Ерөнхий сайдад эмгэнэл илэрхийлье
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-УИХ-ын ээлжит чуулганаар 2016 оны төсвийн төслийг хэлэлцэж буй. Өнгөрөгч лхагва гарагт хуралдсан ээлжит хуралдааны үеэр УИХ дахь МАН-ын бүлэг төсөвтэй холбоотой санал дүгнэлтээ УИХ-д танилцуулсан юм. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга эдийн засаг нийгмийн өнөөгийн нөхцөл байдалд хийсэн МАН-ын бүлгийн танилцуулгыг уншиж, эдийн засаг, эдийн засаг хэмээн онцолсон ч элгээр нь хэвтүүлсэн Ерөнхий сайдад эмгэнэл илэрхийллээ.
Тэрбээр “Шийдлийн Засгийн газар 2016 оны эдийн засгийн өсөлтийг 4.1 хувьтай байхаар тооцон төсвийн орлого, зарлага, алдагдал, өрийн хэмжээг тооцон УИХ-аар хэлэлцүүлж байна. Гэтэл Олон улсын валютын сан ирэх онд манай улсын эдийн засгийн өсөлтийг 0.6 хувь гэж тооцжээ. Тооцоолол ингэж их хол зөрж байна.
Тооцоолол, төлөвлөлтийг үндэслэлтэй, зөв зүйтэй хийж чадахгүй байгаа учраас л улс орны эдийн засаг хямарлаа. Ирэх жил ч гэсэн эдийн засаг улам гүнзгий хямарч, ард түмэн бүсээ илүү ихээр чангалах хэрэгтэй болж байгааг 2016 оны төсөв харуулж байна. Өнгөрсөн гурван жилийн турш “буруу замаар будаа тээж, буцахдаа шороо тээсэн” Засгийн газар ирэх жил ч түүхээ давтахаар байна.
“Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж хэлж Ерөнхий сайд болсон Ч.Сайханбилэг Таныг эдийн засгийн хямралыг улам гүнзгийрүүлсэн, төрийн мөнгөний бодлого явуулах орон зайг хязгаарласан, хариуцлагагүй, хөөсөрсөн төсөв өргөн мэдүүлсэнд гүн эмгэнэл илэрхийлье.
Засгийн газарт улс орноо эдийн засгийн хямралаас гаргах, ард түмнийхээ амьдралыг сайжруулах чадамж, бодлого байхгүй болох нь нотлогдож байна. Шийдлийн Засгийн газар улс орноо улам хямруулах, ард түмнээ улам ядууруулах, өр зээлийг улам нэмэх уриатай юм шиг ажиллах боллоо. Энэ байдалд УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэлт хийж ажиллана” хэмээн ярьсныг “хэн юу хэлэв” буландаа онцоллоо.