АИ-92 бензин худалдан авах саналд БНХАУ нааштай хариу өглөө
БНХАУ-аас эхний ээлжинд 22 мянган тонн АИ-92, цаашдаа сар бүр 10 мянган тонныг авч байх Засгийн газрын албан ёсны хүсэлтийг Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Шадар сайд М.Энхболд БНХАУ-ын талд хүргүүлсэн билээ.
Үүнтэй холбогдуулан БНХАУ-ас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяо Лунийг Шадар сайд М.Энхболд 2011 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзлаа.
2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын илгээсэн албан ёсны хүсэлтийн хариуг өнөөдөр Засгийн газраасаа хүлээн авсан тухай Элчин сайд хэлсэн байна.
БНХАУ Монголын Засгийн газрын хүсэлтэд чухал ач холбогдол өгч байна. Хэдийгээр манай улс дотооддоо газрын тосны бүтээгдэхүүний хангамжаа бүрэн шийдвэрлэж чадахгүй байгаа ч Монгол Улстай хамтарч ажиллахад бэлэн байна гэж тэрээр хэлэв.
БНХАУ-ын тал АИ-92 бензиныг хэсэг хугацаанд нийлүүлэх биш, хоёр улсын аж ахуйн нэгж хоорондын удаан хугацааны хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэхийг санал болгосон байна.
Шадар сайд М.Энхболд Элчин сайдад талархал илэрхийлээд ойрын хугацаанд маш тодорхой санал хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Шатахуун худалдах, худалдан авахын тулд хоёр улсын аж ахуйн нэгжүүд эхний ээлжинд тодорхой гэрээ, хэлэлцээр хийх ёстой. БНХАУ-ын “Синопек” корпорацитай хамтран ажиллаж ирсэн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлжэх сонирхолтой байна гэж Шадар сайд М.Энхболд хэлжээ.