Ч.Улаан: Шатахууны үнийн өсөлтөд улс төр нөлөөлжээ
-Ажлын хэсгийнхэн Монголбанкинд ажиллаад ямар асуудал олж харсан бэ?
-Монголбанкинд ажилласан ажлын хэсгийнхэн валютын ханш огцом өссөний шалтгаан нь юу байв. Үүнийг зохицуулах боломж Монголбанкинд байсан уу. Валютын ханшийн өөрчлөлт нь шатахууны үнэ нэмэх шалтгаан болсон уу гэдгийг тодруулахаар ажилласан. Ингээд “Монголбанк ханшийн тогтвортой байдлыг хангах тал дээр анхаарч зах зээлд интервенц хийх замаар валютын эрэлтийг зохицуулах алхам хийсэн ч мэдрэмж муутай, үр ашиг багатай ажиллажээ” гэсэн дүгнэлт гаргасан. Монголбанкныхан үр ашигтай зохицуулалтыг зах зээлд тасралтгүй хийж чадаагүй байгаа юм л даа.
-Саяхан Монголбанк интервенц хийж арилжааны банкуудад ам.доллар худалдсан шүү дээ?
-Оны эцэст нэмэгдсэн гэнэтийн ачааллыг давах зорилгоор тодорхой арга хэмжээ авсан ч үр дүн нь тааруухан гарсан учир энэ оны эхний хэд хоногт ханшийн огцом өөрчлөлт гарч байгаа юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ам.долларын ханш 53 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ бүхнээс ямар дүгнэлт хийсэн бэ гэхээр ханшийн зохицуулалтыг уян хатан, үр ашигтай хэрэгжүүлэх боломж байсан ч бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй гэж үзсэн.
-Монголбанкины гадаад валютын нөөц түүхэнд байгаагүйгээр нэмэгдэж өнгөрсөн жил хоёр тэрбум ам.долларт хүрсэн. Үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалж Монголбанкныхан гадаад валютынхаа нөөцийн 10 орчим хувийг зах зээлд гаргасан гэж байсан. Байгаа бүх нөөцөө гаргачихвал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлөх асуудал яригдах болохоор энэ тал дээр нэлээд анхаарал, болгоомжтой хандаж байна. Тийм үү?
-Гурав орчим тэрбум ам.долларын гадаад валютын нөөц гэдэг их мөнгө юм шиг бодогдож байгаа. Гэхдээ зах зээл дээр үүсээд байгаа асуудлыг зохицуулахдаа тооцоотой, хямгатай зарцуулахгүй бол амархан алга болчих мөнгө. Үүнээс болоод “Бид зах зээл дээр тогтвортой байдлаа хамгаалж, хадгалж чадахгүй янз бүрийн савлагаанд орж болзошгүй” хэмээн болгоомжилж байгааг бид ойлгож байна. Валютынхаа нөөцийн 10 гаруй хувийг зах зээл дээр гаргасан ч ямар нэгэн үр дүнд хүрсэнгүй. Үнийн өсөлт хэвээр ажиглагдаж байна. Тиймээс үр дүнтэй зарцуулж чадаагүй гэдэг дүгнэлтэд хүрээд байгаа юм.
-Тэгээд яах ёстой байсан гэж?
-Болж өгвөл тасралтгүй үр дүнтэй зохицуулалтыг хэрэгжүүлэх ёстой байсан. Зах зээл дээр валютын эрэлт асар их байсан. Байсаар ч байна. Гэтэл өнгөрсөн сарын байдлаар Монголбанк энэ их эрэлтийн дөнгөж 30 хувийг л хангасан байгаа юм. Тэгэхээр цаана нь хангагдаагүй эрэлт үлдэж, хуримтлагдаад байсан байгаа юм.
Энэ нь хуримтлагдсаар байгаад “Валютын ханш өсөх юм байна” гэсэн дохио болж байсан.
Тиймээс л Монголбанк мэдрэмж муутай ажилласан байна гээд байгаа юм шүү дээ. Ер нь цаашид манай валютын нөөц анхаарал татсан асуудал болчихлоо. Учир нь энэ онд импорт нэлээд нэмэгдэж, экспортод гаргадаг бүтээгдэхүүний хэмжээ буурах хандлага ажиглагдаж байсан. Үүнээс болоод гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарах дүр зураг бий болсон. Бас валютын хомсдол үүсэж болзошгүй байгааг Монголбанкныхан сайн тооцоолж хамгаалах механизмыг хийж өгөх учиртай байсан юм.
