2022.10.27

С.Ганбаатар: Салбарын хэлэлцээрээр шийдэх ёстой хуулийн заалт хэрэгжихгүй байна

УИХ-ын чуулганы /2022.10.27/-ны өдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Энэ хуулийг дэмжиж байгаа. Ялангуяа хөдөө орон нутаг, сум, багт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нөхцөл байдал хүнд байгааг бид бүгд мэднэ. 500 мянган орчим төгрөгөөр гол зогоож байна. Цалингаа нэмэгдүүлэхийг бүгд хүсэж байгаа. Нэмэгдүүлбэл төрийн үйлчилгээ, төрийн нэр хүнд сайжирна, хариуцлага дээшилнэ. Одоо баг, сумын төрийн албанд ажиллах хүн олдохгүй асуудал байна.

Энэ хуулийн заалтыг харахад Засгийн газар ерөнхийдөө татгалзсан хариу өгсөн байгаа шүү. Харин УИХ дээр дэмжигдэнэ гэж би найдаж байна. Төрийн албан хаагчдыг 5 жил тогтвортой ажиллавал 6 сарын цалинтай тэнцэх урамшууллыг олгоно гэж байгаа. Хол юм ярьж байна.

Хамгийн гол нь цогцоор нь оруулж ирэх чухал. Өнгөрсөн жилийн суманд ажиллаж байгаа 500 мянган төгрөгний цалинтай хүний цалин энэ жилийн 300 мянган төгрөгний цалинтай ижилхэн болчихоод байгаа юм. Үнийн хөөрөгдөл 200 мянган төгрөгийг идээд, уусан. Цалин, урамшуулах нэмэх гэж буй зүйл биш юм. Төрийн буруутай үйл ажиллагаа, төгрөгийн худалдан авах чадварыг алдсанаас болж цалингаас хулгайлсан зүйлийг бага хувиар нэмэгдүүлье л гэсэн зүйл.

Цалин урамшууллыг оруулж ирж байгаа нь сайн. Гэвч салбарын хэлэлцээрээр ярих заалттай шүү. Салбарын хэлэлцээр ерөөсөө хийхгүй байна. Цалин хөлсийг Засгийн газар, яамдаас нь тогтоож өгөх, заадаг үе өнгөрсөн. Тухайн салбарын хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс, ажил олгогчдын төлөөллүүд хоорондоо зөвлөлдөнө гэсэн Хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтийг хангахгүйг онцлон хэлье.