Цар тахлын үед эдийн засгийг тогтвортой байдлыг хангах тухай тогтоолыг дэмжлээ
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.04.28/ хуралдаанаар “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.
Дэлхийн 213 улс оронд хурдацтай тархаж, Монгол Улсад удаа дараа нэмэгдэн бүртгэгдэж байгаа коронавируст халдвар /COVID~19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, цахим шилжилт хийх зорилгоор баримтлах төрийн бодлогын чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын Үндсэн Хуулийн 25 дугаар зүйлд заасан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд тодорхойлж энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ.
Тогтоолын төсөлд Монгол Улсын урт хугацааны тогтвортой өсөлтөд дэмжлэг үзүүлж, үүсэх эрсдэлээс хамгаалж, санхүүгийн чадвартай байх эрүүл, тогтвортой, зохистой засаглал бүхий банкны салбарыг бий болгох шинэчлэлийн хөтөлбөрийг гаргаж, хэрэгжүүлэх, зээл, санхүүжилтийн хүү болон эх үүсвэрийн зардлыг бууруулах, цар тахлын үед төрөөс нийгмийн шаардлагатай хэсэгт хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх, хүн амын эрүүл мэнд улсын аюулгүй байдлын төлөө эрсдэл гарган тасралтгүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, төрийн зарим тусгай албан хаагчдад ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүн гаргах, жижиг дунд үйлдвэрийн зээлд төрөөс гаргах батлан даалт болон улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, банкны бус санхүүгийн салбарыг зохицуулах зэрэг арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна.
Энэ хүрээнд Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, төрийн бусад байгууллагаас дээрх арга хэмжээг хэрэгжүүлснээр зогсонги байдалд орсон эдийн засгийг дэмжиж, банк санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдан улмаар санхүүгийн тогтворгүй байдал үүсгэх, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх ач холбогдолтой бөгөөд төрөөс коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын эсрэг авч байгаа бусад цогц арга хэмжээнд дэмжлэг болж, харилцан уялдааг хангах аж
Тогтоолын төслийг боловсруулахтай холбогдуулан Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хуулиар тодорхойлсон зорилт, бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж болох арга хэмжээний цар хүрээг тодорхойлж, холбогдох санхүү, эдийн засаг, хууль зүйн тооцоо судалгаанд үндэслэсэн бөгөөд тогтоолын хэрэгжилтэд хамаарагдах банкуудын санал, зээлдэгчдийн тоо, төрөөс гарах зардал зэргийг урьдчилан тооцсон болно.
Тогтоолын төсөлд тусгасан эрүүл, найдвартай, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай, харилцагчид хүртээмжтэй, цахимжсан банкны тогтолцоо бий болгох, банкны зохистой удирдлагын тогтолцоог бүрдүүлж, хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, банкийг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх, банкны хяналт шалгалт, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний эрх зүйн орчинг сайжруулах, төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх, алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох, түүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг болон бусад хэлцлээр гадаад, дотоод зах зээлээс бүрдүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах, хэлцэл хийх, шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэх байгууллагад олгох хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгох хүрээнд холбогдох хуулийн төслийг боловсруулсан.
Коронавируст халдвар цар тахалтай тэмцэх, эдийн засгийг дэмжих арга хэмжээтэй холбогдуулан Америкийн Нэгдсэн Улс нь Холбооны Нөөцөөс 2.3 триллион ам. долларыг эдийн засагт нийлүүлэх, Европын Төв банкнаас 750 тэрбум еврог зөвшөөрөгдсөн хөрөнгийг худалдан авахаар гаргасан. Мөн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс коронавирустэй тэмцэх зорилготой нэг удаагийн шинжтэй эрх бүхий байгууллагад эрх олгосон хуулийг баталсан. Олон улсын эдгээр туршлагыг харгалзан халдварт цар тахлын улмаас манай улсын санхүү, эдийн засгийн тогтвортой байдал алдагдахаас сэргийлэх, эдийн засгийн өсөлтөд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийг дэмжих арга хэмжээний агуулгыг энэ тогтоолын төслөөр тодорхойлсон гэлээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.