Д.Ганхуяг:Сонгуульд зориулагдсан төсөв болсон
2011.11.16

Д.Ганхуяг:Сонгуульд зориулагдсан төсөв болсон

 -Ирэх оны Төсвийн тухай хуулийн АН-ын бүлгийн ажлын хэсгийг та ахалж байгаа. Энэ төсвийг орлого, зарлага нь өссөн, үрэлгэн төсөв болсон гэх гишүүд байна. Ер нь ирэх оны төсөв ямар байгаа вэ?

-Засгийн газраас УИХ-д өргөн барьсан ирэх оны төсвийн төслийг ажлын хэсгээс сонгуульд зориулагдсан, үр ашиг муутай, үрэлгэн төсөв гэж дүгнэсэн. Ажлын хэсгээс оруулсан саналыг манай бүлэг хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн. Энэ долоо хоногт бид хууль санаачлагчидтай уулзалт хийж байна. Ирэх онд ДНБ-ний өсөлт 25.6, төсвийн орлого зургаан их наяд, нэгдсэн төсвийн нийт  зарлага долоон их наяд,төсвийн алдагдал 740 тэрбум төгрөг байхаар төлөвлөгдсөн байна. Үүнийг 2011 онтой харьцуулахад төсвийн орлого 60, зарлага 54 хувиар өсөхөөр байна.

Энэ онд төсвийн алдагдал есөн хувьтай байсан бол ирэх онд дөрвөн хувьтай болж буурч байгаа ч мөнгөн дүнгээс нь тооцвол дөрөв дахин өсөхөөр байна.

Төсвийн нийт зарлага дотор урсгал зардал нь таван их наяд төгрөг болж байна. Урсгал зардал энэ онтой харьцуулахад 62 хувиар нэмэгджээ. Энэ урсгал зардал урсаад л алга болно. Ер нь ирэх оны Төсвийн тухай хуулийг 2011 онтой харьцуулахад хувиар тооцвол хамгийн их нэмэгдсэн нь төсвийн алдагдал, төсвийн хөрөнгө оруулалт, мөнгөн дүнгээр тооцвол өр, дараа нь урсгал зардал орж байна.

-Тэгвэл хөрөнгө оруулалтямар байгаа вэ?

-Төсвийн хөрөнгө оруулалт хэдийгээр гурав дахин нэмэгдэж байгаа ч засаг захиргааны нэгжээр хуваарилагддаг нөгөө л боловсрол, эрүүл мэндийн салбар, орон нутгийн чанартай болон улсын чанартай зам, гэрэлтүүлэг, төсвийн байгууллагын конторыг шинээр барихад чиглэгдсэн байна. Шинээр барих төрийн байгууллагын конторын барилгын төсөвт өртөг 160 орчим тэрбум төгрөг. Үүнээс ирэх онд санхүүжих нь 100 орчим тэрбум төгрөг байна. Төрийн байгууллагын контор нэмэгдсээр ашиглалтын зардал, орон тоо нэмэгдэнэ. Төсвийн хөрөнгө оруулалтын тухайд саяхан 2011 оны төсөвт тодотгол хийж 250 шахам тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ер нь товчхондоо төсвийн энэ үрэлгэн бодлогыг хөгжлийн бодлого болгож өөрчлөх зайлшгүй шаардлагатай байна Дэлхийн улс орнууд Европ, АНУ-аас үүдэлтэй санхүүгийн хямралд бага өртөхийн тулд төсвийн урсгал зардлаа танаж, хуримтлалаа нэмэгдүүлэх, үр ашигтай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбар болон хувийн хэвшлээ дэмжих бодлогыг гаргасаар байна.

-Тэгвэл ийм шаардлага хангахгүй төсвийг яаж өөрчлөх нь зохимжтой гэж АН-аас үзэж байгаа вэ?

-Ажлын хэсэг төсвийн урсгал зардлыг 2011 оны тодотголын өмнөх түвшинд царцааж урсгал зардлыг царцаах, төсвийг алдагдалгүй батлах, төсвийн хөрөнгө оруулалтыг үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Урсгал зардал болон хөрөнгө оруулалтын төсвөөс төрийн байгууллагуудын шинээр барих конторын зардлыг танах, төрийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэхгүй байх төрийн байгууллагуудад тавилга болон машин худалдаж авах зардлыг танах зэргээс 400 орчим тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой.

Мөн бүх иргэдэд Тавантолгойгоос нэг сая төгрөгтэй тэнцэх нэрлэсэн үнэ бүхий үнэт цаас тараах эсхүл нэг сая төгрөг авах сонголтыг хийлгэх боломж байна.

