Үндсэн хуулийг өөрчлөх чадамж УИХ-д байхгүй
Үндсэн хуулийг өөрчлөх чадамж УИХ-д байхгүй
2015.11.11

Үндсэн хуулийг өөрчлөх чадамж УИХ-д байхгүй

  Бүтэн зунжин Өршөөлийн хууль хэлэлцэж, сандал суудал, эрх мэдлийн хуваарилалт хийхэд хамаг цагаа зарцуулсан парламент эцсийн мөчид “эцэг” хуулиа өөрчлөх төслийг өргөн бариад байна. Хэдийгээр энэ удаагийн парламентад долоон сарын хугацаа үлдсэн ч тэд энэ хооронд Үндсэн хуулийг өөрчилж амжина гэж үзсэн нь хачирхалтай.

Учир нь 2012 оны сонгуулиас хойш гурван ч удаа солигдсон Засгийн газар өдий хүртэл бялуу хуваарилалтынхаа хувийг тэнцүүлэхэд хамаг цагаа барсан болохоос олонд хэрэгтэй асуудлыг нэг тийш болгож байсан нь үгүй. Хамгийн сүүлийн жишээ татахад л, Өршөөлийн хуулийг батлах гэж бүтэн гурван сар сунжирсан. Гэтэл сар хүрэхгүйн хугацаанд Үндсэн хуулийг өөрчлөхөөр төсөл өргөн барьсан нь ямар ч тооцоогүй шийдэл болж харагдаад байгаа юм. Учир нь сонгуулиас зургаан сарын өмнө буюу ирэх арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө сонгуулийн хуулийг нэг тийш болгож баталсан байх учиртай.

Дээрээс нь “эцэг” хуулийг өөрчлөхийн өмнө Ард нийтийн санал асуулгын тухай төслийг ч мөн өөрчлөхөөр байгаа. Өөрөөр хэлбэл, “Та Үндсэн хуулийн үзэл баримтлалыг дэмждэг үү” гэх асуултад иргэдээс хариулт авах бөгөөд хариулт нь “Тийм, үгүй” гэж байх юм. Уг санал асуулгын дүнд Үндсэн хуулийг өөрчлөх эсэхийг хэлэлцэнэ.

Харин энэ санал асуулгыг энэ сарын 26-нд явуулах учиртай. Гэтэл иргэд 15 хоногийн хугацаанд өнөөгийн Үндсэн хуулийн үзэл баримтлалыг судалж амжих эсэх нь эргэлзээтэй. Тиймээс иргэдийн мэдэх эрхэд халдаж байна гэх шүүмжлэл ч гараад байгаа юм. Ямартай ч бид Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар УИХ дахь нам, эвслийн бүлгийн төлөөллийн байр суурийг сонирхлоо.

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хугацааг дахиж ярилцаж хэрэгтэй 

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг

 -Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэж, зарчмын хувьд манай бүлэг дэмжсэн. Гэхдээ цаг хугацааны хувьд харьцангуй шахуу байгаа нь үнэн. УИХ- ын тогтоолын төслөөр арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар ард нийтийн санал, асуулга явуулахаар тусгаад байгаа. Ард нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй. Гэхдээ үүнээс өмнө Үндсэн хуульд чухам ямар өөрчлөлт оруулах вэ гэдэг томьёоллыг иргэдэд ойлгомжтой, тодорхой болгох нь чухал. 

 УИХ-ын сонгуулийн тухай гурван ч хуулийн төслийг өргөн бариад байгаа. Үүн дээр манай эвслийн бүлгээс дахин тусдаа хуулийн төслийг яаралтай өргөн мэдүүлнэ. Ингэж байж, сонгуулийн хуульд аль аль намынх нь эрх ашгийг тэнцүү хангана гэж үзэж байгаа” гэлээ. Ямар ч байсан эхний ээлжид санал асуулга явуулах эсэхээ шийдэх хэрэгтэй. Үүний дараагаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх хэрэгтэй. Эдийн засаг, нийгэм нь ийм хүнд байгаа үед УИХ-ын бүрэн эрх дөрвөн жил байгаа нь арай ойртоод байгаа.