-Нөгөө талаар шатахууны үнэ огцом өсөөгүй байсан бол валютын ханшийн өсөлт жил бүрийн өдийд ажиглагддаг зүйл мэтээр өнгөрч болзошгүй байсан. Гэтэл улс төрийн зорилгоор шатахууны ханшийг огцом өсгөж, Монголбанкны гадаад валютын нөөцийг зах зээлд гаргах үүднээс улс төрийн тоглолт хийгээд байна хэмээн шүүмжилж байна шүү дээ?
-Аливаа шүүмжлэлд заавал үнэний хувь байдаг гэж би боддог. Цаг хугацааны хувьд аваад үзэхэд энэ асуудал зүгээр ч нэг тохиолдлоор давхцаагүй байгаа гэж бодож байна. Шатахууны үнэ нэмэх шийдвэр гаргадаг өдөр буюу өнгөрсөн баасан гарагт Эрдэс баялаг, эрчим хүчний яамны харьяанд байдаг Газрын тосны бүтээгдэхүүний үнийн асуудал хариуцсан ажлын хэсгийнхэн хуралдсан. Хуралдааны үеэр шатахуун импортлогчдын үнэ нэмэх саналыг дэмжсэн шийдвэр гаргаад, чиглэлээ өгчихсөн. Үүнийг улс төртэй холбоогүй гэж хэлэхэд үнэмшилгүй сонсогдож байгаа биз дээ. Тиймээс улс төрийн оролцоо байгаа гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байгаа шүү. Нөгөөтэйгүүр үнэ нэмэх шийдвэр гаргаж, шатахуун импортлогчдод чиглэл өгчихөөд эргээд булзааруулаад байгаа нь ч сонин л байна шүү дээ.
-Юу гэж булзааруулсан гэж?
-“Ажлын хэсгийнхэн хуралдаагүй ээ. Үнэ нэмэх шийдвэр гаргаагүй. Би үүнд огт хамаагүй” гээд бултаж байгаа явдал бол шатахууны үнийн өсөлтөд улс төр орсны маш тод нотолгоо. Тэр асуудлыг нуух ямар шаардлага байв.
-Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсанг хэлээд байна уу?
-Тийм. Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсанг хэлж байна.
-Тэгвэл шатахуун импортлогчид “Валютын ханшид гарсан өөрчлөлт шатахууны үнийг огцом нэмэх шалтгаан болсон” гэж тайлбарласныг монголбанкныхан үгүйсгэж байгаа. Та бүхэн үүнийг тодруулахаар ажилласан. Тэдний хэн нь үнэн яриад байна вэ?
-Валютын ханшийн өсөлт шатахууны үнийг огцом буюу 230-260 төгрөгөөр нэмэх үндэслэл болоогүйг тогтоосон. Шатахууны үнэ эдийн засгийн агуулга гэхээсээ илүүтэй хийсвэр агуулгаар нэмэгдсэн. Шатахууны үнийг нэмэх гэж хийсэн тооцоо, үндэслэл нь ч нотлогдохгүй байна. Хамгийн гол нь Эрдэс баялаг, эрчим хүчний яамны харьяанд байдаг ажлын хэсгийнхэн үнэ нэмэх санал хүргүүлсэн шатахуун импортлогчдын саналыг судалж үзээгүй байж үнээ өсгөх сэжүүрийг нь өгчихсөнд л асуудал байгаа юм.
Уг нь суурь үнэтэй холбоотой асуудал Засгийн газрын онцгой анхаарах зүйл. Суурь үнээс болоод орон даяар үнийн давлагаа үүсдэг.
Гэтэл ажлын хэсгийнхэн Засгийн газартаа асуудлыг танилцуулаагүй. Нууж, хааж байгаад үйл явцыг хөшигний цаана өрнүүлчихсэн байгаа юм. Энэ нь маш их хардлагыг дагуулж байгаа учир шатахуун импортлогч байгууллагуудын үйл ажиллагаанд ул суурьтай дүгнэлт хийх ёстой. Литр шатахууны үнийг 230-260 төгрөг нэмнэ гэдгийг хэн тооцоолоод гаргачихсан юм гэдгийг ч тогтоох хэрэгтэй. Шатахууны үнэ өсөх нь байж болох зүйл ч ингэж зоргоороо нэмж болохгүй.