Иргэдэд тараах 536 ч юмуу "1032 ширхэг хувьцааны нэрлэсэн үнэ Таван толгойн 29 хүртэлх хувийн хувьцааг хөрөнгийн биржүүдээр борлуулснаар доод тал нь нэг дахин нэмэгдэнэ гаж үзэж байна. Ийм байдлаар төсвийн хуулийг өөрчилснөөр төсвийн зарлага 1.5-2 их наяд төгрөгөөр буурах боломжтой. Хэрэв ингэж чадахгүй тэр чигээр нь баталбал 2012 онд инфляци өсөж орлого багатай, дундаж орлоготой давхаргын иргэдэд хүнд цохилтыг авчирч болзошгүй. Нөгөө 50 орчим хувиар нэмсэн цалингийн тал нь инфляцид идэгдэнэ гэсэн үг. Дээр нь төрийн албан хаагчдын цалинг нэмснээр, хувийн хэвшлийнхэн дагаад цалингаа нэмэхээс аргагүй байдалд хүрнэ. Тэд мэдээж энэ зөрүүгээ бараа бүтээгдэхүүний үнэдээ шингээх нь ойлгомжтой. Цалин тэтгэврийг  нь зүйтэй л дээ. Гэхдээ инфляцийг хөөрөгдөхгүй байх хувилбарыг сонгох шаардлагатай. Эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьжиргааны түвшний өсөлтөд наах нэг хувилбар нь цалин тэтгэврийг дэс дараатай нэмэх явдал.

өсвийнхөрөнгө оруулалтын үр дүнг хэрхэн нэмэгдүүлэх юм бэ?

-Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулах олон арга бий. Нөгөө талаас энэ төсвийн бодлогоор эдийн засгаа төрөлжүүлэх зайлшгүй гаргаж шаардлагатай. Энэ нь ашигт малтмалын салбараас орж ирж буй орлогыг урсгал зардлыг тэлэх байдлаар үрээд дуусах биш, ажлын байр ихээр нэмэгдүүлэх өрсөлдөх чадвартай ашигт малтмалаа боловсруулах, бусад салбарын хөгжлийг дэмжихэд зарцуулах ёс-той. Тухайлбал, шинээр барих шаардлагатай 6000 км замыг эд засаг нийгмийн ач холбогдлоор нь ангилж зөвхөн эхний ангилалд орсон замыг ирэх онуудад тавих хэрэгтэй. Энэ ангилалд Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийн өргөтгөл, нийслэлийн түгжрэлийн асуудал,  гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх асуудал багтах  байх.

-Та есөн гишүүний  өргөн барьсан асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос буцаачихлаа. Гишүүд дараагийн алхмаа хийхээр ярилцаж байгаа гэсэн. Ямар алхам хийх гэж байгаа вэ?

-Дээрээ гүйдлээ олохгүй бол доороо суудлаа олохгүй гэгч болчхоод байна. Хууль тогтоогчид нь баталсан хуулиа мөрдөхгүй юм бол хэн мөрдөх вэ. Байнгын хороо бол УИХ-ын бүтэц, байнгын хорооны дарга Дэгийн тухай хуулийн хүрээнд зөвхөн хурлыг удирдах үүрэгтэй. Тэрнээс Үндсэн хууль тайлбарлаад суу-гаад байж болохгүй. Энэ ажлыг Үндсэн хуулийн Цэц хариуцдаг юм, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нь есөн гишүүний саналыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах эсэхээр санал хураасан нь Дэгийн тухай хуулийг зөрчсөн. Эцэстээ УИХ-ын удирдлага Ерөнхий сайдыг огцруулах саналыг долоо хоногийн дотор байнгын хороогоор хэлэлцүүлэх Үндсэн хуулийн заалтыг зөрчиж, Цэцэд очихоор боллоо. Байнгын хорооны даргын хууль зөрчсөн энэ үйлдэл нь үнэндээ бол намын удирдлага битгий хэлэлцүүл гэсэн, би хуулийг биш намын удирдлагын чиглэлийг баримтална гэсэн ойлголттой утга нэг болоод байна. Энэ нь эрх зүйг төр, УИХ-ын гишүүн өргөсөн тангаргын зарчмаас хазайж, социализмын үеийн намаас өгсөн чиглэл, даргын үгээр ажилладаг үе хэвээрээ байгааг харуулсан. Алхмын хувьд  бид ярилцаж байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.