Х.Нямбаатар: Төрийн албаны тухай хуулийг түр хойшлуулах саналтай байна
Өнөөдөр /2017 оны 05 дугаар сарын 04/ УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлын хүрээнд гишүүд санал хэллээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар МУҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулсны дараа энэхүү хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гаргалаа.
Х.НЯМБААТАР: МУҮХ-Д НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АСУУДЛЫГ ДЭМЖВЭЛ ЭНЭ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДАХИН ӨӨРЧЛӨХ ШААРДАГА ГАРАХ УУ?
“Саяхан бид МУҮХ-нд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар анх удаа зөвлөлдөх санал асуулга явуулсан. Зөвлөлдөх зөвлөлөөс өнөө маргаашгүй УИХ-д зөвлөмж хүргүүлнэ. зөвлөлдөх санал асуулгын хүрээнд 6 асуудлаар санал асуулга явуулсан. Үүнээс 2 асуудал нь төрийн албаны тогтвортой байдлын талаар санал асуулга юм.
Хэрэв зөвлөмжийн дүн МУҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг цааш үргэлжлүүлж ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн төслийг дахиад өөрчлөх хэрэг гарах уу?
Та бүгдийн санаачилсан хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төрийн албаны тухай хуулиудыг МУҮХ-ийн өөрчлөлтийн асуудалтай уялдуулах тал дээр ямар судалгааны ажил хийсэн бэ?
Хэрэв зөвлөлдөх санал асуулгын хүрээнд УИХ-аас МУҮХ-д өөрчлөлт оруулах асуудлын төсөл санаачлах ажлын хэсэг гаргаад, цаашид явбал та бүгдийн өргөн барьж байгаа хуулиудыг түр хойш тавьж байгаад, МУҮХ-д орох нэмэлт өөрчлөлттэй уялдуулж, төрийн албаны хууль түүний үзэл баримтлалын асуудал яригдах нь зүйтэй болов уу гэсэн саналтай байна”
Д.ТОГТОХСҮРЭН: ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ САНАА МУҮХ-ИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ УЯЛДАЖ БАЙГАА
“МУҮХ-ийн өөрчлөлтийн асуудлыг сая зөвлөлдөх санал асуулгаар хэлэцсэн. Үүний нэг сэдэв нь төрийн албыг тогтвортой байлгахтай холбоотой асуудал байсан. Хэрэв МУҮХ-нд өөрчлөлт оруулаад, төрийн албыг тодорхойлох асуудал гарвал одоогийн төрийн албаны хуулийн төсөлд тусгасан гэж бодож байгаа. Төрийн албаны өөрчлөлтийн асуудлыг МУҮХ-нд хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр ярьж байна.
Нэгдүгээрт, төрийн албан хаагчдыг хамгийн их халж сольдог зүйл бол бүтцийн өөрчлөлт. МУҮХ-нд яамдын нэрийг тусгаж өгвөл бүтцийн өөрчлөлт хийгдэхгүй гэсэн үг.
Хоёрдугаарт, төрийн албаны зөвлөлийг хараат бус байлгахыг МУҮХ-иар тодорхойлно.
Гуравдугаарт, төрийн албаны мэрийн зарчим, чадавхийн зарчим, улстөрөөс хараат бус, мэргэшсэн байх гэдгийг МУҮХ-нд томъёолж өгнө.
Эдгээр заалтууд МУҮХ-иас өмнө батлагдчихвал дахиж өөрчлөлт орох уу гэсэн асуудал их явж байна. Хэлэлцэх эсэхээ шийдчихээд хэлэлцүүлгийн явцад асуудлыг яриад явж болно. Мөн хуулийн төслийн үндсэн үзэл санаа нь үндсэн хуулийн өөрчлөлтөнд тусгагдна”