Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орно
2022.11.10

Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орно

 УИХ-н чуулганы өнөөдрийн \2022.11.10\ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав. 

Улсын Их Хурлаас Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан ба хамгийн сүүлд 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр тус хуулийн 51 дүгээр зүйлд дараах агуулга бүхий 51.3 дахь хэсэг нэмэхээр тусгасан байна.

51.3-д “Аймгийн төвөөс бусад сумын Засаг даргын Тамгын газарт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.” гэж тусгажээ.

Тодруулбал, аймгийн төвөөс бусад сум, тосгон, багт ажиллаж нийгмийн суурь үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа боловсролын салбарын багш, эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан болон төрийн тусгай албаны цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, цэргийн офицер, ахлагчид 5 жил тутам (тасралтгүй ажилласан)-д нь нэг удаа мөнгөн урамшууллыг олгохоор зохицуулалтыг тусгасан аж.