С.Ганбаатар: Эрдэнэт үйлдвэр 650 тэрбум төгрөг гаргаад байхад Оюутолгой харин таг дуугүй байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар (КОВИД-9)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Цаашид коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал энэ байдлаар удаан үргэлжилбэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралт нөхцөлийн түвшинд хүргэхэд ойрхон байна гэж Засгийн газар үзэж байгаа аж.
Иймээс цар тахлын өнөөгийн болон цаашид үүсэх нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлага, сургамж, Монгол Улсад тулгарч байгаа сорилт, хүндрэл бэрхшээлийг харгалзан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах, хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр хуулийн төслийг боловсруулжээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар гишүүн "Дөрөв дахин бага Эрдэнэт үйлдвэр 650 тэрбум төгрөг гаргаад байхад Оюутолгой нүдний булай болоод таг дуугүй байна. Тэд нийгмийн хариуцлагын хүрээнд вакцины мөнгө гаргуулах хэрэгтэй" гэсэн байр суурийг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
Эрх баригчид үг хэлэхээр л "хөмсгөө битгий атиралдуулаарай" гэх юм. Яаж ярихаа бид мэдье. Засгийн газрыг ард түмэн сонгоогүй, харин УИХ-ын гишүүдийг ард түмэн сонгосон. Энэ утгаараа энэ шийдвэрт бидний дуу хоолой ороосой гэж чин сэтгэлээсээ ярьж байгаа хүмүүст яаж ярихыг битгий заагаасай гэж хүсэж байна.
Хуулийн 7.1.2 "Цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх" гэсэн заалт орсон байна. Сангийн сайд гаднаас вакцины мөнгө гуйгаад яваад байна. Тэгэхээр вакцины асуудал дээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа томоохон ААН, үндэстэн дамнасан корпорацуудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй. Гуйлга гуйж байгаа явдал биш. Монгол улс байгаа учраас, Монголын ард түмэн байгаа учраас, Монголын баялаг байгаа учраас тэд ашиг хүртэж байгаа. Тиймээс энэ давагдашгүй хүчин зүйлийг ашиглаж Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулаач ээ.
7.1.2 дээр санхүүгийн хүндрэл байгаа учраас хэрэгжихгүй байна. Оюутолгойгоос 4 дахин бага Эрдэнэт үйлдвэр 650 тэрбум төгрөг гаргаад байхад Оюутолгой нүдний булай болоод таг дуугүй, алтаа 30 хувийн нэмүү өртөгтэйгөөр зараад сууж байна.
Хүмүүс орлогогүй, мөнгөгүй болчхоод байна. Тиймээс НДСангаас ажилгүйдлийн даатгал гэж байгаа. Энэ талаар ямар арга хэмжээ авах вэ?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулт өглөө
Вакцины асуулаар ажлын хэсэг байгуулагдлаа. Хөрөнгө мөнгөнөөс болоод ямар нэг дутаад байгаа зүйл байхгүй байна.