-Тэгвэл шатахууны үнэ чухам юунаас болж өссөнийг судалж үзсэн үү?
-Шатахууны үнэ огцом өсөхөд ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ гэдгийг судалж үзсэн. Судалгааны явцад шатахууны жижиглэнгийн үнэ тогтвортой байсан уу, байсан. Эрэлт хэрэгцээний тал дээр ямар нэгэн гачигдал, дутагдал гараагүй байхад Газрын тосны бүтээгдэхүүний үнэ ханшийн асуудал хариуцсан ажлын хэсгийнхний аман шийдвэр дээрээс үндэслэж зарим компани шатахууны үнийг хөөрөгджээ гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Тиймээс Засгийн газар шатахууны үнэ огцом нэмэгдсэн шалтгааныг судалж ажиллахаар болсон. Үнийн хөөрөгдлийг газар авахуулахгүйн тулд Засгийн газраас Монголбанктай хамтран цогц арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн саналыг сая /өчигдөр/ болсон бүлгийн хуралдааны үеэр тохиролцсон байгаа.
-МАН-ын бүлгийн хуралдааны үеэр Монголбанкны удирдлагууд тайлбар хийсэн. Үүний үр дүнд Засгийн газар Монголбанктай хамтарч цогц бодлого явуулахаар боллоо гэлээ. Тэгэхээр саяхан баталсан Мөнгөний бодлогод өөрчлөлт оруулж болзошгүй гэсэн үг үү?
-Үгүй. Мөнгөний бодлогод ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй. Харин мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх явцдаа Монголбанк Засгийн газар хоёр ажлын харилцан уялдаатай бодлого явуулах ёстой. Тэгэхгүй хоёр тийшээ харсан, зохицуулалт муутай бодлого явуулбал энэ онд зах зээлд нэлээд хэдэн доргио үүсэж болзошгүй байна.
-Тухайлбал ямар?
-Засгийн газрын зарлага энэ онд их өсөж байгаа. Бэлэн мөнгөний нийлүүлэлт ихээхэн нэмэгдэх зэргээс хамаараад үнийн савлагаа гаргаад байхгүйн тулд маш нарийн уялдаатай бодлого, зохицуулалтыг явуулах ёстой болж таараад байна. Адаглаад гүйлгээнд байгаа мөнгөнийхөө урсгалыг түргэтгэх ёстой. Мөнгөнийхөө эргэлтийн хурдтай уялдуулж шийдвэр гаргаж, үе шат, цаг хугацааг нь оновчтой тогтоох зэрэг асуудлууд дээр Монголбанк, Засгийн газар нягт хамтарч ажиллах ёстой. Ер нь Сангийн сайд бол Монголбанктай хамтарч ажиллах энэ бодлогыг бүхэлд нь харж, уялдуулах үүргийг хүлээж байх ёстой. Урьд нь ч тийм л байсан.
-Яг ийм эгзэгтэй үед Сангийн сайдын суудал эзгүйрсэн байдаг. Тэгэхээр энэ асуудал гацаанд орох бололтой?
-Эдийн засгийн амаргүй сорилтууд тулгарсан энэ үед Засгийн газар цаг, нартай уралдаж ажиллах ёстой. Бага хугацаа үлдэж байна. Тиймээс мэргэжлийн, шуурхай удирдлага зайлшгүй шаардлагатай.
-Та Сангийн сайдын албыг авахад бэлэн гэдгээ хэлсэн байсан. Энэ албыг танд хариуцуулбал та хэлж дээр хэлсэн шигээ чадах уу?
-Энэ бүхнийг харгалзаж үзээд надад даалгавар өгвөл би бүрэн хэрэгжүүлж чадна гэж бодож байгаа. Яагаад гэвэл энэ талаар мэдээлэл надад бий. Ажлын туршлага ч байна. Өмнө нь надтай хамт ажиллаж байсан хамт олон маань Сангийн яаманд байж байна. Тиймээс энэ бол миний хувьд огтоос шинэ асуудал биш. Албатайгаа танилцах гээд танин мэдэхүйн цаг хугацаа зарцуулаад байх шаардлага ч байхгүй шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.