Монголын ардчилсан холбоо нам болохгүй
Монголын Ардчилсан холбооны Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдлаа. Цаг үеийн асуудлууд хэлэлцэхээр Удирдах зөвлөлд багтдаг МоАХ-ны аймаг, дүүргийн бүх төлөөлөл хуралд оролцсон юм.
Улс төрийн нөхцөл байдлын талаар гишүүд, дэмжигчдээс асуулт их ирж байгааг аймаг, дүүргийн МоАХ-ны удирдлагууд дуулгасан. Иймээс зарим асуудалд хариулт өгөхөөр МоАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж, шийдвэр гаргалаа. МоАХ нам байгуулах тухай мэдээлэл гарах болсныг юуны түрүүнд орон нутаг, дүүргийн салбар зөвлөлөөсөө гишүүд, дэмжигчид асууж, тодруулж өгөхийг хүссэн байна. Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг хэрхэн тэмдэглэх, гишүүд, дэмжигчдээ урамшуулах талаар маш их санал ирж байгаа аж. Хуралд оролцсон Удирдах зөвлөлийн гишүүд асуух зүйлээ тодруулж, саналаа хэллээ.
Тухайлбал, АН-ынхны эв нэгдэлгүй байдалд дүгнэлт хийж, МоАХ-ны байр суурийг тодорхой болгож, илэрхийлэхийг хүсч байлаа. МоАХ-ноос төрөн гарсан олон намын нэг АН-ыг орхиж гарах асуудал байж болохгүй, МоАХ эзэн хэвээрээ үлдэх нь зөв гэж Удирдах зөвлөлийн гишүүд байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга “АН том зорилго тавин ажиллаж байгаа учир нэгдмэл байна. Тавантолгойн ордыг ард түмэнд ашигтай байх хувилбараар явуулахад гишүүд санал нэгдсэн. Нам болж тусдаа гарна гэсэн асуудал байхгүй” гэдэг тайлбар өгсөн юм. АН-ын гол хүч болохын хувьд Ардчилсан холбооны гишүүд дэмжигчдэдээ зөв ойлголт өгч, эв нэгдлээ хадгалж байх үүргээ биелүүлэх ёстой гэж Удирдах зөвлөлийн гишүүд санал нэгдлээ.
Дараагийн хэлэлцсэн асуудал бол Тавантолгойн гэрээний төслийг Монгол Улс, монголчуудад ашигтай хувилбараар боловсруулан УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан талаар танилцуулав. УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурж, дэмжсэн уг төслийг МоАХ-ны баримталдаг ард түмэнд ашигтай байх хувилбараар боловсруулсан. УИХ-ын даргын зөвлөх, Дорноговь аймгийн МоАХ-ны дарга А.Гансүх тус төслийн талаар товч мэдээлэл өгсөн юм. Удирдах зөвлөлийн гишүүдээс Тавантолгойн гэрээний төслийг аймаг, дүүрэг бүрт хэлэлцүүлж, мэдээлэл өгч, санал солилцож явах хэрэгтэй гэдэг санал ч гарав.
Тавантолгойн төсөлтэй холбоотой бүтээн байгуулалтын ажлууд яригдаж эхэлсэн учир үүнд ажиллах боловсон хүчнийг дотоодын хүч, нөөц бололцоогоор бэлтгэх боломжтойг АН-ын удирдлагууд ярьсан. Өөрөөр хэлбэл, цэрэгт залуучуудыг татаж, мэргэжил олгож, бүтээн байгуулалтын ажилд оролцуулахдаа цалин өгч, нийгмийн баталгааг нь хангах санаачилга гаргасан билээ.
Хамтран зүтгэгчдэдээ сүүлийн үед үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын талаар бодит мэдээлэл өгөв. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг их хэмжээний мөнгө шамшигдуулсан гэх үндэслэлээр баривчилсан нь цаанаа улс төрийн зорилготой гэж үзэж байгаа. Янз бүрийн мэдээлэл дунд тодорхой ойлголтгүй байгаа Удирдах зөвлөлийн гишүүдийн асуултад удирдлагууд хариулсан. Зам тээврийн сайдаар ажиллах хугацаандаа бүх шийдвэрийг хуулийн дагуу гаргаж, зохих ном журмын дагуу үүргээ гүйцэтгэж ирсэн. “Самсунг Си энд Ти” бол БНСУ-даа хоёрдугаарт орох барилгын компани.
