2021.06.24

Д.Өнөрболор: ЭМД-ын сангийн хөрөнгийг ямар тохиолдолд, ямар шалгуураар зарцуулах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.24/ нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ.Хуралдааны эхэнд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

"2020 онд цар тахалтай тэмцэхэд 4,8 их наяд буюу төсвийн орлогын 50% тай тэнцэх хэмжээний хөрөнгө зарцуулсан гэх аудитын тайлан байна. Ийм их хөрөнгө зарцуулсан хэрнээ хуулийн хэрэгжилтийн үр дүн маш муу байна гэдэг тал дээр гишүүдээс гадна иргэд ч бухимдаж байна. Өнөөдрийн байдлаар 100 гаруй мянган хүн халдвар авсан. Өдөрт 2000 гаруй шинэ халдвар илэрч байна. Хуулийн хэрэгжилттэй холбоотой менежмент, уялдаа холбоо, шийдвэр гаргалтын өмнөх тандалт судалгаа, арга барил сайн биш байна. Эмч нарын ачаалал, өвчлөл, цалин хангамж тал дээр менежмент муу байна.

Хүүхэд, жирэмсэн эхчүүд халдвар авах нь нэмэгдлээ. Өнгөрсөн оноос хойш 500 гаруй мянган ажлын байр эрсдэлд орсон. Ажилгүйдлийн түвшинэ 2,23 хувь нэмэгдсэн. Амьсгал, уушги орлуулах аппарат дутагдалтай, ээлжлэн хэрэглэж байна. Ковидын хууль анх баталж байхад дээрх 2 аппаратаар бүрэн хангаж, нөөц бүрдүүлэх тухай ярьж байсан. Одоо даамжирсаар аппаратаа 2 өвчтөнд ээлжээр хэрэглэж байна.

Вакцины үр дүн яагаад гарахгүй байна вэ? Хуулийг хэрэгжүүлээд ямар үр дүн гарсан бэ? Үүнийг хэрхэн хэмжиж байна вэ? Дараагийн төлөвлөгөөгөө таницуулсныхаа дараа энэ хуулийг ярих нь зүйтэй гэж үзэж байна.

Хуульд хэд хэдэн нэмэлт, өөрчлөлт оруулж байгаагаас ЭМД-ын сангийн хөрөнгийг зарцуулах хэмжээг нэмэгдүүлэх гэж байна. ЭМДС бол даатгуулагчид л эрсдлийг хуваалцах зорилготой. Цар тахлын үед энэ хөрөнгийг ямар тохиолдолд ямар шалгуураар зарцуулах вэ? Засгийн газар журмаар зохицуулна гэж байна. Хуульд заалт огт алга.

Вакцины асуудлаас иргэд маш их бухимдаж байна. Дархлаажуулалтын эрсдэл, нөлөөлөл, судалгаа, нөхөн олговорын зардал зэргийг тогтоох шаардлагатай байна. Уг хуульд вакцины улмаас гарсан хүндрэлийн нөхөн төлбөрийн асуудлыг тусгайлан авч үзэж,  санхүүжилтийн өөрчлөлтийг тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Улс орнууд вакцин үйлдвэрлэгч нартай гэрээ хийхдээ тусгайд нь зохицуулж байгаа. Үүн дээр ГХЯ ямар байр суруьтай байна вэ?"

Түүний асуултанд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn