Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг яг мөн
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт
2015.11.13

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг яг мөн

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогттой ярилцлаа.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ-д өргөн бариад байгаа. Үндсэн хуулийг өөрчлөх хугацаа нь одоо мөн үү?

-Одоо л яг цаг нь мөн. Энэ их будлиан, талцал, үл ойлголцол чинь Үндсэн хуулийн өөрчлөлт рүү шахаад байна шүү дээ. Тиймээс намууд нэг удаагийн сонгууль биш, илүү холыг харж улс орны ирээдүйг бодсон шийдвэр гаргах хэрэгтэй.

1992 оны Үндсэн хууль муу хууль биш. Төдийгөөс өдий хүртэл энэ хууль биднийг зүглүүлж, чиглүүлж явсан. Монгол Улс бүс нутагтаа үлгэрлэх хэмжээнд ардчиллыг тогтоож чадсан улс боллоо. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр дэлхий маш хурдацтай өөрчлөгдөж, үүнийг дагаад Монгол Улсын нийгэм, эдийн засаг ч хурдацтай хөгжиж байна. Энэ хурдацтай хөгжилтэй Үндсэн хууль хөл нийлж чадаж байна уу гэх асуулт хариу нэхэх болсон. Би бол Үндсэн хуульд гар хүрэх цаг нь болсон гэж бодож байгаа.

Үндсэн хуулийг байнга өөрчлөөд байж болохгүй л дээ. Гэхдээ бас гар хүрч болдоггүй эд биш. Нийгэм, эдийн засгийн хөгжлийг дагаж, хөл нийлүүлж байх ёстой. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Үндсэн хуулийн юу нь болж байна, юу нь болохгүй байна гэдгийг хангалттай ярилаа. Нэг л болохгүй байгааг нь судлаачид ч, эрдэмтэд ч хэлж байна. Тэгэхээр болохгүй байгаа зүйлээ засаж, янзлаад явах юм бол Монголын төрийн өнгө төрхөд өөрчлөлт орно, иргэдийн төрдөө итгэх итгэл сэргэнэ. Хөгжил дэвшилд хүрэх зам ч дардан болно гэж бодож байгаа.

-Энэ парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхгүй гэсэн утгатай мэдээлэл УИХ-ын нэг гишүүний амнаас гарсан. Ингэж байгаа тохиолдолд өөрчлөлт хийж чадах уу?

-Чадах ёстой. Энэ парламент хийх ёсгүй гэж байгаа бол дараагийн парламент бас хийх ёсгүй л болно шүү дээ. Тиймээс одоо л зориглоод хийх хэрэгтэй.

 -Сонгууль дөхчихсөн, цаг хугацааны хувьд тун давчуу байна шүүдээ?

-Ард нийтийн санал асуулга явуулаад. хэлэлцүүлэг хийчихвэл цаг хугацаа шаардаад байх юмгүй шүү дээ. Хэдэн сар жилээр хэлэлцүүлэг хийх шаардлага байхгүй УИХ- ын гишүүд нам, тойрог гэхгүйгээр хамт явж иргэдтэй уулзаад, нэмэлт өөрчлөлтийн төслөө танилцуулж, заалт бүрээр нь саналыг нь сонсьё. Иргэд УИХ-ын гишүүдтэй санал бодлоо ул суурьтайгаар хуваалцчихаар хэмжээний мэдлэг, мэдээлэлтэй болсон шүү дээ. Техник технологийн дэвшлийн ачаар иргэд мэдээллийг тал бүрээс нь авч байгаа. Түүнийгээ боловсруулж, үнэлж дүгнэж, шийдвэрээ гаргадаг болсон. Тэднийхээ саналыг аваад өөрчилж чадах зүйлээ өөрчилъе, болохгүй гэснийг нь хэвээр үлдээе гэж байгаа юм.

-МАН, АН аль нь ч гарсан адил. Ер нь олон намын тогтолцоо, парламентын засаглал дэмий юм байна. Ерөнхийлөгчнйн засаглалтай больё гэсэн үзэл бодолтой хүн цөөнгүй болсон. Нэгэнт Үндсэн хуульдаа гар хүрч байгаагийнх Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол яадаг юм бэ. Та юу гэж бодож байна?

