2022.07.05

С.Бямбацогт: Төрийн захиргааны анхан шатны байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн асуудлыг анхаарах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.05\ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Анхан шатны нэгж дээр ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагчдын асуудалд энэ хуулиар анхаарсан. Хамгийн бага цалинтай, хамгийн хүнд хүчир ажил хийдэг хүмүүс бол энэ хүмүүс. Тийм боловч нийгмийн баталгаа тодорхойгүй эрсдэлтэй байсан. Энэ хуулиар төрийн үйлчилгээний албан хаагчдыг хамаагүй халж, солих асуудал байхгүй болж байгаа.

Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг төсвийн тодотгол хийхдээ нэмсэн. Гэхдээ хангалттай биш байгаа. Ялангуяа анхан шатны нэгж дээр суманд, дүүргийн засаг даргын тамгын газарт, сургууль, цэцэрлэг, эмнэлэгт ажиллаж байгаа үйлчилгээний албан хаагчдаа илүү анхаарах ёстой. Засгийн газрын бодлого шийдвэр гаргахдаа энэ рүү чиглэсэн дүрэм, журам хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор сайн батлах хэрэгтэй. Нөгөө талаас төрийн албаны Мерит зарчим гэж төрд олон жил ажилласан, туршлагажсан, чадваржсан гэдэг босго шалгуур байх ёстой.

Мөн улс төрийн албан тушаалтнуудыг төрийн захиргааны албан тушаалд дүйцүүлж, тэнцүүлдэг болж байгаа. 20 жил Засаг дарга хийчихээд төрийн захиргаанд орвол анхан шатны хамгийн доод нэгжээс эхлээд ажиллах ийм хуультай байсан үүнийг өөрчилсөн. Энэ хэмжээгээр төрд туршлагатай, төр ард түмнээ гэсэн сэтгэлтэй улс төрийн албан хаагч нар төрд ажиллах боломж нээгдэж байгаа юм. Үүнийг хуулийг хэрэгжүүлэх дээр зөв зохистой ашиглах хэрэгтэй.