Санал асуулга авах талаар гишүүд өөр өөр байр суурьтай байна
2015.11.11

Юуг яаж өөрчлөхөө УИХ эхлээд хэлэлцэх ёстой

Санал асуулга авах талаар гишүүд өөр өөр байр суурьтай байна “Тодруулга” булангаар  гишүүдийн байр суурийг хүргье.

 УИХ-ын гишүүн Н.Батцэрэг: Уг нь амжуулаад батлавал сайн хэрэг. Ард нийтийн санал асуулга явуулах замаар үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргасан. Үндсэн хуулийн нэмэлтийг хэн нэг хүн эсвэл хэдэн гишүүд гэнэт шийдсэн асуудал биш. Нэмэлт өөрчлөлт оруулах нь зайлшгүй шаардлагатай болсон. Ийм ийм заалтад нэмэлт өөрчлөлт оруулж болох юм гэсэн санал дүгнэлтээ гаргасны үндсэн дээр нэмэлтийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаад жил гаруй ажилласан. Басхүү их цаг хугацаа зарцуулсан.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Юуг яаж өөрчлөхөө УИХ эхлээд хэлэлцэх ёстой. УИХ-ын гишүүний гуравны хоёроос доошгүй бүрэлдэхүүнтэй хэлэлцээд ийм асуудлыг зайлшгүй өөрчлөх хэрэгтэй гэдгийг нийгэмд мэдээллэх ёстой. Жишээлбэл УИХ 99 болно гэдэг асуудлыг ярилцаад улс төрч болон хөндлөнгийн шинжээчид оролцож хувилбараа гаргаад шийдвэрээ иргэдэд танилцуулсны дараа ард түмнээс асуух ёстой. Гэтэл өнөөдөр юу хийхээ тодорхой болгоогүй байж бүх нийтийн санал асуулга явуулах нь эхнээсээ л алдаатай гэсэн үг.

Тэгэхээр үүнийг улс төрийн зорилгоор өөрсдөдөө ашигтай эргүүлэх вий гэсэн болгоомжлол байна. Үнэхээр энэ бол зайлшгүй байсан өнгөрсөн хавар хийх ёстой ажил байсан. УИХ 99 гишүүнтэй болох асуудалд би санал нийлэхгүй байгаа. УИХ-д 40 хүрсэн хүнийг дэвшүүлэх ёстой юм байна гэдгийг ойлгож байна. Гэр бүл тогтсон, амьдрал нь тогтсон, мэргэжилээ эзэмшсэн туршлагатай хэн бэ гэдэг нь танигдсан улс байх нь зүйтэй. Ерөнхийлөгчөөр 55 хүрсэн хүнийг нэг удаа сонгож таван жилээр хийдэг байхад сайн байна.