-Улс төрийн намууд шиг хэрэггүй зүйл алга. Намгүйгээр явдаг улс төрийн тогтолцоо байна уу гэж эрэлхийлдэг хүмүүс бий. Намгүйгээр явдаг тогтолцоо одоогоор дэлхийд алга. Хаант засаглалтай Англи, Япон ч олон намын тогтолцоотой, түүгээрээ дамжуулж, парламент, Засгийн газраа байгуулж байна. Ардчиллын замаар бид харьцангуй цөөхөн жил замналаа. Олон жил энэ замаар явж хөгжилд хүрсэн улс орнууд одоо бидний туулж буй үеийг туулаад гарсан байдаг юм билээ. Улс төрийн төлөвшилд цаг хугацаа хэрэгтэй гэсэн үг. Улс төртөлөвшихийн  хэрээр төр төлөвшинө, улс орон хөгжинө. Ингээд ирэхээр энэ их улстөржилт, намчирхалт, үл итгэлт арилна.

Социализмын үед Ерөнхийлөгчийн засаглалтай байлаа шүү дээ. Дараа нь бид хоёр том гүрний дунд оршдог жижиг улсад парламентын засаглал илүү тохиромжтой гээд энэ тогтолцоог авсан. Нэг хүн шийдвэр гаргаснаас олон хүн шийдвэр гаргах нь илүү гэж үзсэн. Одоо бидний байгаа байдал нэг л биш байна гэдгийг бид бүгд ойлгож байгаа учраас нийгмээс янз бүрийн санал санаачилга гарч байгаа. Тэдний нэг нь Ерөнхийлөгчийн засаглал. Олон ургальч үзлийн нэг. Тэгэхээр ярьж байгаад л шийдэх хэрэгтэй. Хэлэлцүүлгийн үед иргэд юу гэх нь вэ, сонсъё. Иргэдийн олонхоос ийм санал гарвал дагахаас аргагүй шүү дээ.

-Иргэд төр засагт яагаад ингэж итгэл алдраад байгаа, төр засаг юунаас болж муухай харагдаад байгаа шалтгааныг Та юу гэж харж байгаа вэ?

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт

-Улс төрийн тогтолцоонд гол асуудал байна. Төрийн институцуудын хооронд эрх мэдлийн хуваарилалтын зөрчил байна. Үндсэн хуульдаа парламентын засаглалтай гэж заасан хэрнээ нэг харахад Ерөнхийлөгчийн засаглалтай ч юм шиг ойлгомжгүй болчихсон. Дөрвөн жилээр сонгууль явдаг. Ялагдсан нам нь сөрөг хүчин гэдэг сөрөхийн нэр гээд ойлгочихсон, ямар нэгэн байдлаар ажил гацааж, муу байлгахыг хүсдэг, ажил хийх гэж байгаа нэгэндээ хэр их саад тотгор тавьж, ажлыг нь саатуулна төдий чинээ дараагийн сонгуульд ялах магадлал нь нэмэгддэг тогтолцоо байгаа учраас улс орны ажил явахгүй байна.

Алийн болгон ингэж явах юм бэ. Үүнийг улс төрчид ч ойлголоо, ард түмэн ч ойлголоо. Одоо ярьж байгаад энэ тогтолцоо, хууль эрх зүйн орчноо зөв болгоод тоглоомын дүрмээ тодорхой, ойлгомжтой болгоод авъя л даа. Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан улс төрчид ч гэсэн өөрсдийн болон намын эрх ашгийн үүднээс асуудалд хандалгүй, улс орны эрх ашгийн үүднээс асуудалд хандаж байгаа гэдэгт нь итгэж байгаа.

Энэ УИХ дотор Монгол Улсынхаа эсрэг явж байгаа хүн байхгүй. Бүгд л өөр өөрийнхөө өнцгөөс асуудалд хандаж байгаа боловч эцсийн эцэст хүсэл зорилго нь Монгол Улсаа хөгжүүлэх гэсэн нэг цэгт нийлдэг гэж бод дог. Ажиллах арга барилд нь алдаа дутагдал гарч байгаа юу гэвэл гарч байгаа.

-Монголчууд төр түшилцэнэ гэдэг том хувь заяа гэж үздэг, төрийн сүлдэндээ залбирдаг ард түмэн. Гэтэл сүүлийн үед юм л бол төрөө харааж, төрийн түшээдийг хэлэх хэлэхгүйгээр хэлэх нь энгийн үзэгдэл болсон. Үүнд эмзэглэдэг үү?

