Японы эдийн засаг ба иений ханшны ирээдүй
2011.03.14

Японы эдийн засаг ба иений ханшны ирээдүй

Японы аймшигт газар хөдлөлт нь дэлхийн эдийн засгийг өнөөгийн тогтворгүй, тэнцвэрт байдлаас гаргах сүүлчийн хүчин зүйл болж магадгүй хэмээн шинжээчид сэрэмжлүүлж байна.


"Калита Финанс" санхүүгийн группийн ажиглагчид “Иений ханш яльгүй өөрчлөгдлөө (+0,6%). Байгалийн энэ гамшиг одоогоор дэлхийн санхүүгийн зах зээлд нэг их хүчтэй нөлөөлөөгүй” гэж байна. Гэвч удахгүй Япон төдийгүй даян дэлхий тэр чигээрээ “чичирхийлж” магадгүй юм. Яагаад гэвэл газар зүйн хэмжээгээр жижигхэн энэ улс дэлхийн эдийн засагт асар том нөлөөтэй билээ.

 

Байгалийн гамшгийн цар хүрээний талаарх мэдээлэл бүрэн дүүрэн цуглараагүй болохоор биржийн тоглогчид шийдвэрлэх үйлдэл хийхгүй байгаа бололтой. Японы түүхэнд хамгийн хүчтэй нь 1923 оны газар хөдлөлт юм. Гэхдээ түүнээс хавьгүй сул буюу 1995 оны газар хөдлөлт тухайн үедээ дэлхийн 2 дахь том эдийн засаг байсан Япон оронд нөхөж баршгүй их хор хөнөөл учруулсан билээ. Иймээс 1995 он нь дефляцид /орон нутгийн валютын худалдан авах чадвар буурах, үнийн индекс багасах/ орж байсан Японы эдийн засаг төдийгүй Английн эртний банкны хувьд гунигт дурсамж болон үлдсэн юм. “Barings Bank” (1762-1995) ямар ч үндэслэлгүйгээр Японы хөрөнгийн биржийг хурдан сэргэнэ гэж найдаж байсан нь талаар болж, өөрөө дампуурчихсан.


Шинжээчдийн үзэж буйгаар Японы 1995 оны үйл явдал давтагдаж одоо болзошгүй гэнэ. Японы төрийн өр өдгөө Дотоодын нийт бүтээгдэхүүнээс /ДНБ/ 2 дахин их, төсвийн хомсдол ДНБ-ий 10%-д дөхөж байгаа. Гэтэл улс орноо сэргээн босгох мөнгийг их хэмжээгээр, яаралтай олох хэрэгтэй байдаг.
“Мэдээж, дэлхийн 3 дахь том эдийн засагт мөнгө заавал олдоно. Гэхдээ цаашид рейтингийн агентлагууд жагсаалтдаа тус улсын рейтингийг бууруулж эхэлнэ. Үүнээс болоод капиталыг алдах магадлалтай. 20 жил дефляцитай тэмцэж байгаа орны хувьд иймэрхүү үйл явдал нэн сөрөг уршиг дагавартай” гэж "Калита Финанс" гэж мэдэгдлээ.

Харин ”FxPro”-ийн шинжээч А.Купцикевич нөхцөл байдлыг арай өөр өнцгөөс харж байгаа аж. “Миний бодлоор шинжээчид иений ханшид нөлөөлөх Японы газар хөдлөлтийн нөлөөг эсрэгээр төсөөлж байна. Зах зээлийн эхний хариу үйлдэл /2 цагийн дараа/ болон тоймчдын байр сууриас үзэхэд эдгээр үйл явдлын дүнд иений ханш мэдэгдэхүйц суларна гэсэн хандлага ажиглагдлаа. Харин би үүнтэй санал нийлэхгүй байна. Валют хичнээн сул байх тусам улс орны нөхцөл байдал мууддаг гэсэн уламжлалт дүгнэлтийг тэд үндэс болгожээ. Гэвч иен огт өөр зэрэглэлийнх гэдгийг бид нэг бус удаа харсан. Эдийн засаг суларч байхад иен чангардаг бөгөөд хөрөнгө оруулалтын өөр салаа зам /хувьцаа, түүхий эд, гадаад активууд/ гарч ирэхэд иен унадаг шүү дээ” гэж тэр тайлбарлалаа.


Японы корпорациуд дэлхий даяар сүлжээ заводуудтай, ашиг орлого тэндээс олдог ч "толгой" нь Японд байрладаг. Иймээс алдсан хүчин чадлаа нөхөн сэргээх гэж чухам тийшээ л хамаг хөрөнгөө оруулах байх. Тэгээд ч үнэт цаас зэрэг бусад төрлийн хөрөнгө оруулалт газар хөдлөлтийн өмнөх шиг өндөр хэмжээнд байж чадахгүй хэмээн А.Купцикевич үзэж байна. Түүнийхээр 3 дахь шалтгаан нь эхний шалтгаан буюу хамгаалалтын валютын байр суурьтай холбоотой. Японы хүү дэлхийн ихэнх орнуудтай харьцуулахад маш өчүүхэн бага байдаг аж. Учир нь Японы корпорациуд өр зээл тавих хүсэлгүй байдаг. Европ, АНУ-ын бизнесмэнүүдээс ялгаатай нь Японы корпорациуд "мөнгөн дээр суудаг", хэзээ ч зээл авдаггүй. Мэдээж, шаардлагатай үед эдгээр мөнгөө (шуудайтай бэлэн мөнгө биш шүү, харин хүү авчирдаг үнэт цаасууд) ажил хэрэгтээ оруулчихдаг.

 

4 дэх шалтгаан нь мөнгөний бодлогыг уламжлалт аргаар зөөлрүүлэх боломж гүй байгаа явдал. Шинэ Зеланд энэ замаар явсан бөгөөд их үерийн дараа Австралийг бас дагахыг уриалсан. Гэвч Японд хүү хамгийн доод түвшинд байдаг, мөн Төвбанк нь мөнгийг идэвхжүүлэх бодлого явуулдаг юм. “Японы банкууд зах зээл, банкны салбараа жигд ажиллуулахад хүчин чармайлтаа чиглүүлэх байх. Гэхдээ BOJ-ийг /Японы Төвбанк/ түүхий эд ба энергийн үнийн уламжлалт өсөлт хойш чангаах биз. Тэртэй тэргүй өмнөх саруудад хүчтэй байсан тренд Японы дефляцийн нөхцөлд нэлээд сөрөг муу үр дагавар авчирч мэдэх юм. Валютын ханш өсөх нь тухайн улс орны нөхцөл байдал сайжирч байна гэсэн үг тэр бүр биш. Энэ тохиолдолд харин ч эсрэгээр байж магадгүй. Сүйрлийн дараа өрийн зах зээлд удаан хугацааны турш сөрөг нөлөө ажиглагддаг, мөн төрийн зүгээс асар их хөрөнгө оруулалт шаардана. Японы Засгийн газар одоогийн байдлаар хамгийн их төсвийн хомсдолтой төдийгүй төрийн өрийн түвшин нь бас хамгийн өндөр яваа. Дээр нь хүн ам нь хөгширч байгааг мартаж болохгүй. Иймээс өмнө төлөвлөөгүй, хүсээгүй чиглэлдээ улам их хөрөнгө зарцуулах ёстой болж байна /зардлыг идэвхжүүлэх зэргээр/. Иймээс иень өсөхийн зэрэгцээ тухайн орон нутгийн хөрөнгийн биржийн динамик маш сул байх магадлалтай” хэмээн А.Купцикевич үзэж байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.