2022.07.05

Н.Наранбаатар: Сумдад үүссэн төрийн албаны сул орон тоог яаралтай нөхөх шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.05\ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

УИХ-ын гишүүд орон нутагт ажиллаад ирсэн. Сумын засаг даргын тамгын газрын, төрийн захиргааны албан хаагчдын, орон тоог нөхөхтэй холбоотой асуудал сум болгоноос ирсэн. Бүлгийн хурал дээр үүнийг олон удаа ярьсан.

Төрийн албаны зөвлөлөөс тооцоо, судалгаа хийгээд сумдын сул орон тоог нийтэд нь гаргаад төрийн хоосон, сул орон тоог нөхөх арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тиймээс Т. Энхтүвшин гишүүн бид хоёр Их хурлын даргад саналаа өгсөн.

Ойрын үед тодорхой гаргалгаа, арга хэмжээ авч энэ сумдын сул орон тоог нөхөх ажлыг төрийн албаны зөвлөлөөс хийх шаардлагатай. Сул орон тоо байгаагийн шалтгаан нь суманд төрийн албанд ажиллаж байгаа албан хаагчдад төрийн албаны хуулиараа шаардлага өндөр тавьсан. Төрийн албаны шалгалтын босго оноог нилээд өндөр тавьсан асуудал байгаа. Мөн цалин хөлсний асуудал. Ийм тодорхой шалтгаануудын улмаас сул орон тоо байгаа юм.  Үүнээс болж хөдөө орон нутагт байгаа иргэд төрийн үйлчилгээ авч чадахгүй чирэгдэл үүсэж байгаа учраас үүн дээр төрийн албаны зөвлөлөөс арга хэмжээ авах нь зүйтэй.