Яг нарийн дээрээ өнгөрсөн жилүүдийг аваад үзэхээр зун нь УИХ- ын сонгууль болонгуут намар нь орон нутгийн сонгууль үргэлжилдэг. Харин дараа хавар нь Ерөнхийлөгчийн сонгууль болдог. Ингээд үндсэндээ хоёр жилийн хугацаанд бүх нийтээрээ улстөрждөг. Ингээд хоёр жилийн дараагаар дахиад л УИХ-ын сонгуульд нь давхацдаг. Ингээд яг бодит байдал дээр парламентын ажил хийх хугацаа нь 1.5-2 жил болчихоод байгаа учраас хугацааг нь таван жил болгоход буруудах зүйлгүй. Дээрээс нь УИХ-ын гишүүд 76 байна гэж ярьж байх үед Монгол Улсын хүн ам 2.4 сая байсан. Гэтэл одоо гурван сая давсан хүнтэй болсон.

Тиймээс дэлхийн бусад оронд нийт хүн амынхаа тоотой зохистой харьцаатай байхаар парламентынхаа гишүүдийн тоог сонгодог. Энэ үүднээс нь үзвэл яах аргагүй 100 давсан байхаар харагдаж байгаа юм. Монголчууд маш их бэлгэдэлтэй ард түмэн учраас 99 гэдэг тоонд санал нэгдсэн. Яахав санал асуулга явуулахаар болбол үнэхээр богино хугацаанд сонгуультай дүйх хэмжээний ажлыг зохион байгуулж чадах эсэх нь эргэлзээтэй. Тиймээс хугацааг нь хойшлуулахаас аргагүй. Бид зөвшилцөл хийх хэрэгтэй гэж үзэж байгаа. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Үндсэн хуульд гар хүрэхийг дэмжихгүй 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

        -Бие даагчид Үндсэн хуульд гар хүрэхийг дэмжихгүй байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргад өргөн барьсан. Энэ  парламент Үндсэн хуульд өөрчлөлт хийх чадамжгүй гэж бид үзэж байна. Эх орноо худалддаг, авлига авдаг нөхөд Үндсэн хуульд өөрчлөлт хийж чадахгүй. Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт болон Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийг сайтар нягталж үзэх шаардлагатай.

Ер нь сонгуулиар гарч ирсэн нам бүр өөрсдийн эрх ашигт нийцүүлэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулдаг буруу жишиг тогтохоос эмээж байгаа. Ард нийтийн санал асуулгыг бид сайшаахгүй байгаа. Энэ бол энэ удаагийн УИХ-ын хийх ажил биш. Ийм ёс суртахуунгүй, гаднын нөхдөд баялгаа үр ашиггүй өгдөг хүмүүс Үндсэн хуулийг өөрчилнө гэвэл өөрсдийнхөө эрх ашигт л нийцүүлж байгаагийн шинж. Тиймээс ч ирэх оны сонгуулийг хүлээгээсэй гэж хүсч байгаа. Ард түмнийхээ сонголтыг харъя.

Хамгийн гол нь иргэдийн сонголт зөв байвал “эцэг” хуулийг ард түмэнд ашигтайгаар өөрчилж болно. Ер нь нам бүр энэ хуулийг өөрчлөөд байж болохгүй шүү дээ. Хэрвээ ийм байдалд шилжвэл цаашдаа амьдрахад хүнд болно. Тийм учраас энэ хуулийн өөрчлөлтийг би дэмжихгүй. Би бүх улстөрчийг хэлж байгаа юм биш. Эрх барьж байгаа, улс орноо худалдаж байгаа нөхөд Үндсэн хуулийг өөрчилж болохгүй. Ард түмэн ч бас ийм УИХ-аар Үндсэн хуулиа өөрчлүүлэхгүй байх гэж найдаж байгаа.