Анх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын гэрээг “Самсунг Си энд Ти” компанитай “Энержи Ресурс” компани байгуулсан байхад төрөөс Төмөр замын талаар баримтлах бодлогын дагуу “Монголын төмөр зам” ТӨХК-нд шилжүүлэн авсан. Тухайн үед буюу 2013 оны дөрөвдүгээр сард 8 хувийн гүйцэтгэлтэй байсан ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК-нд шилжүүлээд хөрөнгө мөнгө нь шийдэгдэж ажлаа эхлүүлж. Үүнээс хойш бүтээн байгуулалтын ажил тасралтгүй үргэлжилж, 2014 оны аравдугаар сард А.Гансүх Зам тээврийн сайдыг ажлаа өгөхөд 80 хувьтай болсон байжээ.
УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга
Гэвч түүнээс хойш ажил хийгээгүй өдийг хүргээд буй. Хэрэв шаардлагатай санхүүжилтийг шийдсэн бол төмөр замын бүтээн байгуулалтын ажил өдийд дуусч, ашиглалтад орсон байхаар төлөвлөжээ. “Чингис” бондоос 400 сая ам.долларын санхүүжилт хийх байсны 200 орчим сая төгрөгийг өгсөн. Энэ мөнгийг Зам тээврийн яам, Сангийн яам, Хөгжлийн банк гэсэн гурван байгууллагын шийдвэр, хяналтаар дамжуулан бүтээн байгуулалтад олгосон байтал хувьдаа хувааж авсан болгож буруу мэдээлэл түгээж буйд харамсч байгаагаа илэрхийлсэн юм. Энэ мэтчлэн бүх ажил хууль, журмын дагуу явсан тэмдэглэл, баримт материал бий гэдгээ А.Гансүх зөвлөх танилцууллаа.
Удирдах зөвлөлийн хурлын үеэр хөндсөн 25 жилийн ойн арга хэмжээ, гишүүдийн шагнал урамшууллын асуудлыг хэлэлцээд хоёр ажлын хэсэг байгуулахаар боллоо. УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга Удирдах зөвлөлийн гишүүдийг аймаг орон нутаг тусдаа хийх эсвэл нэгдсэн байдлаар Улаанбаатарт ойн арга хэмжээг зохион байгуулах зэргээр тус бүрчлэн саналаа өгөх хэрэгтэй гэв.
Ингээд саналуудаа цуглуулаад аймаг, дүүргийн МоАХ-ны төлөөлөл оролцсон ажлын хэсэг саналаа эргэн танилцуулахаар болсон юм. Мөн ардчилсан хувьсгалд гавьяа байгуулан оролцсон МоАХ-ны гишүүдээ шагнаж урамшуулах асуудалд ч ажлын хэсэг байгуулж, ажиллахаар боллоо. Уг нь, ардчилсан хувьсгалд анхлан оролцсон хүмүүсийг орон сууцтай болгох асуудал хөндөж, хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барьсан ч одоогоор шийдэгдээгүй байгааг МоАХ-ны дарга энэ үеэр сануулан хэлсэн. Цаашдаа ч энэ хүмүүсийн байгуулсан гавьяаг мартахгүй, зохих ёсоор үнэлж байх хэрэгтэй гэдэгт Удирдах зөвлөлийн гишүүд санал нэгдсэн юм.
Ингээд хурлын төгсгөлд бүх талаар тусалж дэмжиж ирсэн хандивлагчдаа урамшуулж, өргөмжлөл гардуулав. Ховд аймгийн МоАХ-ны салбар зөвлөлийн дарга Ш.Адьшаа, Дархан-Уул аймгийн МоАХ-ны салбар зөвлөлийн дарга М.Төмөртогоо нарт МоАХ-ны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Байгалмаа өргөмжлөл гардууллаа.