Х.Баттулга: Нефтээ ОХУ-аас авахаар хүндрэлээсээ ангижирч чадах уу
2011.10.13

Х.Баттулга: Нефтээ ОХУ-аас авахаар хүндрэлээсээ ангижирч чадах уу

Засгийн газрын ээлжит хуралдааны нэгэн сонирхолтой сэдэв бол Газрын тосны үйлдвэр барих тухай байлаа. Нефтийн бүтээгдэхүүний хувьд ОХУ-аас 100 хувь хараатаасаа болж үе үе эдийн засгийн хүндхэн байдалд ордог монголчуудын хувьд энэ нь мэдээж анхаарал татах биз. Ингээд ЗТБХБ-ын сайд Х.Баттулгаас дараах асуултад хариулт авлаа.
-Газрын тосны үйлдвэр байгуулах тухай ярилцсан гэсэн. Чихэнд чимэгтэй мэдээ юу байна?
-Дарханд хувийн компани ОХУ-аас түүхий нефть худалдаж аваад улсын оролцоотойгоор үйлдвэр байгуулах санал орж ирсэн. Нефтийн бүтээгдэхүүний хараат байдлаас гарах гэсэн бодлого нь зөв л дөө. Гэхдээ дахиад ОХУ-аас түүхий нефть авах нь бодлогынхоо хувьд ямар байхыг судлах талаар ярилцлаа.
Нэг улсаас 100 хувийн хараат байдлаас гарна гэж байгаа ч, дахиад түүхий нефтиэ ОХУ-аас авахаар хүндрэлээсээ ангижирч чадах уу, үгүй юу.
Бас улс өөрөө энэ ажилд оролцох ямар зарчим байгаа юм бэ. Хувийнхан өөрсдөө эрсдэлээ даагаад, ОХУ-тай хамтарсан үйлдвэр байгуулж, нефтийн бүтээгдэхүүнээр дотоодоо хангана гэвэл нэг асуудал. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар юуг дэмжих вэ гэхээр дотооддоо түүхий нефть боловсруулахыг төрийн оролцоотойгоор дэмжье л гэж ярилаа.
-Хувийн хэвшлийнхэн төрөөс ямар дэмжлэг хүсээд байгаа юм бэ?
-Хоёр талын дэмжлэг байж болно. Эхлээд Засгийн газар баталгаа гаргах. Нөгөө нь хөрөнгө мөнгөний дэмжлэг юм. Гэхдээ маш сайн тооцоолохгүй бол өндөр эрсдэлтэй. Магадгүй, түүхий нефть хомсдох, эсвэл түүхий нефтийн үнэ огцом өсвөл дампуурах ч магадлалтай.
-Олон зүйл ярьж байгаа байх л даа. Гэхдээ Монгол Улс хэзээ нефтийн үйлдвэртэй болох вэ. Анхны алхмууд хийгдсэн үү?
-Энэ ажлыг хийж, хэрэгжүүлэхээр Засгийн газар, УИХ нэлээд шахуу ажиллаж байгаа. Хувийн компаниудад ч бодлогоо танилцуулсан юм билээ. Энэ удаагийн Германы канцлерын айлчлалын үеэр Германы нүүрснээс шингэн түлш гаргаж авдаг CTL  буюу СTD технологийн тухай Засгийн газар хооронд яригдах байх. Хувийн хэвшлийнхэн эдийн засгийн урьдчилсан тооцоонуудаа хийчихсэн байгаа. Тиймээс хамтын хэлбэрээр явуулах саналууд яригдах болов уу.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.