-Үүнд улстөрчдийн буруу бий. Бид нэгнийгээ харлуулдаг, хараадаг. Нэгнээ муу муухай болгож харагдуулж байж өөрсдөө сонгогддог улс төрийн буруу соёл Монголд тогтчихоод байгаа учраас намаараа, хэсэг бүлгээрээ талцаад нэгнээ зохион байгуулалттайгаар гүтгэдэг, зохион байгуулалттайгаар хэрэгт хутгадаг болоод байна. Телевизийн камерын өмнө нэгнээ хамгийн муу муухайгаар хэлчихээд гараад л юу ч болоогүй мэт мөрөн дээр нь алгадаад явдаг хүмүүс байна. Энэ бүхэн нь 76 луйварчин, 76 мангас сууж байгаа мэт харагдуулдаг. Ардчилсан нийгэм бол үнэхээр сайхан нийгэм. Иргэдэд чөлөөтэй ярих, чөлөөтэй сэтгэх, хүссэнээ хийх эрхийг нь ардчилал өгсөн. Үүнийг нь бүү буруугаар ашиглаасай. Төр, ард түмний хэлхээ холбоо тасрах ёсгүй. Төрөө дээдэлдэг байх ёстой. Төрд байгаа нэг нөхрийн буруутай үйл ажиллагаанаас болоод төрийг бүхэлд нь харлуулж болохгүй. Би лав өөрийгөө ингэж хэлүүлэхийг хүсдэггүй.

БАГШИЙНХАА ЭСРЭГ БОССОН “ГЭМ”-ЭЭ ОРОСТ СУРАХ ЭРХ АВЧ ЦАЙРУУЛСАН

-Таныг тооны хичээлдээ их сайн, онц сурлагатан байсан гэж сонссон. Сурагч насны тань дурсамж руу дурсамж хамтдаа аялавал болох уу?

-Би Ховд аймгийн 10 жилийн нэгдүгээр сургуулийг төгссөн. Манай сургууль бол Ховд аймгийн төдийгүй баруун бүсийн ууган сургууль. Ю.Цэдэнбал даргаас эхлээд төр нийгэм, урлаг соёлын олон алдартныг төгсгөсөн эрдмийн уурхай. Гэр аймгийн  төвд боловч хөдөөгийн амьдралд ойр өссөн. Хичээл амрангуут Мөст сум руу эмээгийнх рүүгээ явдаг, улирлын амралт бүрээр эмээдээ хань бараа болж, мал ахуйн ажилд нь тус нэмэр болдог хүү байлаа. Наймдугаар ангидаа математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид орсон. Аймгийн хэмжээнд сурлагаараа толгой цохидог, математикийн хичээлдээ сайн хүүхдүүдийг цуглуулж гүнзгий ангид оруулдаг байсан болохоор манай ангийнхан сурлагаар сурлагаар “тасархай”.

Ангийн 30 хүүхдээс 28 нь гадаад, дотоодын их, дээд сургууль авч, аймагт очсон бараг бүх хуваарийг хамж байлаа. Манай ангийнхан социализмын үед сурч хүмүүжсэн хэрнээ их чөлөөтэй сэтгэдэг, үзэл бодлоо илэрхийлдэг, асуудалд өөр өнцгөөс хандах гэж оролддог хүүхдүүд байсан. Хичээлээс гадна урлаг, спортоор ч үеийнхнээ манлайлдаг, эв нэгдэлтэй анги байлаа. Манай ангийнхан бүгд сайн яваа. Одоо ч байнга бие биенээ санаж үгүйлж, хэрэгтэй үед нь тусалж дэмжиж явдаг. Бид долоо хоног бүр уулзалдаж, багынхаа явдлыг дурсан инээлдэж, зааланд тоглож, цагийг сайхан өнгөрүүлдэг.

-Сурлагаараа сургуульдаа бүү хэл аймагтаа толгой цохидог хүүхдүүд ангиараа илгээлтээр гарна гэж багш нараа сандаргасан гэдэг юм билээ?

-Манай ангийнхан сурлагаараа ярих юмгүй хэрнээ хааяа жаахан сахилгагүйтчихдэг байсан юм. Хүүхдүүд л болсон хойно, сахилгагүйтэлгүй л яах вэ дээ. Гэтэл сургуулийн удирдлагууд, багш нар манай ангийг багш нарын хурлаар оруулж, “10Г ангийнхан сурлагадаа сайн боловч бие тоох хандлага гаргаж байна. Тийм учраас улсын шалгалтад оруулах уу, үгүй юү гэдэг асуудал тавина” гэж хатуу зэмэлсэн юм.

