2020.04.28

Б.Энх-Амгалан: Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг давхар тусгах шаардлага байна уу?

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.04.28/ хуралдаанаар  Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын гишүүн 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан

Засгийн газрын хийж хэрэгжүүлээд явж байгаа ажлууд энэ дээр орсон харагдаад байна. Хорио цээрийн дэглэмийн тухай асуудлыг бид өмнө нь хийгээд, одоо ч хийгээд л халдваргүйжүүлээд л явж байгаа. Шаардлагатай тоног, төхөөрөмжийг одоо ч бид татаж авч байна. Засгийн газар хийж байсан зүйлээ хуульгүй хийж байгаа юм шиг ойлгогдоод байна.

Экпортыг нэмэгдүүлэх, хорио цээрийн дэглэм тогтоох, ариутгал халдваргүйжүүлэлт, шаардлагатай эм тоног төхөөрөмж экспортлох гэх мэт Засгийн газрын хийж байгаа ажлуудыг энэ дээр дурдах шаардлага байна уу? Өмнө хийж хэрэгжүүлж байсан энэ ажлууд хуулийн хүрээнд биш болж таарах уу? 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хариуллаа.