Б.Баярсайхан: Цар тахлын үед хүүхдийн эрхийг насанд хүрсэн хүний эрхээс тусад нь авч үзэж, зохицуулах шаардлагатай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан асуулт асуулаа:
Хуулийн 5-р зүйлтэй холбоотой зарчмын санал хэлье. Хуулийн 5-р зүйлд хүний нэр төр, алдар хүндэд сэтгэл зүйн дарамт хохирол учруулж болзошгүй мэдээлэл тараахгүй байх гэж орсон байна. Гэхдээ хүний эрх, шударга, хүнлэг байдлын зарчмын тухай заалт огт тусгагдаагүй байгаа юм.
Тэгэхээр хүний эрхийг хүндэтгэх зарчмыг энэ хуульд тусгуулмаар байна. Цар тахлын үед эрх чөлөөгөө хязгаарлуулж байгаа хэдий ч гэсэн иргэд эрхээ эдлэх ёстой. Тухайлбал эмнэлэгт хөл хорионд орсон иргэдийн эрх зөрчигдөж байна. Халдвар авсан болон өөр шалтгаанаар эмнэлэгт хандаж байгаа иргэдийн эрх зөрчигдөж байна. Мөн нэвтрэх зорчих үед хүний эрх зөрчигдөж байна гээд олон асуудал гарч байна.
Шударга байх зарчим. Төрийн байгууллага иргэддээ шударга хандах, иргэд нь өөрсдөө цар тахлын хариу арга хэмжээнд шударга байх зарчих энэ хуульд тусгагдах ёстой.
Хүндэтгэлтэй байх зарчим. Бие биедээ хүндэтгэлтэй хандмаар байна. Эрүүл иргэддээ хүндэтгэлтэй харьцмаар байна. Халдвар авсан хүнтэй эмч, эмнэлгийн ажилтан, гэр бүл, нийгэм, сошиалд хүндэтгэлтэй хандмаар байна.
Хүүхдийн эрхийг нэн тэргүүнд хангах зарчимыг заавал тусгах ёстой.
Цар тахлын ойлгомжгүй нөхцөл байдлын үед хүүхдийн эрх маш ихээр зөрчигдөж байна. Үүнийг насанд хүрсэн хүний эрхээс тусад нь авч үзэж зохицуулах ёстой гэж харж байна. Хүүхдийн эрх нэн тэргүүнд байх ёстой. Хүүхэд эндсэн талаар дурьдагдлаа. Хэрвээ хүүхэд өвдсөн бол ээж, аав болон дотны хүнээс нь ядаж нэг нь хүүхэдтэй хамт байх, хүүхэдтэй адил түвшин болсон тэр хүнийг нь авч явах зохицуулалт энэ хуульд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүүхдийн аав нь юм уу, ээж нь зөвшөөрөхийн бол халдвар аваагүй ч хүүхэдтэйгээ хамт байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Энэ нь хүн ёсны нөгөө талаар хүүхдийн эрх зөрчигдөхгүй байх сайн талтай. Тэгэхээр ийм төрлийн зохицуулалтыг хуульд хийж өгнө үү?
Мөн хуульд хариуцлагын талаар маш сайн тусгах хэрэгтэй.
Хариуцлагын тогтолцоо энэ хуульд яаж суусан бэ гэдгийг эргэж харах хэрэгтэй болов уу. Хуулийн нэр нь Коронавируст халдвар (КОВИД-9)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэсэн нэртэй байгаа. Гэтэл нийгэм эдийн засагт, үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах талаарх зохицуулалт хангалтгүй орсон байна гэж дүгнэж байна. Тухайлбал хөл хорионы иргэдийн бизнес, орлогыг авч үлдэх, ажлын байрыг хадгалах зэрэг нийгэм, эдийн засгийн авч болох арга хэмжээг төрийн зүгээс илүү нарийвчлан зохицуулах ёстой юм болов уу.
Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.
Хүний эрхийн асуудлыг ХЭҮК яриад гишүүд анзаарч байгаа байх. Аль болох нийгэм, эдийн засаг, урьдчилан сэргийлэх талыг нь харсан учраас зарим хязгаарлалт байгаа. Гамшгийн хууль, хүний эрхийн бусад хуулиуд дээр нэлээд зохицуулалтууд байдаг. Таны энэ саналуудыг 5.1-р заалтыг хөндсөн учраас хэлэлцүүлгийн явцад үүнд оруулж болох болов уу гэж бодож байна. Энэ бол онцгой үе. Хөл хорио, бүх нийтийн бэлэн байдлын хамгийн дээд зэрэглэлд явж байагаа энэ үед тодорхой хэмжээний хүний эрхийн хязгаарлалт байгаа юм. Зөрчил гаргахгүйн төлөө явж байгаа.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нэмэлт тодруулга хийлээ:
Дөнгөж дөрвөн сар гарсан хуулиа битгий хэл өчнөөн олон жил хэрэгжээд явж байгаа хуулиадаа хүртэл цаг үеийн байдалд нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулаад явдаг учраас та бүхний яг амьдрал дээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бас зөрүүтэй, урьд нь тулгарч байгаагүй бэрхшээлтэй байгаа гэдгийг ойлгож байгаа. Эцэст нь хэлэхэд дэлхий дахинд цар тахал ар араасаа гарах вирус хувьсан өөрчлөгдөж, өөр болох, улс хооронд гамшгийн хэмжээнд хүрэх нөхцөл байдлын давтамж нь ихсэх хандлагатай байгааг дэлхий нийт хэлээд байна. Бид энэ удаагийн цар тахлаар хуулиа нэрлээд, хуульдаа хугацаа заагаад, тэр хугацаа нь УИХ-аар яаралтай гэж хэлэлцүүлж байх шаардлага байна уу?