2017.05.04

Ж.Бат-Эрдэнэ: Ажил хийх биш халамж хүртэхийн тулд төрийн алба руу хошуурч байна

Өнөөдөр /2017 оны 05 дугаар сарын 04/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн талаар хэлэлцэж байгаа юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажлын хэсэгт орж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ж.БАТ-ЭРДЭНЭ: ТӨРИЙН АЛБАНЫХНЫ ЁС ЗҮЙГ АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

“Төрийн албаны хуулийг тойроод маш их асуудал байдаг. Төрийн нарийн бичгээр ажиллаж байсны хувьд өөрөө ажлын хэсэгт орж ажиллах санал байна. Төрийн алба ямар байх вэ гэдэг зарчмын талаас эхэлж ярих хэрэгтэй.

Нэгдүгээрт, олон түмнийхээ төлөө ажилладаг, төрийн шинэ жанжин шугамаа барьдаг, тангараг өргөсөн албан хаагч байх талаасаа хуулийнхаа бүх өнцгийг олж харах хэрэгтэй. Үүний нэг бол ХАЛАМЖ. Халамжийн асуудал дээр ямар бодлого барьж байгаа вэ?Халамжаа нэмэгдүүлээд, байр саваар хангаж, цалинг нь нэмж, баяр ёслолоор урамшуулдгаас болоод төрийн алба руу хүмүүс шуурч байна.

Үүнээс улбаалаад арын хаалга, танил талаа ашиглан албан тушаалд очдогоос болоод төрийн алба хүчгүйдэж, босго нь хүчингүй болж, төрийн албанд орох сонирхолтой хүмүүсийн зорилго нь өөрчлөгдөж байна.

Халамж авах сонирхолтой хүмүүс л их болж байна. Ажил хийе, бүтээе гэхээсээ илүү төрийн албаны нэг газар орж шигдээд, орон байр, цалинтай амьдрах гэсэн гол зорилготой л болж байна.

Хоёрдугаарт, ёс зүйтэй холбоотой асуудал их байна. Дарга нартайгаа харьцахдаа их сайхан ааштай, доошоогоо дарамталж харьцдаг. Тэгэхээр нөгөө халамжтай холбоотой асуудлаар ажил, амьдралгүй болохгүйн тулд доод албан тушаалтныхан дуугүй өнгөрдөг. Үүнээс болоод ажлаа чин сэтгэлээсээ хийх сонирхолгүй, төрийн алба ч өөрөө явдаггүй, даргынхаа үгээр нохой мэт зүтгээд явж байдаг хүмүүс болж хувирдаг. Иймээс ёс зүйн асуудлыг зөрчлийн тухай хуультай ч юм уу холбож өгөхгүй бол болохгүй.

Гуравдугаарт, төрийн албаны зөвлөлийг чадваржуулах асуудал. Миний мэдэхийн 2012 он хүртэл төрийн албанд ажиллаж байхдаа төрийн албаны зөвлөл гэдгээс их айдаг байсан. Буруу шийдвэр гаргавал албан тушаалтнаасаа халагдах хүртлээ айдаг байсан. 2012 онд засаг солигдоод, төрийн албыг татан буулгах асуудал сөхөгдсөнөөс хойш төрийн албаны зөвлөлийн ажиллах чадвар байхгүй болсон. Тиймээс төрийн албаны зөвлөлийн эрх мэдлийг сайжруулах, босгыг сайжруулах талаар ажил хийх хэрэгтэй.”