Тэгсэн манай ангийнхан ‘Тэгвэл бүгдээрээ Бор-Өндөр рүү илгээлтээр явъя” гэж ярилцаад сургуулийн захиргаа, аймгийн Эвлэлийн хороонд өргөдлөө      өгчихсөн. Бидний энэ шийдвэр аймаг даяар дуулиан тарьж, сургуулийн удирдлага, багш нар, аав ээжүүдийг сандаргасан. Математикийн гүнзгийрүүлсэн сургалтиай анги гээд аймгийн бүх шиддэг хүүхдүүдийг цуглуулж,      гурван жил тусгайлан

бэлдсэн. Манай ангийнхнаас сургуулийн       ажлын үзүүлэлт, амжилт хамаарна.     Гадаад, дотоодын их сургуулийн хуваариудад бидэнд л найдлага тавина. Математикийн гүнзгийгийнхэн ангиараа илгээлтээр явна гэж хэн ч төсөөлөөгүй байх.

Бид бүр дүрдээ итгэчихсэн, илгээлтээр явах юм чинь улсын шалгалт ч өгөх хэрэг алга гээд хичээлдээ явахаа больсон. Цаг хатуу байсан үе шүү дээ’ ингэснийхээ төлөө сургуулиас хөөгдөж ч болох л байсан. Гэтэл Эвлэлийн хороо, сургуулийн захирал, багш нар бүрэн бууж өгч, шалгалтдаа бэлд, дээд сургуульд ор гэж гэж гуйж байлаа. Манай анги тооны шалгалтын бодлогуудыг 30 минутанд бодож дуусдаг, бүгд онц гардаг, үнэхээр мундаг анги байсан. Тэр хэрээрээ их эрдүү хүүхдүүд байсан юм болов уу даа.

Тухайн үедээ үлгэр жишээ биш үйлдэл гаргаж байсан ч бүгд шахам их, дээд сургуульд тэнцэж, ажил амьдрал дээр ч амжилттай явж “гэм”- ээ цайруулсан даа. Монголд ардчиллын салхи сэвэлзэх яагаа ч үгүй байхад ардчиллыг манай анги эхлүүлсэн гэж бид хошигнодог юм.

-Үнэхээр ангиараа илгээлтээр явна гээд шийдчихсэн байсан гэж үү?

-Үнэн сэтгэлээсээ явъя гэж бодсон нь ч бий. Хичээлдээ явахгүй ч шалгалтдаа бэлдэж байсан нь ч бий. Ер манай ангийнхан дотроо бодолтой хүүхдүүд байсан.

-Та Москвагийн Усны аж ахуйн дээд сургууль авч “гэм”-ээ цайруулжээ?

-Тэгсэн. Би Ховд аймгаас өөр том хот үзээгүй хүү Москвад хөл тавьж байлаа. Хэл усыг нь мэдэхгүй хүний газар, 10 гаруй сая хүнтэй том хотод очоод учраа олох гэж хэсэг мунгинасан. Өлсөж үзсэн, даарч үзсэн. Гэр орон, аав ээжээ санана. Дунд сургуульд орос хэл үзсэн ч их сургуулийн багш нарын лекцийг ойлгодог болтлоо сурна гэж юу байх вэ. Москвад очсон эхний хэдэн сар лекцээ ойлгохгүй, гэрээ санаад, нулимс дуслуулах шахаад захидал бичдэг байлаа. Тэгээд хоолны мөнгөө дууссан үедээ охидын өрөө хэсэж, ходоодоо борлуулдаг болсон.

Бие дааж сурч байна шүү дээ. Оюутан цаг бол хамгийн дурсамжтай, хүний амьдралын хамгийн сайхан үе. Тэр жилүүдэд алдаж онож, залуу хүний үзэж туулдаг бүхнийг л туулсан. Газар газраас ирсэн олон аавын хүүхдүүдтэй танилцаж, хүнтэй яаж харилцахыг сурсан. Зодож үзнэ, зодуулж үзнэ. Бүх юм өөрөөс л хамаарах болохоор гадаадад сурсан хүүхдүүд биеэ авч явах ухаан, бие даах чадварт илүү суралцдаг.

