/COVID-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.29\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын гишүүн 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийж байна.
Байнгын хорооны танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан хийв.
Танилцуулгадаа, Ажлын хэсэг 2020.04.28-ны өдөр хуралдаж, хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ардчилсан намын зөвлөлөөс ирүүлсэн санал, Ажлын хэсгийн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэн хэлэлцсэн талаар онцлов. Мөн зарчмын зөрүүтэй саналууд нь цар тахлын голомтод, эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний, төрийн захиргааны, төрийн тусгай албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүнийг татаасаар дэмжлэг үзүүлэх, жирэмсэн болон эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, УИХ-аас хуулийн биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцэх зэрэг ач холбогдолтой болохыг тэмдэглэсэн юм.
Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцсэн гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд үргэлжлүүлэн Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.28