2022.10.27

Б.Бат-Эрдэнэ: Засгийн газрын баримталж буй бодлого, чиглэлтэй эл хууль хэр уялдаж байгаа вэ

УИХ-ын чуулганы /2022.10.27/-ны өдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Засгийн газраас баримталж буй ерөнхий чиг шугам бол нэг удаагийн мөнгөн, тусламж урамшууллаас илүү цалин, хөлсийг нэмэгдүүлэх боломж бий болгох, цаашлаад өнөөдөр баримталж буй цалингийн зэрэглэлийг бусад улс, орны жишгээр шинэчлэл хийхээр ярьж байгаа. Тэгэхээр Засгийн газрын баримталж буй бодлого, чиглэлтэй эл хууль хэр уялдаж байгаа вэ?

Бодит байдалд цалин хөлс, нийгмийн баталгаа хангалтгүй байгаагаас тухайн орон тоонд ажиллах хүмүүс дутагдалтай байна. Цалин нь амьдралд хүрэлцэхээргүй нөхцөл, байдалтай байна.

Манай биеийн тамир, спортын салбарт хүндрэлтэй байгаа юм. Засгийн газрын тохируулагч агентлаг БТСУХ 72 хүний орон тоо, бүтэцтэй ажиллах байтал 50 орчим хүнтэй байна. Зарим хэлтэс нэг мэргэжилтэнтэй ажиллаж байгаа жишээтэй. Энэ нь хүний нөөц боловсон хүчний асуудал нийгмийн баталгаа, цалин хөлстэй холбоотой байгаа юм.

Аймаг нийслэл, дүүрэг, улсын биеийн тамирын хороонд ажиллаж буй хүмүүс ерөнхий боловсролын сургууль руу биеийн тамирын багшаар шилжиж ажиллах сонирхолтой. Тэнд цалин арай дээр, нэмэгдэлтэй гэж үзээд шилждэг юм байна. Гэтэл биеийн тамирын багш нь бусад багш нараасаа хамгийн доогуур цалин, хангамжтай гэх зэрэг зүйлүүд байна.

Эдгээр асуудлыг яаж шийдэх вэ? Төрийн байгууллага салбарын ажиллагсдын цалин, нийгмийн баталгаа ялгамжгүй байх, нэгдсэн тогтоцлоо бодлоготой байхад ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ? Цаашдаа үүнийг Засгийн газрын дэвшүүлсэн бодлоготой цогцоор нь авч үзэх хэрэгтэй.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.