Дахиад нэг Дарханыг дулаан, эрчим хүчээр хангах нөөц бий
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа нар газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолд оролцсоны дараа ‘’Дарханы дулааны цахилгаан станц’’ хувьцаат компанийн үйл ажиллагаатай танилцав. Төлөөлөгчдийг станцын ажил байдалтай танилцах үеэр тус станцын гүйцэтгэх захирал Б.Мандалбаяр ДЦС-ын үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар танилцуулав.
Дарханы дулааны цахилгаан станц нь ОХУ-д үйлдвэрлэсэн БКЗ-75-39 ФБ маркийн 9 зуух, АТП-12 маркийн 4 турбингенератортой. Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн 35, 110, 220 квт-ийн өндөр хүчдэлийн шугамуудаар холбогдсон. Жилдээ 302,8 сая кВт/цаг цахилгаан эрчим хүч, 1196 мянган Гкал дулааны эрчим хүч боловсруулах хүчин чадалтай. Манай улсын газар тариалангийн үйлдвэрлэл, уул уурхай, хар төмөрлөгийн үйлдвэр хөгжсөн гол бүс нутаг Дархан-Уул аймаг, Дархан-Сэлэнгийн бүс нутгийг цахилгаан эрчим хүчээр, Монголын хоёрдогч том хот-Дарханыг дулааны эрчим хүчээр хангадаг ганц цогцолбор нь юм.
Станцын есөн зуухны зургаа нь 1965 онд, гурав нь1986 онд ашиглалтад орсон. Шаталтын технологи нь завсрын бункертэй тоосон системтэй аж. Шарын голын уурхайн 3917 ккал/кг илчлэгтэй нүүрсэнд тооцоо хийсний үндсэн дээр 2007 оноос хоёр зуухныхаа шаталтын технологийг өөрчлөн нам температурын буцламтгай үет шаталтын технологид шилжүүлэн ашиглаж байгааг захирал танилцуулав. Ер нь одоогийн Дархан хотын дайтай бас нэг хотыг дулаан, эрчим хүчээр хангах бүрэн нөөц бийг тэрээр хэлж байв.
Тус станцын хамт олон өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ зуухны удирдлагыг бүрэн автоматжуулан комьютерийн удирдлагын системд шилжүүлсэн. Дархан хотын иргэд, байгууллагыг цахилгаан, дулаанаар хангах үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа, энэ жил 66 сая төгрөгийн ашигтай ажилласан. Цаашид өөрийн хөрөнгөөр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлуудыг хийж байгаа гэдгээ станцын удирдлагууд танилцуулав.