Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй
УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга С.Бямбацогтоос тодрууллаа.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барьснаас хойш багагүй маргаан дэгдэж байна. Ардчилсан намын бүлгийнхэн явуулах ёстой гэж байгаа бол танай бүлгийн зарим гишүүн дэмжих боломжгүй гэдэг байр суурийг илэрхийлж байна. Бүлгийн даргын хувиар саналаа хэлэхгүй юу?
-Өнөөдрийн нөхцөлд Үндсэн хуульд тодорхой өөрчлөлт оруулах шаардлага бий юу гэвэл мэдээж тийм. Гэхдээ ийм богино хугацаа үлдсэн үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ямар ч боломж байхгүй.
-Яагаад богино хугацаа гэж?
-Сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалттай юм. Одоо бидэнд 40 гаруйхан хоногийн хугацаа үлдчихлээ. Гэтэл манайхан УИХ дээр нэг хууль батлах гэж ямар их цаг хугацаа зарцуулдаг билээ дээ. Салбарын хууль биш эцэг хууль болох Үндсэн хуулиа ийм богино хугацаанд баталж амжихгүй. Үндсэн хуулийг ийм богино хугацаанд батлах юм бол бушуу туулай борвиндоо баастай гэдгийн үлгэр болно. Бид яарч, хуйвалдаж хууль батлахаараа ямар байдалд хүрдгийг хангалттай харсан.
2012 онд 2013 оны төсвийг батлахдаа МАН-ыг бүлэггүй байлгаж байгаад, МАН-ын бүлгийн гишүүдийн үгийг сонсохгүй байж байгаад баталж байсан. Түүнээс хойшихтөсвүүд ингэж явсаар байгаад эдийн засаг өнөөдөр ямар байдалд хүрчихсэн байгааг харж байна. Ард иргэдийн амьдрал хэрхэн хүндрэв. Тэр бүү хэл улсаараа өрийн сүлжээнд баригдчихлаа. Энэ бол нэг жишээ.
Өршөөлийн хуулийг бид яарч сандраад л баталсан. Эцэст нь юу болов. Хэдэн сарын хэрүүл л боллоо. Халх голын чөлөөт бүсийн асуудлыг наадмын өмнө яарч байгаад баталсан. Өнөөдөр гэтэл улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах зүйл баталсан байна гээд ярьж байна. Ингээд үзэхээр УИХ-ын
тогтоол, Өршөөлийн хууль, төсвийг батлахдаа маш их хугацаа авч байгаа юм. Төсөв дээр гэхэд бид хоёр сар ярьж байна. Тиймээс Үндсэн хуулийг 40 хоногийн дотор батална гэж байхгүй. Ард нийтийн санал асуулга явуулна гэж байгаа.
-Хуульдаа өөрчлөлт оруулна гэсэн...
-Ард нийтийн санал асуулгын хуульдаа өөрчлөлт оруулъя гэж байгаа. Ард нийтийн санал асуулгаар иргэд “Үндсэн хуулийг өөрчилье” гэсэн санал гарлаа гэж бодъё. Тэгвэл Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн асуудал яригдана. Ингэсний дараа Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулна. Үндсэн хуулиа тэр бүр өөрчлөөд байх бололцоо байхгүй.
Тиймээс ийм олон босго шалгуур байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын өмнө наана нь гурван хуульд өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөж байж энэ асуудал яригдах нь. Гэтэл нэг хуулийг батлахад ямар хугацаа зарцуулдаг билээ. Үнэхээр цаг хугацааны хувьд ямар ч боломжгүй. Өнөөдөр энэ УИХ, Засгийн газар, эрх баригчдад итгэх ард түмний итгэл уначихсан байна. Энэ хүмүүсээр Үндсэн хууль өөрчлүүлнэ гэдгийг иргэд яаж хүлээж авах бол гэдэг асуудал яригдана. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй.
-Гэхдээ Үндсэн хуулийг
өөрчлөх ажлын хэсэг хоёр жилийн өмнө байгуулагдсан. Ажлын хэсэгт бүх УИХ-д суудалтай нам эвслийн бүлгийн гишүүд багтсан. МАН-аас гэхэд Су.Батболд, Д Дэмбэрэл, Д.Лүндээжанцан нарын гишүүд бүлэгтээ Үндсэн хуульд ийм өөрчлөлт орж байна гэсэн мэдээлэл өгөөгүй юм уу. Бүлэг дээрээ санал нэгдээгүй байж гарын үсгээ зурцгаачихдаг юм уу?
-Бүлэг дээр танилцуулсан зүйл байхгүй. УИХ-ын гишүүн тодорхой хууль санаачлах, иргэдийн эрх ашгийг хамгаалах бүрэн эрхийг нь бүлгээр хайрцаглаад байх боломжгүй. Тиймээс гарын үсэг зурсан гишүүддээ хүндэтгэлтэй хандана.
Ер нь бол МАН-ыг засагт уриад хамтарсан Засгийн газар байгуулахдаа гэрээ хийсэн. Тус гэрээнд Үндсэн хууль, Сонгуулийн хуулийг өөрчилнө гэж заасан байсан. Уг нь өнгөрөгч зун МАН-ыг засгаас хөөх биш Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд ард нийтээсээ санал аваад, ард түмэндээ түүнийгээ танилцуулаад явах ёстой байсан. Дараа нь намар чуулган эхлэнгүүт хэлэлцээд явчихсан бол болох байсан. Харамсалтай нь үүний оронд МАН-ыг засгаас хөөх асуудлаа ярьж, МАХН-тай хамтрахын тулд Өршөөлийн хууль батлах гэж улайраад энэ асуудал яригдалгүй хойшилсон.
-Үндсэн хуульд орох өөрчлөлтүүд орж ирээд байна. Тухайлбал, УИХ-аас Ерөнхийлөгчийг сонгоно. УИХ, Засгийн газар таван жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлнэ, Ерөнхий сайдад эрх мэдэл өгье гэх мэтээр орж ирсэн. Өөрчлөлт орж буй асуудлууд дээр ямар байр суурь барьж байгаа вэ?
-Өргөн барьж буй өөрчлөлт оруулах тодорхой заалтууд дээр санал нэгдэж байгаа.
-Тухайлбал?
-Тухайлбал, 21 аймгийг хот болгох асуудал, УИХ- ын гишүүн Засгийн газрын гишүүнийг давхар хашихгүй байх, төрийн бүтцийг үе үеийн Засгийн газар, үе үеийн УИХ нь данхайлгадаг байсныг цөөлж есөн яамтай байх гэх мэт зүйлс дээр санал нэгдэж байгаа. Гэхдээ энэ Их хурал Үндсэн хуулийг хэлэлцэх цаг хугацааны хувьд боломж алга.