-Социализмын төгсгөл үеийн оюутны амьдралыг ганзагын наймаагүйгээр төсөөлөх аргагүй юм шиг санагддаг. Та ч бас ганзагын наймаа хийж байсан л биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Тэр үеийн оюутнууд дунд ганзагын наймаа хийж үзээгүй хүн ховор байх. Хүссэн хүсээгүй ганзагын наймаа руу татагдан ордог байсан. Би эхлээд баруун руу гарч наймаа хийдэг байлаа. Оросоос виски авч Польшид зарна. Монголоос хонда мотор аваад Польш, Унгарт аваачиж борлуулна. Монгол руу Оросоос оёдлын машин, гурван хавтастай толь, Монголоос Орос руу тарваган малгай, савхин хүрэм, тарваганы арьс, нэхий дээл аваачиж зарна. Тэгж байтал Хятад руу шугам нээгдэж, Хятадаас бараа дардаг болсон.

Хятад руу анх бараанд явсан маань тод дурсамж болон үлдэж. Би өөрөө ямар ч мөнгөгүй, таньдаг ахаас мянган ам.доллар зээлээд Бээжин явлаа. Тэр мөнгөнөөсөө замын зардал, бууцал, хоолны мөнгө гээд бүх зардлаа гаргаад, үлдсэн 500 орчим ам.доллараар нь даавуун цамц авсан. Түүнийгээ замдаа галт тэргэнд зараад, Москвад очиж үлдэгдлийг нь борлуулсан. Анхны удаагийнх болохоор туршлага муутай, “шуурч” байсан барааг нь олж авж чадаагүй ч өрөө дараад цаана нь эргэлтийн мөнгө үлдэж байсан. Тэр мөнгөөрөө өсгөсөөр байгаад сүүлдээ овоо мөнгөтэй болж, Бээжин, Улаанбаатар, Москвагийн хооронд онгоцоор нисдэг боллоо. Томорч байна шүү дээ. Онгоцоор нисэхэд их зардал гарна, хажуугаар нь өөрөө үрнэ, гэр бүлдээ зарцуулна, тэгсэн хэрнээ л их ашиг гардаг байлаа

-Их боломж нээгдсэн, тэр хэрээрээ адал явдалтай он жилүүд байсан байх?

-Маш их боломж байсан. Наймааны алтан үе гэд н шүү дээ. Наймааны алтан үед наймаа хийж үзлээ. Тэр алтан үеийг илүү үр дүнтэй ашигласан бол илүү хөрөнгөжих, томрох боломж байсан байх. Хятадаас зөв бараагаа дарж чадвал Оросын зах зээлд 3-4 нугарсан ашигтайгаар борлуулдаг үе байсан. Залуус мөнгө гэдэг зүйлтэй танилцаж, мөнгийг олж, алдаж үзэх гээд олон зүйлийг тэгэхэд сурсан. Ганзагын наймаагаар олон ч хүн мөнгөтэй болж, олон хүн бизнесийн гарааны мөнгөө тэндээс босгосон. Их мөнгө барьж үзэж, олсон мөнгөөрөө байр, машин авч болдгийг монголчууд тэр үед л мэдэрсэн.

Би 1994-1995 оны үед машинтай болж, жилийн дараа гурван сая төгрөгөөр хоёр өрөө байр худалдаж авч байлаа. Байр хувьчлаагүй байсан болохоор чөлөөтэй зарж болохгүй, нууцаар зарж, сольдог байсан болохоор байр худалдаж аваад хүн амьтан гуйж байж гэрчилгээг нь нэр дээрээ шилжүүлээд бөөн баяр болж байлаа.

-Гэр бүлийнхээ тухай ярьж болох уу?

-Би 27-28 нас хүрч байж гэрлэсэн гэхээр хожуу гэр бүл зохиосон байна уу. Эхнэр маань Ховд аймгийн бүсгүй. Манайх гурван охинтой. Дөрвөн эмэгтэйн хайр халамжид хөлбөрч байдаг болохоор гэр орны ажилд оролцох шаардлага гардаггүй. Байнгын халамжид байгаа учраас өөрийнхөө дуртай, сонгосон ажлаа хийх боломжоор бүрэн хангагдсан. Улс төрийн ажил цаг наргүй, ар гэрт юу болж байгааг мэдрэх, тэр талаар санаа тавих боломж хомс байдгийг гэр бүлийн хүн маань ойлгож, намайг дэмждэг. Манай гэр бүл аядуу тайван, өөр өөрсдийн хийх дуртай зүйлээ хийгээд байж байдаг, хэрүүл уруулгүй жирийн сайхан гэр бүл.