгох ёстой л доо. Одоо эдийн засаг цоо шинэ хөгжлийн үед ирлээ гэж байна. Энэ үнэн л дээ. Энэ үед л их л ухаалаг бодлого явуулах учиртай гэж үзэж байна. Хүлээх хариуцлагыг тодорхой болгож, харилцан хяналттай, хөндлөнгөөс шахалттай байвал монгол хүн сайн ажилладаг юм шиг байна билээ.

-Хамтарсан Засгийн газар хамгийн сайхан мөчид ажиллаж байна. УИХ дотор сөрөг хүчин байхгүй, гудамжинд нь жагсаал цуглаан байхгүй, мөнгө төгрөг нь хахчихсан. Ийм нөхцөлд яагаад ажиллаж чадахгүй байна?

- Сэтгэл зүтгэл нь дутаагүй болов уу. Мэдлэг чадвар нь хүрэхгүй байна гэж баймааргүй. Арга эвээ олдоггүй, эвсэж хамтарч чаддаггүй юм болов уу даа. Миний хувьд Засгийн газарт 5 удаа томилогдож, 4 удаа Санхүү, эдийн засгийн сайдаар ажилласан боловч дандаа л хямрал хомсдолын биз дээ. Тийм учраас өнөөгийн энэ нөхцөлийг харахаар атаархмаар байдаг юм.

-Үүнээс харахад төр барьж байгаа хүмүүсийг хоёр хэсэгт хувааж болох юм байна.Нэг хэсэг нь юм хийдэг,нөгөө хэсэг нь харж байгаад булааж авч иддэг.Тэгээд л өсөж байсан эдийн засгийг унагадаг?

-Хүн хүний хувь тавилан өөр өөр байдаг байхаа.Зарим нь сэтгэж зүтгэж,зовж явж амьдралаа залгуулдаг.Зарим нь бусдаар тэжээлгээд амар хялбар амьдардаг.Гэхдээ зүтгэж бүтээж амьдарсан нь илүү жаргалтай, нийгэмд үнэ хүндтэй байдаг юм билээ.

 

 

 

 

Их гэрээсээ  өрх тусгаарлагдсан ч овог нь нэг л байдаг

-Сонгуулийн хууль одоо энэ ярьж байгаагаараа батлагдах юм бол 2012 онд дахин эвслийн Засгийн газар байгуулагдахаар боллоо гэж үзэж болохоор байна?

Сүүлийн үеийн үйл явдлууд бусад орны сонгуулийн үр дүн, хандлагыг ажиглаад байхад аль нэг хүчин илт давуу ялдаг байдал алга болж байх шиг байна. Үзэл бодлын ялгаа их ойртож, жигд дундаж сэтгэлгээтэй болохоор илт давамгай ялах нөхцөл үгүй болж хүссэн ч, хүсээгүй эвслийн Засгийн газар байгуулах хандлага давамгайлах байдалтай байна. Магадгүй ирэх сонгуулийн дараа олонхгүй УИХ бүрдэж, эвслийн засгийн газар байгуулагдах нөхцөл байдал үүсэж магадгүй гэж таамаглаж байна.

-Нийгэмд үзэл бодлын ялгаа багасаж байгаа учраас ил давамгай ялах байдал байхгүй болно. Ийм зүйл байгаа байх. Сонгуулийг ялахын төлөө хийдэг. Ялагдсан хүчинтэйгээ хамтарч эвсэл байгуулаад байвал сонгууль явуулах утга байна уу? Олон намын дэмжигчид нама
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.