Ноён Хонгор уулын өвөрт шинэ үйлдвэр босно
Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, цаашдын хөгжил дэвшлийн суурь бүтэц болох аж үйлдвэрийн нэгэн шинэ төрлийг үүсгэн байгуулах зорилгоор Дархан-Уул аймагт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар боллоо.
Хонгор сумын нутаг Ноён Хонгор уулын өвөрт газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолын ажиллагаанд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа нар болон аймгийн удирдлагууд, үйлдвэрийг хамтран байгуулах Монгол, Японы компаниудын төлөөлөл оролцов. ‘’Дархан-газрын тос боловсруулах үйлдвэр’’ төслийн удирдагчаар академич Т.Намжим ажиллаж, энэхүү төслийг Япон улсын Засгийн газрын банк болох Японы олон улсын хамтын ажиллагааны банкны санхүүжилтээр Японы “Тоёо инженеринг” болон “Марубени” корпораци хамтран хэрэгжүүлэх юм байна. Харин монголын талаас ‘’Жаст’’ групп, “Петровис” болон “Магнай трейд” компаниуд ‘’Дархан газрын тос’’ хамтарсан консорциум байгуулан оролцож байгаа аж.
УИХ-аас 2010 оны долдугаар сарын 9-ний өдрийн 45 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд Дархан-Уул аймагт жилдээ 2 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрын болон хувийн хэвшлийн компанийн оролцоотой консорциум байгуулж, үйлдвэрийг барьж эхлүүлэхээр болсон байна.
Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 2 сая тонн түүхий нефть боловсруулж орчин үеийн технологи бүхий, хүний эрүүл мэнд, байгаль орчинд халгүй автобензин, нисэх онгоцны түлш зэрэг 1.7 сая тонн шингэн түлш үйлдвэрлэх аж. Үйлдвэрт 600 хүн ажиллах агаад инженер техникийн 50 ажилтныг Япон улсад, 220 гаруй ажилтныг Японы мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар дотооддоо сургаж бэлтгэх юм байна. 600 сая ам.долларын төсөвт өртөгтэй энэ үйлдвэрийн барилгын ажлыг ирэх онд эхэлж, 2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Үйлдвэр байгуулах хөрөнгийн 80 хувийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банк, үлдэх хэсгийг Монголын талын хамтарсан консорциум гаргах юм байна.
Түүхий тосоо ОХУ-аас авахаар Засгийн газар, агентлаг, компанийн хэмжээнд ярилцаж тохиролцсон, мөн дотоодын олборлох үйлдвэрүүд ч зохих хэмжээний бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой. Гол нь үйлдвэр байгуулах ус, цахилгаан, зам харилцааны сүлжээний өргөн боломжийг харгалзан Дархан-Уул аймгийг сонгож авсан гэдгээ төслийн багийнхан хэлж байлаа.