НББСШУБХ-ны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2016.04.05.Мягмар гараг/ 15 цаг 19 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхлэв.
Байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 8 гишүүн 2012.10.19-ний өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо мэргэжлийн байнгын хорооны хувьд төрийн албан хаагчдын нийгмийн баталгааны асуудлыг хэлэлцэн, санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон байна. Байнгын хорооны хуралдаанд хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү танилцуулга хийв.
Танилцуулгад дурдсанаар, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулж өргөн барьсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд одоо мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулиудад тусгагдсан халамжийн асуудлуудаар төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг бүх төрөл хэлбэрээр нь хэвээр нь хадгалах буюу хүрсэн түвшингээс нь бууруулахгүй байх гэсэн үндсэн зарчмыг баримталж байна. Одоогийн мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн 27,28, 29, 30, 31 дүгээр зүйлээр төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах асуудлыг зохицуулсан. Үүнийг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 34, 35, 36, 37, 38, 39 дүгээр зүйлүүдэд үндсэнд нь хэвээр нь тусгасан. Тиймээс нийгмийн баталгааг одоогийнхоос дордуулж хязгаарласан, хассан зүйл, заалт байхгүй. Мөн Төрийн албаны тухай хуулинд төрийн албан хаагчдын нийгмийн баталгааны үндсэн төрөл, хэлбэр, зарчмыг тусгадаг.
Харин тэдгээрийг төрийн албаны ангилал, салбарын онцлогт тохируулан хэрэгжүүлэхийг салбарын хуулиудаар зохицуулдаг. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл санаанд энэ нь хэвээр тусгагдаж өргөн баригдсан. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэврийн насанд хүрч төрийн албанаас чөлөөлөгдөх тохиолдолд нэг удаа 36 хүртэлх сарын цалинтай тэнцэх буцалтгүй тусламжийг өгч болох тухай зохицуулалт Төрийн албаны тухай хуулинд байдаг. Буцалтгүй тусламж олгох журмыг Засгийн газар баталдаг. 1995-2015 оны хооронд Засгийн газрын таван удаагийн шийдвэр төрийн албан хаагчдын нөхөн төлбөр, тусламж, төрийн жинхэнэ албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийн асуудлыг зохицуулсан.
Түүнчлэн төрийн албаны нийтлэг үйлчилгээний буюу жолооч, харуул, манаач, галч, тогооч, угаагч, сантехникч, ачигч гэх мэтчилэн ТҮ-1-ТҮ-4 хүртэлх зэрэглэлд хамрагдсан 36769 албан хаагч байгаа. Үүнээс эрүүл мэнд, боловсролын салбарт 28375 нь ажиллаж байна. Эдгээр албан хаагчдын нийгмийн баталгааг салбарын хуулиудад тодорхой зохицуулсан. Тухайлбал, Эрүүл мэндийн тухай, Боловсролын тухай хуулиар эмч, багш нар болон эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад төрөөс олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн асуудлыг зохицуулсан байгаа.
Төрийн захиргааны байгууллагын ангилал буюу тухайлбал, аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын албан хаагчдын нийгмийн баталгааны зохицуулалт нь Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хууль, бусад эрх зүйн актаар зохицуулагддаг. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн асуудлыг “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” журам батлах тухай Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор зохицуулсан.Энэхүү тогтоолд Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 338 дугаар тогтоолоор нэмэлт оруулж, Боловсролын тухай хуулийн 43.1.4, 43.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т тус тус заасан төрийн үйлчилгээний албан хаагчид тэтгэмж олгоход уг журмыг баримтлахаар шийдвэрлэсэн” гэлээ.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, Ц.Оюунгэрэл, Ё.Отгонбаяр, Д.Хаянхярваа, Д.Батцогт нарын тавьсан асуултадМонгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо болон ажлын хэсгээс хариулт өгөв. Гишүүдийн зүгээс хуулийн төсөлд бусад улс орны туршлагыг хэр судалж, харгалзан үзэжтусгасан болон өмнөх хуулиас дээрдүүлсэн, өөрчлөлт шинэчлэлт хийгдсэн эсэх, төрийн албан хаагчдын өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тусламж, мэргэжлийн ажилтнуудын нийгмийн асуудал, цалин хөлс зэрэг асуудлыг хөндлөө. Мөн цэргийн ангид энгийн орон тоон дээр ажилладаг эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн халамж хуулийн төсөлд хэрхэн туссан болон Засгийн газрын журамд энэ тухай заалт гээгдэхгүй байх баталгаа байгаа эсэхийг тодотгосон юм.
Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсаны дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, дэмжигдсэн саналуудыг нэгтгэн томьёолж Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргээлэхээр болов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.